Мэдээ мэдээлэл

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагаас “Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв”-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хандивлан хүлээлгэн өглөө.

Энэхүү хандив нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан А.Баярын санаачилгаар хэрэгжиж буй бөгөөд олон мянган эх, хүүхдэд бодитой үр өгөөж хүртээнэ гэдгийг хүлээн авч буй талын төлөөлөл онцлон тэмдэглэлээ.
Арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч А.Баяр, Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын төлөөлөгчид, болон Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн удирдлага нар оролцов.
Хандивын хүрээнд дараах тоног төхөөрөмж, хэрэгслийг нийлүүлэв:
--Өндөр давтамжит түлэгч генератор – 1 ширхэг
--Сувилагчийн тэрэг – 2 ширхэг
--Каталка – 2 ширхэг
--Алхуулагч – 2 ширхэг
--Даралтны аппарат – 1 ширхэг
--Тэргэнцэр – 6 ширхэг
--Өвчтөний сандал – 125 ширхэг
Эдгээр тоног төхөөрөмжийг нийлүүлснээр тус төвийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаас гадна хэвтэн эмчлүүлэгчдийн ая тухыг нэмэгдүүлэх, улмаар эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин, багаж хэрэгслийн хангамжийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа билээ.

ЭХЭМҮТ-ийн их эмч Б.Батсайхан хэлэхдээ:

“Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Манай Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт эмэгтэйчүүдийн хавдрын тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай, бага зүслэгээр эмчлэх боломжтой, бичил долгионы дулааны үйлчлэл бүхий энэхүү төхөөрөмжийг хандивласанд гүнээ талархаж байна. Манай эмнэлэг жилд дунджаар 14–16 мянган мэс засал хийдэг бөгөөд үүний 1000–1500 орчим нь эмэгтэйчүүдийн мэс засал байдаг.

Цаашид бид үйлчлүүлэгч төвтэй, аюулгүй, бага гэмтэл үүсгэдэг эмчилгээний шинэ технологиудыг нэвтрүүлэхээр зорьж байна. Үүнд бичил долгионы дулааны аргаар хавдрын ургалтыг дарангуйлах болон судсан дотуурх мэс заслын аргаар хавдрыг тэжээж буй судсыг бөглөх зэрэг дэвшилтэт арга технологи багтана. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий тоног төхөөрөмжийг хандивласан та бүхэндээ дахин талархал илэрхийлье.”

Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжин хамтран ажиллаж буй байгууллага, хамтран зүтгэгчид, төлөөлөгчдөдөө талархал илэрхийлье.