Мэдээ мэдээлэл

Илүү ариун арга замаар тохинуулах нь

2018 оны 4-р сард ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “илүү шинэ мөн илүү ариун нандин тохинуулах арга хэрэгслийг” зарласны дараа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд илүү Христийнхтэй адил арга замаар тохинуулахыг эрэлхийлсээр ирсэн. Тохинууллын туршлагаа хуваалцах тухай сүүлд хүлээн авсан урилгынхаа дагуу Азийн хойд бүсийн гишүүд хувийн илчлэл, даруу үйлчлэлийн талаар болон итгэлийг бэхжүүлэх, удаан үргэлжлэх харилцааг тордох, хувь хүмүүсийг нэг нэгээр нь адислах Христийнхтэй адил хайрын энгийн хэрнээ хүчирхэг жишээнүүдийг хуваалцсаар байна.

Утга төгөлдөр тохинуулал нь ихэнхдээ даруу, хувь хүнд чиглэсэн, тууштай байдаг хэмээх нийтлэг загварыг хүмүүсийн хуваалцсан түүхүүдээс харж болохоор байгаа юм. Итгэлтэй тохинуулагчид хувь хүн бүрийн хэрэгцээг ойлгохыг эрэлхийлж, хүмүүст өөрсдийг нь мартагдаагүй, хамт олны нэг хэсэг мөн хайрлагдсан гэдгийг нь мэдрүүлэх энгийн арга замуудаар үйлддэг.

Нэгэн эмэгтэй найздаа Ерөнхий чуулганы “Зохистой байна гэдэг нь ямар ч дутагдалгүй гэсэн үг биш” хэмээн заасан захиасыг илгээх өдөөлтийг мэдэрчээ. Түүний захиас яг зөв цагтаа очив. Хожим түүний найз тэрхүү захиас удаан хугацааны турш үйлдсэн залбирлынх нь хариулт болж, өөрт нь тусламж эрэлхийлэх мөн илүү их амар амгалан дунд урагш тэмүүлэх зоригийг өгсөн талаар хуваалцсан ажээ.

Хүнд хэцүү үеийг туулж буй залуу эмэгтэйн хажууд нэгэн удирдагч суугаад амар амгалан, эдгэрлийг мэдрүүлсэн "Хаана амар тайван байна?" хэмээх дууллыг намуухнаар дуулжээ. Олон жилийн дараа тэрхүү залуу эмэгтэй бусдад мөн адил арга замаар тусалдаг удирдагч болсон аж.

Заримдаа гайхал төрүүлэм энгийн арга замаар тохинуулах боломж байдаг. Нэг гишүүн өөр нэг гишүүнд хатаасан илжгэн чих аваачиж өгөх ер бусын өдөөлтийг мэдэрчээ. Гайхан угтсан мөнөөх гишүүн яг ийм бэлэг авахыг хүсэж байсан талаараа хэлсэн байна. Энэ нь өчүүхэн жижиг мэт санагдах дохио нь Бурхан хүн бүрийн бодол мэдрэмж, хэрэгцээнд санаа тавьдаг гэдгийг сануулсан явдал байв.

Тохинуулал нь ганц удаагийн үйлдэл бус харин байнгын харилцаа холбоог хадгалах явдал гэдгийг олон жишээнээс харж болно. Нэгэн семинарын багш суралцагчидтайгаа уулзах, төрсөн өдрийн бэлэг өгөх, хамт судраас суралцах, тэднийг нэг бүрчлэн урамшуулах зорилгоор хол зам байнга туулдаг байсан аж. Нэгэн залуу эрэгтэй эхэндээ семинарт явах нэг их сонирхолгүй байсан хэдий ч багшийнх нь түүнийг гэсэн хувиршгүй хайр халамж, анхаарал түүнд сайн мэдээнээс суралцах хүсэлтэй болоход нь тусалжээ. Цаг хугацааны явцад тэр семинараа дүүргэж, номлолд үйлчилж, хожим нь ариун сүмд гэрлэсэн байна.

Олон түүх нь тодорхой нэг үүрэг даалгавар эсвэл үйл явдлын дараах удаан хугацаанд үргэлжилсэн харилцаа холбооны тухай өгүүлж байгаа юм. Өсвөр үеийнхний чуулганы зөвлөхөөр үйлчилсэн ганц бие залуучууд мессеж, судар судлах бүлгүүд, ариун сүмд орох болон нөхөрлөлийн энгийн үйлдлүүдээр дамжуулан өсвөрийнхөнтэй холбоотой байдаг. Нэг долоо хоногийн өрнөлөөр эхэлсэн үйл явдал ихэнхдээ нэгэндээ урам зориг, зөвлөгөө өгөх олон жилийн нөхөрлөл болж хувирдаг.

