Саяхан нэгэн иргэний Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар явуулсан хэд хэдэн гүтгэлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацагдсан.
Эдгээр гүтгэлэг нь баримтаар нотлогдоогүй төдийгүй Сүмийн сургаал, зан үйл, үнэт зүйлсийг гуйвуулсан агуулгатай байна. Сүм үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг хэдий ч тодруулга хүсч буй хүмүүст үнэн зөв мэдээллийг хүргэх нь чухал хэмээн үзэж байна.
Монголын төдийгүй дэлхий даяарх Сүмийн үйл ажиллагаанууд нь шүтлэг бишрэл, гэр бүлийн амьдрал, хүмүүнлэгийн тусламж, боловсрол болон нийгэмд хандсан үйлчлэлүүд дээр төвлөрдөг. Эдгээрийг хамтын ажиллагаатай байгууллагууд болон эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг бөгөөд шашны харьяалал, итгэл үнэмшлээс үл хамааран хувь хүн, нийгэмд үр өгөөжөө хүртээхэд чиглэдэг.
Дараах баримтууд нь олон нийтийн дунд тарсан зарим ноцтой гүтгэлэгт хариу өгөх болно:
Худал мэдэгдэл:
Сүм тухайн иргэний охины бүх зардлыг нь төлж АНУ-д боловсрол эзэмшүүлнэ гэж амласан.
Баримт:
Сүмийн боловсролын боломжууд нь суралцагч бүрийн чадвар, шалгуурт тэнцэх эсэхэд үндэслэн олгогддог бөгөөд Сүмд элсэхтэй ямар ч холбоогүй болно.
Сүмийн харьяа их сургуулиуд болон хөтөлбөрүүд нь дэлхий даяарх олон боловсролын байгууллагын нэгэн адил өрсөлдөөн өндөртэй академик эсвэл спортын тэтгэлэг олгох боломжтой бөгөөд эдгээр нь Сүмийн гишүүнчлэл болон шашны амлалттай холбогдолгүй.
Сүмээс гаргадаг цорын ганц урилга нь Есүс Христийн тухай суралцаж, хувийн итгэл үнэмшлийнхээ дагуу Түүний сургаалыг дагах явдал юм.
Худал мэдэгдэл:
Сүм эмэгтэйчүүдийг, ялангуяа Сүмийн удирдагчдын олон эхнэрийн нэг болохыг дэмждэг бөгөөд шаарддаг.
Баримт:
Сүм эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын гэрлэлт Бурханаас томилогдсон гэсэн үндсэн сургаалтай. Олон эхнэртэй байх нь Сүмийн сургаалийн хувьд тэр, улс орны хуулиар ч тэр
хатуу хориотой бөгөөд энэ сургаалыг зөрчсөн гишүүн эсвэл удирдагчийн хэнд ч бай Сүм сахилгын арга хэмжээ авдаг. Энэ жишиг бүх хүнд ямар ч тохиолдолд адил тэгш үйлчилдэг.
Худал мэдэгдэл:
Сүмийн одоогийн ерөнхийлөгч 56 эхнэрийнхээ хамт Хавай мужид амьдардаг.
Баримт:
Энэ мэдэгдэл худал. Сүмийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс 1952 онд Жьюн Диксон Өүкстэй гэрлэж, 1998 онд түүнийг насан өөд болох хүртэл ханилан амьдарсан. Тэрээр хожим нь 2000 оны 8-р сард Кристэн Макмэйн Өүкстэй гэр бүл болсон. Тэр өөр хүнтэй гэрлээгүй бөгөөд Юта мужийн Солт Лэйк хотод амьдардаг.
Худал мэдэгдэл:
Эмэгтэйчүүдийг Сүмийн удирдагч болон номлогчдод хүүхэд төрүүлж өгөхийг шаарддаг.
Баримт:
Энэ мэдэгдэл худал. Сүм үр хүүхэд бол ариун нандин адислал бөгөөд гэр бүлийн амьдралтай холбоотой аливаа шийдвэр нь хуулийн дагуу гэрлэсэн эхнэр, нөхрийн хувийн асуудал гэж үздэг. Албадлага, мөлжлөг, хүчирхийлэл нь Сүмийн сургаалтай огт нийцдэггүй зүйлс.
Худал мэдэгдэл:
Итгэлтэй эрэгтэй хүнд диваажинд далан онгон эмэгтэй оногдоно.
