Мэдээ мэдээлэл

Гал түймрээс үл хамааран Монголын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөөх дөрөв дэх чуулган өсвөр үеийнхнийг итгэл, нөхөрлөлөөр хүчирхэгжүүлэв.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөөх (ӨҮБББТ) дөрөв дэх чуулган эхлэхээс ердөө нэг сарын өмнө гэнэтийн гамшиг тохиосон юм. Улаанбаатар хотоос хойд зүгт байрлах Дуган Хад амралтын газарт гал гарч, ихээхэн хэмжээний хохирол учирсан бөгөөд зочдын байрладаг 60 гаруй өрөө, гал тогоо, хоолны танхим өртөв. Чуулган хаяанд ирсэн энэ үед хойшлуулахаас өөр аргагүйд хүрээд байв. Харин амралтын газрын эзэд чуулганыг төлөвлөсний дагуу зохион байгуулахын тулд түр байр, хооллох газруудыг бэлтгэхээр шаргуу ажилласан юм. Тэдний уйгагүй хичээл зүтгэлийн ачаар Монгол улс даяарх 350 гаруй өсвөр үеийн хүүхэд 6-р сарын 29-өөс 7-р сарын 3-ны хооронд нэг долоо хоногийн турш суралцаж, нөхөрлөж, сүнслэг байдлаараа өсөж хөгжив.

IMG_5684-Large.jpeg
IMG_5684-Large.jpeg
2026 оны 7-р сард Монгол дахь Дуган Хад амралтын газарт болсон ӨҮБББТ чуулганы үеэр бүх оролцогч зураг авахуулахаар цугларч байгаа нь. 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Таван өдрийн чуулганаар өсвөр үеийнхэн сүнслэг байдал, нийгмийн харилцаа, бие махбод, оюун санаа, үйлчлэлийг тэнцвэртэй хамруулсан хөтөлбөрт оролцлоо. Онцгой цугларалт, хичээл, хэлэлцүүлэг, үйлчлэл, үйл ажиллагаануудаар дамжуулан тэд гэрчлэлээ бэхжүүлж, сайн мэдээний зарчмуудаас суралцаж, манлайлах ур чадварыг эзэмшиж, гэртээ хариад сайн мэдээний дагуу үргэлжлүүлэн амьдрах итгэлийг олж авав.

Олон оролцогчийн хувьд ӨҮБББТ чуулганы хамгийн том адислалуудын нэг нь өөртэйгээ адил итгэл үнэмшилтэй өсвөр үеийнхэнтэй танилцах боломж байв. Монголын ихэнх өсвөр үеийнхэн цөөхөн залуу эрэгтэй, эмэгтэйчүүдтэй жижиг салбарт харьяалагддаг. ӨҮБББТ чуулган нь өсвөр үеийнхэнд жишиг, итгэл үнэмшил нэгтэй бусадтайгаа нөхөрлөх боломжийг олгож, ганцаараа биш гэдгийг сануулсан юм. Өсвөр үеийнхэн энэхүү арга хэмжээг олон сарын турш тэсэн ядан хүлээсэн байв. Хан-Уул тойргийн 14 настай Энхбаяраас ӨҮБББТ чуулганд ирэхийг хүссэн шалтгааныг нь асуухад "Манай семинарын багш надад үүнийг дэлхий дээрх диваажин гэж хэлсэн. Би шинэ найзуудтай болж, юу болдгийг мэдэхийг тэсэн ядан хүлээж байсан" гэв.

Уг чуулганыг удирдан явуулсан Адъяаболд ах, Туул эгч хоёр нэг жилийн өмнө чуулганы удирдагч хосоор дуудагдсан юм. Тэд дуудлагаа хүлээн авсан даруйдаа хороодыг зохион байгуулж, чуулганыг бүх талаас нь бэлтгэх сайн дурын багийг бүрдүүлж эхэлсэн аж. Адъяаболд ах “Бид хороодын гайхалтай гишүүд, зохицуулагч, зөвлөхүүдийн тусламжгүйгээр энэ ажлын ард гарч чадахгүй байсан. Бусад бүх зохион байгуулалтын ажлыг шийдсэн байсан тул бид ӨҮБББТ чуулганы сүнслэг хэсэгт төвлөрөх боломжтой байсан" гэж хэлсэн.

Imports---166-of-297-Large.jpeg
Imports---166-of-297-Large.jpeg
2026 оны 7-р сард Монгол дахь Дуган Хад амралтын газар болсон ӨҮБББТ чуулганы удирдагч хосоорч үйлчилсэн Адъяаболд ах, Туул эгч хоёр. 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Imports---292-of-297-Large.jpeg
Imports---292-of-297-Large.jpeg
2026 оны 7-р сард Монгол дахь Дуган Хад амралтын газар болсон ӨҮБББТ чуулганы Ложистикийн хороог хариуцан ажилласан Пүүжээ эгч.
Download Photo

Арга хэмжээ болохоос олон сарын өмнөөс арын алба шаардлагатай "нэмэлт зүйлсээ" нягтлан төлөвлөсөн байв. Ложистикийн хорооны дарга Пүүжээ эгч болон хорооны 10 сайн дурын гишүүн өнгөрсөн 2-р сард бэлтгэл ажлаа эхэлсэн.

