Мэдээ мэдээлэл

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд итгэл найдвар, тусламж хүргэх нь

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Холбоонд 100 ширхэг хүнс, ахуйн багц хандивлалаа. Холбооны зүгээс өнгөрсөн сард тэргэнцэртэй иргэдийн амьдралд дэм болох хүнсний тусламж үзүүлэх хүсэлт ирүүлсэн бөгөөд сүмийн зүгээс уг хүсэлтийн дагуу тусламжийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулсны дүнд ийн бодит ажил хэрэг болж амжилттай хэрэгжлээ.
Багцыг гардуулах үер холбооны төлөөлөл хэлэхдээ: “Монгол Улсад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөж байгаа нь олон айл өрхийн амьдралд хүндээр тусахаас гадна энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өдөр тутмын хэрэгцээгээ хангахад томоохон сорилт болж байна” хэмээгээд бүх гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлэв.
Багцад будаа, гурил, элсэн чихэр, гоймон, ургамлын тос, мөн ахуйн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн багтсан бөгөөд сүмийн гишүүд, сайн дурынхан уг багцуудыг савлаж бэлтгэсэн билээ.
MNGFood-Bags7.jpegDownload Photo

Улаанбаатар зүүн гадасны залуучуудын төлөөлөл Б.Эгшиглэн сайн дурын ажлынхаа талаар: “Эхэндээ бага зэрэг хэцүү байх болов уу гэж төсөөлсөн ч үнэндээ сэтгэлд маш дулаахан мэдрэмж төрсөн. Бидний өгсөн тусламжид хүмүүс чин сэтгэлээсээ талархаж байгааг харах үнэхээр сайхан байлаа” хэмээн хуваалцлаа.

МТИҮХолбооны гишүүн Ганбаатар хэлэхдээ: “Дэлхий даяар эдийн засгийн хүндрэл нүүрлэж, юмны үнэ өсөж байгаа энэ үед бидний авдаг тэтгэмж төдийлөн нэмэгдэхгүй байна. Ийм үед ахуйн болон хүнсний тусламж үзүүлж буйд маш их баяртай байна. Өнөөдөр ирж чадаагүй холбооны бусад гишүүддээ бид өөрсдөө зохион байгуулан хүргэж өгнө” гэсэн бол оролцсон иргэдийн төлөөлөл болох Хан-Уул дүүргийн иргэн Туяа: “Би өөрийн 24 настай хүүг төлөөлөн ирсэн бөгөөд энэ цаг үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зайлшгүй хэрэгцээг ойлгон дэмжлэг үзүүлж буй танай байгууллагад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн зөвхөн тусламж өгөөд зогсохгүй хүмүүст сэтгэлийн тайтгарал, итгэл найдвар, хайр энэрлийг түгээж байна. Хүмүүсийг хоромхон зуур ч гэсэн аз жаргалтай болгож байгаад баярлалаа” гэв.

Монгол хүн бүрийн төлөөх энэрэнгүй, сайхан сэтгэл улам түгэн дэлгэрэх болтугай.