Тохинууллын үүрэг даалгавар нь өсөж буй үеийнхнийг оролцоогоор дамжуулан бэхжүүлдэг. Насанд хүрэгчид тэдэнд бусдыг халамжлах нь амьдралдаа хожим бус харин одоо хийж болох зүйл гэдгийг ойлгоход нь зорин тусалж, тэдэнтэй жинхэнэ хамтрагчийн хувиар хамтран ажилладаг. Бүс даяар залуу эмэгтэйчүүд, залуу эрэгтэйчүүд, ганц бие залуучууд нөхөрлөл, үйлчлэлийн энгийн үйлдлүүдээр дамжуулан бусдад найрсаг хандаж, хамт олны нэг хэсэг мөн дэмжиж туслах хүмүүс байгаа гэсэн мэдрэмжийг авахад тусалдаг. Нэг жишээ дурдахад, хэсэг залуу эрэгтэй эрүүл мэндийн ноцтой асуудалтай ахмад гишүүддээ хүмүүс тэднийг мартаагүй бөгөөд хайрладаг гэдгийг мэдрүүлэхийн тулд гараар бичсэн ил захидал, урам зориг өгөх захиас бэлджээ.

Нэгэн цугларалт дээр өсвөр үеийнхэн сургууль, ирээдүйн төлөвлөгөө, хувийн асуудлуудынхаа талаарх зовнилоо нээлттэй ярилцсан байна. Тэд нэгнээ сонсож, нэгэндээ урам өгч, бусдынхаа төлөө залбирах амлалтыг өгснөөр тохинуулал нь өөрсдийнх нь адил амьдралын сорилт бэрхшээлийг туулж буй хүмүүсээс ирдэг болохыг харуулсан юм.

Олон хүчин чармайлт нь хүмүүст сайн мэдээгээр илүү бүрэн дүүрэн амьдрахад нь туслахад төвлөрдөг. Зарим нэг ахмад настанд ариун сүм рүү явах тээврийн хэрэгсэл олоход хүндрэлтэй болсныг анзаарсныхаа дараа нэгэн эгч тогтмол явах унаа зохицуулж, тэдэнд нөхөрлөх боломжийг гаргаж өгчээ. Түүний хичээл зүтгэл олон хүнд ариун сүмд дахин бишрэн шүтэх мөн өөр газарт бараг л уулзах боломжгүй найз нөхөдтэйгээ уулзах боломжийг олгожээ.

Өөр нэгэн итгэлтэй эгч сар бүр ариун сүмд орохын тулд хол зам туулдаг. Гэсэн хэдий ч түүний сэтгэлд хамгийн ихээр хоногшсон үйлчлэлүүдийн нэг нь бага насны хүүхдүүдээ харж хандах хүнгүйн улмаас ариун сүмд бишрэн шүтэхэд нь хүндрэл тулгардаг нэгэн залуу хосыг анзаарах үед тохиолдсон аж. Тэднийг ёслолд хамтад нь оролцуулахын тулд тэр эгч төлөвлөгөөгөө хойш тавин, хүүхдүүдийг нь харж өгсөн байна. Ийн үйлдсэнээр тэр тохинуулах гэдэг нь ихэнхдээ өөр хүний хэрэгцээг өөрсдийнхөөсөө дээгүүр тавих гэсэн үг болохыг харуулсан юм.

Өөр нэг жишээнд, нэгэн удирдагч олон арван жилийн турш сүмд ирээгүй идэвх султай гишүүн дээр зочлох өдөөлтийг мэдэрчээ. Гэрт нь очиход хүн байгаагүй тул тэр холбоо барих мэдээллээ бичсэн жижигхэн цаас үлдээв. Хэсэг хугацааны дараа, амьдрал нь амаргүй байх үеэр мөнөөх гишүүн цаасыг олж хараад, сүмд эргэн очихоор шийдсэн аж. Одоо тэр сүмд тогтмол очдог бөгөөд ариун сүмд дахин ордог болохоор бэлтгэж байна.

Хүмүүсийн хуваалцсан түүхүүдээс харахад тохинууллын үеэр сэтгэл хөдөлгөм мөчүүд ховорхон тохиолддог ажээ. Ихэнхдээ тохинуулал нь зөв цагт илгээсэн зурвас, намуухан дуулсан дуулал, унаагаар хүргэж өгөх, гараар бичсэн тэмдэглэл, сэтгэл гаргасан бэлэг, олон жилийн турш тэвчээртэйгээр өгсөн урам зориг зэргээс бүрддэг. Үйлчлэлийн эдгээр энгийн үйлдэл нь өчүүхэн зүйл мэт санагдаж болох ч хүмүүс өөрсдийг нь анзаардаг, хайрладаг, мартаагүй гэдгийг мэдрэхэд нь бусдад тусалдаг.

Азийн хойд бүсийн туршлагуудаас харахад тохинууллын урт хугацааны үр жимс нь зөвхөн үзүүлсэн үйлчлэлээс гадна бий болгосон бат бөх харилцаа, бэхжүүлсэн итгэл найдвар, амьдралд чимээгүй ирсэн адислалуудаас харагддаг байна. Дээрх сүнслэг, Христийнхтэй адил хайр, үйлчлэлээр дамжуулан гишүүд ерөнхийлөгч агсан Нэлсоны танилцуулсан "илүү шинэ мөн илүү ариун нандин тохинуулах арга хэрэгслийг" бодитоор ашиглаж байна.