Тэдний хариуцсан үүрэгт арга хэмжээ зохион байгуулах газрыг баталгаажуулах, тээвэр зохицуулалт, бүртгэл зохион байгуулалт, зууш хүргэлт зэрэг чуулганыг зохион байгуулахад шаардагдах тоо томшгүй ажил багтаж байв. Пүүжээ эгч “Багийн хамтын хүчин чармайлтын ачаар бид бүх зүйлийг амжилттай зохион байгуулж чадлаа. Бид бүх зүйлийг амжуулахын тулд 2-р сараас ажиллаж эхэлсэн" гэв.

Чуулганы өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг хүлээсэн ганц бие залуу зохицуулагчдаас бүрдсэн хичээнгүй хамт олон өсвөрийн чуулганыг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэд долоо хоногийн турш онцгой цугларалтуудыг хөтөлж, үйл ажиллагаануудыг зохион байгуулж, өсвөрийн хүүхэд бүрийг дотноор хүлээн авч, идэвхтэй оролцуулж, урам өгсөн орчныг бүрдүүлэхэд гар бие оролцсон юм. Мөнх-Оргил ӨҮБББТ чуулганы зохицуулагчаар үйлчилсэн талаараа ярихдаа "Би энэ туршлагаас төсөөлж байснаасаа хамаагүй дээр мэдрэмжийг авсан бөгөөд удирдагч байх талаар олон зүйл сурсан. Би өсвөр насны хүүхдүүдтэй ойр дотно ажилласнаар хүн бүрийг хайрлаж, хамруулах нь хэчнээн чухал болохыг ойлгосон" гэв.

Адъяаболд ах, Туул эгч хоёрын удирдсан онцгой цугларалтаас өмнө тэд эхлээд хувиараа судраас судалж, дараа нь жижиг бүлгүүдээр суралцаж өглөөг эхэлж байв. Эдгээр өдөр тутмын сүнслэг үйл ажиллагаа нь өсвөр үеийнхнийг Есүс Христтэй харилцах харилцаагаа гүнзгийрүүлэхэд урихаас гадна өдөр тутмын суралцах үйл ажиллагаанд нь бэлтгэсэн. Эдгээр өдөр тутмын цугларалт нь баптисм саяхан хүртсэн шинэ гишүүн Түшигийг хүчирхэгжүүлсэн байв: "Надад өглөө бүр удирдагч хосын хичээлийг сонсох хамгийн их таалагдсан. Энэ нь тухайн өдрийн гайхалтай эхлэл болсон. Өдөр тутмын хуваарь нь надад номлолд байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байсан. Би хурдхан номлолд үйлчилмээр байна!" гэж тэр хэлэв.

Чуулганы үеэр Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ахлагч Ким, Бүсийн далын гишүүн, ахлагч Одгэрэл зэрэг онцгой зочид хүрэлцэн ирж, бие даах чадвар, боловсрол, Сүмийн дуудлагад үйлчлэх, номлолын ажил зэрэг сэдвээр өсвөрийнхөнд сургалт өгөв. Тэдний захиас сайн мэдээ амьдралынх нь тал бүрийг хэрхэн чиглүүлж болохыг олж харах урам зориг болов.

Амралтын газар ирснийхээ дараа өсвөрийнхөн Мосегоос ерөнхийлөгч Даллин Х.Өүкс хүртэлх бошиглогчдын нэрсээр нэрлэгдсэн бүлгүүдэд хуваагдав. Тэд долоо хоногийн турш тухайн бошиглогчийн амьдрал, сургаалын талаар судалж, сурсан зүйлсээ илтгэсэн туг урлажээ. Дараа нь бүлэг бүр чуулган дээр тугаа танилцуулж, тухайн бошиглогчийн үзүүлсэн итгэл, шавь байх үлгэр жишээний талаар заав.

Бүлэг бүрийг ӨҮБББТ чуулганд зүрх сэтгэлээ зориулан үйлчилсэн зөвлөх удирдаж, зөвхөн хэлэлцүүлэг, үйл ажиллагааг удирдан явуулахаас хавьгүй их зүйлийг хийсэн юм. Тэд хүүхэд бүрийг оролцоотой байлгах, хооронд нь нөхөрлүүлэх, үйл ажиллагаануудад оролцуулах, чуулганы нэг хэсэг гэдгийг нь мэдрүүлэхийн тулд хичээнгүйлэн ажилласан. Тэдний сайхан сэтгэл, урам зоригийн ачаар олон өсвөр үеийн хүүхэд тухтай бүсээсээ гарч, бүлгийнхээ чухал хэсэг болох итгэлийг олж авав. Зөвлөх Буян-Өлзий "Надаас зөвлөхөөр ажиллах уу гэхэд би маш их догдолсон. Би 14 настнуудыг хариуцна гэдгээ сонсоод сандарсан ч тэд маш сайн байсан. Тэд хөгжилтэй, маш сүнслэг, хүн бүрд хүндэтгэлтэй хандаж байв. Өсвөрийнхнийг нэг бүрчлэн анхаарч халамжлах ихээхэн үүрэг хариуцлага хүлээсэн удирдагч байх нь амаргүй байсан ч энэ чуулган надад гайхалтай туршлага болж үлдсэн" гэж тэр хэлэв.

