2005 онд Монголд цөсний хүүдий авах мэс заслын бараг 98 хувийг том зүслэгтэй нээлттэй мэс заслын аргаар хийдэг байсан бөгөөд энэ нь эмнэлэгт хэвтэх хугацааг уртасгаж, эдгэрэлтийг удаашруулдаг байв. Нүүдэлчин амьдралын хэв маягтай олон монголчуудын хувьд гэрээсээ хол эмнэлэгт олон долоо хоногийг өнгөрөөх нь ихээхэн хүндрэл учруулдаг байлаа. Мөн нээлттэй мэс засал нь ноцтой халдвар авах эрсдэлийг дагуулдаг байв. Өнөөдөр Монголд цөсний хүүдий авах мэс заслын 80 гаруй хувийг дурангийн буюу бага зүслэгт мэс заслын аргаар хийдэг болсон нь эдгэрэх хугацааг түргэсгэж, эмнэлэгт хэвтэх хоногийг цөөлж, өвчтөний эмчилгээний үр дүнг сайжруулсан.
Ютагийн Их Сургуулийн Глобал мэс заслын профессор, Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн зочин профессор, доктор Рэймонд Прайсын хэлснээр, энэхүү өөрчлөлт нь Монгол болон олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хорь гаран жилийн хамтын ажиллагаа, анагаах ухааны боловсрол, урт хугацааны түншлэлийн үр дүн юм. Доктор Прайс Монгол улсын нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд үг хэлэхдээ Монгол улсад гарсан мэс заслын эмчилгээний гайхалтай хувьсал болон үүнийг хэрэгжүүлэхэд тусалсан харилцаа холбооны талаар хуваалцсан юм. “Миний хувьд хамгийн том амжилт бол тогтвортой өөрчлөлтийг авчирсан нөхөрлөл, түншлэлийг бий болгосон явдал юм. Хүмүүс нэгдмэл зорилгын төлөө хамтран ажиллах үед боломжууд тасралтгүй бий болсоор байдаг” гэж доктор Прайс хэлсэн.
Доктор Прайс анх 2005 онд гэмтлийн тусламж үйлчилгээний хичээл заахаар Монголд иржээ. Тэрээр өвөл нь маш хүйтэн учраас Монгол руу ирэх эсэхдээ анх эргэлзэж байсан ч орчин үеийн мэс заслын аргуудыг нэвтрүүлэх гэсэн Монгол мэс засалчдын тууштай эрмэлзлийг төд удалгүй олж харсан байна. Түүнийг зочлох үеэр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч, доктор Сэргэлэн Монголд дурангийн мэс заслыг өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг харуулсан тоо баримтыг танилцуулжээ. Хэдийгээр дурангийн мэс заслыг өмнө нь нэвтрүүлсэн байсан ч хүртээмж нь хязгаарлагдмал хэвээр байв. “Тэдний хүсэлт маш тодорхой байсан. Монгол мэс засалчид өөрчлөлтийг хүсэж, чадавхжуулах ажлыг өөрсдөө хийхийг эрмэлзэж байсан” гэж доктор Прайс дурсав.
Доктор Прайс болон түүний хамтрагчид Монгол эмч нартай мөр зэрэгцэн ажиллаж, улс орон даяар сургалтуудыг зохион байгуулахад тусалсан юм. Олон нийтэд танилцуулах аян, түүний дотор телевизийн нэвтрүүлгүүд болон утасны шууд дуудлагын хөтөлбөрүүд нь өвчтөнүүдэд жижиг зүслэгт мэс засал болон үүний давуу талыг илүү сайн ойлгоход тусалсан байна. Цаг хугацаа өнгөрөхөд олон нийтийн хандлага эрс өөрчлөгдөв. Өмнө нь жижиг зүслэгтэй мэс засалд үл итгэдэг байсан өвчтөнүүд дурангийн хагалгааг өөрсдөө хүсэмжлэн шаарддаг болжээ. Өнөөдөр Монгол даяар цөсний хүүдий, элэг, нойр булчирхай, бүдүүн гэдэсний мэс засалд дурангийн аргачлалыг тогтмол ашиглаж байна.
- Доктор Прайс орон нутгийн телевизийн ярилцлагын нэвтрүүлгээр монголчуудад дурангийн мэс заслын талаар зааж байна.
- 24 настай ээж Оюунбаяр 2011 онд дурангийн аргаар цөсний хүүдийгээ авхуулснаас хойш 4 хоногийн дараа гүүгээ сааж байна.
- Доктор Прайс дурангийн мэс засал нь амжилттай болсон 85 настай өвчтөний хамт.
- Доктор Прайс Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлгийн багийн хамт Мөрөн хотод дурангийн мэс заслын арга техникийг зааж байна
- 2011 онд Өвөрхангай аймагт ажилласан дурангийн мэс заслын сургалтын баг.
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Гэсэн хэдий ч доктор Прайсын хувьд тогтвортой өөрчлөлт нь зөвхөн шинэ технологи нэвтрүүлэхээс илүү зүйлийг шаардаж байв. Түүний гол анхаарал нь олон улсын зочид буцсаны дараа ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн авч явах боломжтой, тогтвортой эмнэлгийн боловсролын тогтолцоог бий болгоход чиглэв. Энэхүү алсын хараа нь эцэстээ Америкийн Мэс Засалчдын Нийгэмлэгээс боловсруулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын курс болох Гэмтлийн үеийн амь тэтгэх ахисан түвшний тусламж (ATLS) хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхэд хүргэсэн юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмтэй холбоотой хүмүүнлэгийн хүчин чармайлтын дэмжлэгээр тус хөтөлбөр нь улс орон даяар гэмтлийн үнэлгээ болон яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг сайжруулахад тусалсан байна. 2025 оны аравдугаар сард Монгол багш тус сургалтыг орон нутагтаа заах бүрэн эрх бүхий гэрчилгээ авснаар Монгол улс анагаах ухааны сургалтыг бие даан олгох чадавхаа улам бэхжүүлсэн чухал үе шатанд хүрсэн юм.
