Мэдээ мэдээлэл

Мод тарих ажил үргэлжилсээр байна

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачилсан мод тарих арга хэмжээ өнөөдөр тус дүүрэгт байрлах Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран иргэдийн аюулгүй байдал, сайн сайхны төлөө чиглэсэн олон ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаад хамтран гацуур, гүйлс, монос, голт бор зэрэг нийт 200 орчим мод тарьсан бөгөөд үүнд сүмийн гишүүд, сайн дурынхан дүүргийн төлөөлөгчид болон Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Сүмийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжиж эхэлсэн цагаас идэвхитэй оролцож ирсэн бөгөөд одоогийн байдлаар 60 гаруй га талбайд ойн нөхөн сэргээлт, мөн хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр мод тарьж, байгаль орчныг хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулсаар байгаа билээ.