Мэдээ мэдээлэл

Монголын ганц бие залуучууд үйлчлэлд төвлөрсөн жил тутмын чуулганд оролцов

Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 160 гаруй ганц бие залуучууд 7-р сарын 31- нээс 8-р сарын 2-ны хооронд Ресорт Ворлд Тэрэлж зочид буудалд жил бүр зохион байгуулагддаг Монголын Ганц бие залуучуудын чуулганд оролцов. Гурван өдрийн турш үргэлжилсэн энэ арга хэмжээ нь оролцогчдод итгэлээ бэхжүүлэх, шинэ ур чадвар хөгжүүлэх, нөхөрлөлөө бататгах, бусдад үйлчлэх боломжийг олгосон. Энэ жилийн “Христ дотор хамтдаа үйлчлэх” уриа нь оролцогчдыг бусдын хэрэгцээнд анхаарлаа хандуулахад урамшуулсан. Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл чуулганы зохицуулагч хосоор Эрдэнэт хотын П. Эрдэнэбилэг ах, Ш. Халиунаа эгч нарыг дуудсан юм. Тэд залуучууд болон орон нутгийн удирдагчдаас бүрдсэн хороотой хамтран энэхүү арга хэмжээг төлөвлөн зохион байгуулав.

Imports---8-of-144-Large.jpegDownload Photo

Чуулганы хамгийн онцлог ажлуудын нэг нь өргөн хүрээг хамарсан үйлчлэлийн төсөл байсан. Оролцогчид хамтран Монгол орон даяар тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд зориулан 1,500 цүнхийг хичээлийн хэрэгслээр дүүргэв. Энэхүү туршлага нь оролцогчдод бие биетэйгээ илүү ойр дотно танилцаж, мөр зэрэгцэн үйлчлэх үнэ цэнтэй боломжийг олгосон юм. “Үйлчлэх нь анхаарлаа бусдад хандуулж, тэдний хэрэгцээг олж харахад сургахаас гадна ирээдүйн ханьдаа байхыг хүсдэг сайн чанаруудыг бусдаас анзаарах боломжийг олгодог. Хүмүүстэй хамтран үйлчлэх явцдаа та тэднийг илүү гүнзгий ойлгож, жинхэнэ зан чанарыг нь танин мэдэж чадна” хэмээн П.Эрдэнэбилэг ах хэлсэн.

Үйлчлэлийн төслөөс гадна оролцогчид тоглоом, бүжиг, авьяаслаг үзүүлбэрийн шоу, кино үдэш, зураг зурах, бугуйвч урлах, бялуу чимэглэх зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд оролцов. Түүнчлэн тэд олон улсын сэдэвт оройн зоогт оролцож, янз бүрийн орны үндэсний хоол хүнс, өвөрмөц соёлтой танилцах боломжтой байлаа. ГБЗ-ыг хариуцсан ахлагч Хорито, Хорито эгч хоёр оролцогчдын нүдэн дээр шинэхэн суши бэлтгэж үзүүлэв.

Чуулганы үеэр оролцогчдыг сүнслэг, оюуны, нийгмийн болон бие бялдрын хувьд өсөж хөгжихөд нь туслах зорилготой сургалт, семинарууд мөн зохион байгуулагдсан. Эдгээр сэдэвт эрүүл амьдралын хэв маяг, харилцааны ур чадвар, ажил мэргэжлийн хөгжил, ариун сүм ба гэрээнүүд, мөн мөнхийн гэр бүлийг байгуулах зэрэг багтаж байв.

Олон оролцогчийн хувьд бусад ганц бие залуучуудтай танилцаж, харилцаа холбоо тогтоох боломж нь чуулганы хамгийн үнэ цэнтэй хэсгүүдийн нэг байлаа. Туул тойргийн Энхлэн “Надад ГБЗ-ын чуулганы уур амьсгал үнэхээр таалагддаг. Би тэнд үе тэнгийнхэнтэйгээ танилцаж, шинэ найз нөхөдтэй болдог” гэв.  “Хүмүүс бие биетэйгээ танилцаж эхлэх үед уур амьсгал маш дулаан болдог. Хүн бүр сайхан байдаг” гэж анх удаа чуулганд оролцож байгаа, Өнөр тойргийн гишүүн Буян-Эрдэнэ төстэй сэтгэгдэл хуваалцсан юм.

Imports---19-of-144-Large.jpegDownload Photo

Чуулганыг зохион байгуулахад тусалсан ганц бие

залуучуудын удирдагч Энхсаруул уг арга хэмжээг

амжилттай зохион байгуулахын төлөө арын албанд

хүчин зүтгэсэн олон хүнд талархах сэтгэл төрсөн

талаараа хуваалцав. Тэрээр “Даруу, тэвчээртэй эдгээр

хүний дэмжлэггүйгээр бид үүнийг хийж чадахгүй

байсан. Хүн бүр хамтран ажиллаж, хэрэгтэй бүх зүйлд

туслахад бэлэн байсан” гэв.

П.Эрдэнэбилэг ах чуулганыг дүгнэж, үйлчлэх боломж олдсондоо талархалтай байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Бидэнд энэ дуудлагаар үйлчлэх, үнэ цэнтэй туршлага хуримтлуулах боломж олдсонд талархаж байна. Шинэ хүмүүстэй танилцаж, залуу үеийнхнийг илүү сайн танин мэдэх нь үнэхээр сайхан байлаа” хэмээн хэлсэн юм.