Баримт:
Сүм ямар ч ийм итгэл үнэмшлийг баримталдаггүй.
Сүмийн баримталдаг хамгийн дээд зарчим бол эрэгтэй, эмэгтэй хүн гэрлэж, Бурханы зарлигуудын дагуу амьдарч, хосын хувьд мөнхөд хамтдаа байх боломжтойг заах явдал юм.
Худал мэдэгдэл:
Сүм кофе, цай уухыг хориглодог бөгөөд кофе, цай ууснаар Бурханы хатуу шийтгэлийг хүртэнэ гэж заадаг.
Баримт:
Сүм гишүүдийг архи, тамхи, кофе, цай, хууль бус мансууруулах бодис зэрэг хортой эсвэл донтуулдаг бодисоос зайлсхийхийг уриалдаг. Эдгээр сургаал нь бие бялдар болон оюун
санааны сайн сайхан байдлыг дэмжих зорилготой. Эдгээр бодисыг хэрэглэснээр Бурханы хатуу шийтгэлийг хүртэнэ гэж заадаггүй.
Худал мэдэгдэл:
Сүм мөнгө угаадаг мөн залуу эмэгтэйчүүдийг хамруулсан ёс бус харилцааг хөхиүлэн дэмждэг.
Баримт:
Сүм бэлгийн цэвэр ариун байдал, ёс суртахууны зарчмыг хатуу баримталдаг бөгөөд дотно харилцаа нь зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүст зориулагдсан гэж заадаг.
Сүмийн санхүүг хатуу удирдлага, хууль тогтоомжийн дагуу удирдан явуулдаг бөгөөд Сүм хууль бус санхүүгийн үйл ажиллагаанд оролцдоггүй.
Хандивыг Сүмийн үйл ажиллагааг дэмжих, цуглааны байр болон ариун сүмүүдийг барих мөн Монголын нийгэмд үр өгөөжөө өгч буй олон хүмүүнлэгийн тусламжийг хэрэгжүүлэхэд ашигладаг.
Төгсгөлийн мэдэгдэл
Тухайн иргэний явуулсан бүх гүтгэлэг үндэслэлгүй худал болно. Түүний мэдэгдлүүдийг шүүх болон холбогдох төрийн байгууллагууд удаа дараа хянаж, үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон.
Бид Христийн сүмийн хувьд үнэн, шударга ёс, ил тод байдлыг эрхэмлэдэг. Бид олон нийтэд өөрсдийн хэн болох мөн өөрсдийн баримталдаг үнэт зүйлсийн талаар тодорхой ойлголт өгөхийг эрмэлздэг.
Бид тухайн иргэнд үргэлж тэвчээр, сайн санааны үүднээс хандаж, түүнийг ойлгох олон удаагийн оролдлого хийсэн. Харамсалтай нь энэ бүх хүчин чармайлт талаар өнгөрсөн юм.
Энэ иргэний үйлдэл үргэлжлэн, улам даамжирч байгаатай холбогдуулан бид Сүмийн гишүүд, ажилтнуудын аюулгүй, амар тайван байдлыг хангах зорилгоор зохих арга хэмжээ авахад хүрсэн бөгөөд эдгээр мэдэгдэл үндэслэлгүй худал болохыг дахин баталгаажуулж байна. Бид тус иргэнээс мөнгөн хохирол нэхэмжлэхгүй бөгөөд зөвхөн буруу ташаа мэдээлэл тараах үйлдлээ зогсоохыг хүсч байна. Бид аливаа асуудалд энх тайванчаар хандах, хууль ёсыг сахих зарчмууддаа төдийгүй Монголын нийгмийн сайн сайхны төлөөх зорилгууддаа үргэлжлүүлэн тууштай байх болно. Сүм ил тод байдлыг хангах, бодит үнэн зөв мэдээллийг эрхэмлэх мөн төрийн байгууллагууд болон нийгэмтэй энх тайванч хамтын ажиллагааг хадгалахад чиглэн ажилладаг.
Бид сүмийн итгэл үнэмшил, зан үйлтэй холбоотой үнэн зөв мэдээлэл авахыг хүссэн бүх хүнийг Сүмийн албан ёсны эх сурвалжид хандах эсхүл Сүмийн олон нийттэй харилцах албатай холбоо барихад урьж байна.