Хөгжилтэй байдлаар сайн мэдээний зарчмуудыг заах зорилготой багийн эв нэгдлийг бэхжүүлэх тоглоом, чөлөөт цагийн үйл ажиллагаануудад хүүхдүүд оролцохын хэрээр хоорондын нөхөрлөл нь улам бат бөх болж байлаа. Монгол орны өнцөг булан бүрээс ирж, анх удаа бие биеэ харж буй хүүхдүүд хоорондоо нэг баг болсон нь ӨҮБББТ чуулган дууссаны дараа урт удаан хугацаанд үргэлжлэх нөхөрлөлийнх нь суурь болсон юм.

Чуулганы долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг нь авьяас шоуны үдэш байлаа. Өсвөрийнхөн бусдыгаа дэмжихийн хажуугаар дуулж хөгжимдөх, бүжиглэх зэргээр өөрсдийн авьяасыг урам зориг дүүрэн хуваалцав. Энэ авьяас шоуны үдэш оролцогч бүрийн онцгой авьяас чадвар биднийг гайхшруулахын зэрэгцээ хайр, итгэл, нэгдмэл, байдлыг мэдрүүлж байлаа.

Imports---207-of-297-Large.jpeg
Imports---207-of-297-Large.jpeg
Монголын ӨҮБББТ чуулган дээр оролцогчдын нэг уламжлалт хөгжмийн зэмсэг болох морин хуур тоглож байгаа нь, 2026 оны 7-р сар.
Download Photo

Галын улмаас үүссэн бэрхшээлүүдийг үл харгалзан амралтын газрын хамт олон оролцогч бүрд тав тухыг мэдрүүлэх үүднээс онцгой хүчин чармайлт гаргасан юм. Хүн бүрд хамтдаа хооллох боломжийг олгохын тулд галд сүйдсэн хоолны танхимыг том цагаан асраар сольсон байлаа. Чуулганы долоо хоногийн турш ажилтнууд түр гал тогооноос амттай хоолнуудыг бэлтгэн гаргаж, асарт сайн дурынхны зассан ширээн дээр хүн бүрийн өмнө хүргэж байв. Тэдний цуцашгүй хүчин чармайлтын ачаар оролцогч бүр зочломтгой байдал, тав тухыг мэдэрч байлаа.

Чуулган өндөрлөхөд олон өсвөр үеийн хүүхэд олон сайхан дурсамж өвөртлөн гэртээ харив. Тэд Есүс Христийн талаарх илүү бат бөх гэрчлэлтэй болж, Түүний шавийн хувьд өөртөө итгэх итгэлийг олж, Монгол даяарх тойрог, салбартаа үйлчлэх үед нь цаашид ч тэднийг хүчирхэгжүүлэх нөхөрлөлийг бий болгов. Сансар тойргийн 16 настай Б.Цэгцүүнээс ӨҮБББТ чуулганаас юу ойлгож авсан талаар нь асуухад "Би сүүлийн үед ням гарагт сүмдээ очиж чадаагүй. Харин энэ чуулган дээр сүнсийг мэдэрсэн болохоор ням гараг бүр сүмдээ явна гэж шийдсэн" гэж хариулжээ.

Чуулганы амжилтыг дүгнэн хэлэхдээ Адъяаболд ах гэнэтийн сорилт бэрхшээлийг даван туулж, чуулганыг амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан сайн дурынхан, зөвлөхүүд, зохицуулагчид, Сүмийн удирдагчид, амралтын газрын ажилтнууд, хорооны гишүүд гэх мэт олон хүний итгэл, чин сэтгэлийн үйлчлэлд талархал илэрхийлэв. "Энэ долоо хоногийг амжилттай дуусгахын тулд хүн бүр өөрт оногдсон үүргээ биелүүлсэн. Бүх зүйл сайхан болж өнгөрлөө. Хүүхдүүд ч, зөвлөхүүд ч, бид ч сэтгэл хангалуун байна!" гэж тэр хэлэв.

ӨҮБББТ чуулганыг бараг хойшлуулах шахсан гал түймэр олон хүний санаанд тод үлдэх байх. Гэвч оролцсон өсвөр үеийнхний сэтгэлд байгуулсан нөхөрлөл, Есүс Христийн талаарх гэрчлэл, Түүнтэй ойртоход тусалсан сүнслэг туршлагууд нь хамгийн үнэ цэнтэй дурсамж болж үлдэнэ. Тэд итгэлээ сэргээн, удаан үргэлжлэх нөхөрлөлийг өвөртлөн, гэр орон, тойрог, салбар, амьдардаг газартаа сайн мэдээний дагуу амьдрах итгэл үнэмшилтэйгээр харьцгаалаа.