- Доктор Прайс 2009 оны “Багш нарыг бэлтгэх” сургалтад хичээл зааж байна.
- 2014 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй ATLS хөтөлбөрийн санамж бичигт гарын үсэг зурж байгаа нь.
- 2006–2012 оны дурангийн мэс заслын курст хамрагдсан мэс засалчид (Монголын мэс засалчдын нийгэмлэг).
- 2015 оны зургаадугаар сард зохион байгуулагдсан Монголын анхны ATLS сургалт.
- Монголын Дурангийн болон Эндоскопи мэс заслын анхдугаар их хурал, 2015 он.
- 2018 оны тавдугаар сарын ATLS сургалтын монгол багш, захирал, зохицуулагчид.
- ATLS хөтөлбөрийн суралцагчид болон багш нар, 2022 он.
- Доктор Прайс, доктор Ёодэр нар Монголын багт дурангийн мэс заслын багаж хэрэгслийг танилцуулж байна.
- Төгсөлтийн дараах сургалтын эмч, доктор Санчин (2-р эмнэлэг) өөрийн резидентурт суралцагчдад дурангийн мэс заслын дадлагын хайрцаг дээр хэрхэн дадлага хийхийг зааж байна.
- Монгол улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн резидентүүд дадлагын хайрцаг дээр дурангийн мэс засал хийж сурч байна.
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн (АШУҮИС) удирдлагууд болон Глобал мэс заслын төвийн (CGS) баг.
- Доктор Сэргэлэн (Монгол улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн (АШУҮИС) Мэс заслын тасгийн эрхлэгч), доктор Рэй Прайс, Чак Свонсон, Ц.Лхагвасүрэн (АШУҮИС-ийн ерөнхийлөгч), доктор Нямхүү (Монголд анх удаа дурангийн аргаар цөсний хүүдий авах мэс засал хийсэн монгол эмч).
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Доктор Прайсын хүмүүнлэгийн санаачилга Монголд ажиллахаас хавьгүй өмнө эхэлжээ. Тайландад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сайн дурын залуу номлогчоор үйлчилж байхдаа тэрээр туйлын ядуурал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгарч буй саад бэрхшээлийг нүдээр үзсэн ба энэ нь түүнд гүн гүнзгий нөлөө үзүүлжээ. Түүний үргэлж санаж явдаг нэгэн явдал бол бусад хүний анзаарч ч харахгүй өнгөрч байсан нэгэн гэмтсэн эмэгтэйг тэрээр өөр нэг залуу номлогчийн хамт эмнэлэгт хүргэж өгсөн явдал юм. Эмнэлгийн ажилчид тэднээс яагаад танихгүй хүнд тусалж байгааг нь асуусан бөгөөд энэ үйл явдал түүнд мартагдашгүй сэтгэгдэл үлдээжээ. “Тэр мөч миний амьдралын чиглэлийг өөрчилсөн юм” гэж тэр хэлэв. Энэхүү явдал нь түүнд анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр суралцах урам зоригийг өгсөн байна. Тэрээр химийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, дүрвэгсдэд сайн дураараа тусалж байгаад Харвардын Анагаах Ухааны Сургуульд суралцаж, Бригам ба Эмэгтэйчүүдийн Эмнэлэгт мэс заслын дадлагаа дүүргэжээ.
Доктор Прайс ажил мэргэжлийнхээ туршид хөгжиж буй орнуудад аюулгүй мэс заслын хүртээмжийг өргөжүүлэх, мэс заслын тусламж үйлчилгээ нь олон нийт, эдийн засгийг бэхжүүлэхэд ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулахад анхаарлаа хандуулж ирсэн. Түүний ажил зөвхөн Монголоор хязгаарлагдсангүй. Тэрээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Яаралтай болон нэн шаардлагатай мэс заслын эмчилгээг хөгжүүлэх төслийн дэд даргаар ажиллаж байсан бөгөөд дэлхий даяарх мэс заслын тогтолцоог үнэлэх олон улсын мэс заслын Лансетын Глобал Мэс Заслын Комисст хувь нэмрээ оруулсан юм. Монголын эрүүл мэндийн мэргэжилтнүүд, тухайлбал мэдээгүйжүүлэлтийн эмч Ганболд эдгээр олон улсын хэлэлцүүлэгт оролцож байв.
Dr-Price-MNG9.JPG
Доктор Рэймонд Прайс (голд) 2013 онд Монгол улсын төрийн дээд шагнал “Найрамдал” медаль хүртэж байна. Тэрээр Улаанбаатар хотод Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн төлөөлөгчийн хамт зургаа татуулжээ.2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.2026 оны тавдугаар сарын 18-нд доктор Прайс АНУ-ын Юта Муж дахь Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон бөгөөд тэрээр Монгол, Америкийн хоорондын боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж байна. Монголын эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй 20 гаруй жил ажилласан доктор Прайс хамгийн утга учиртай ахиц дэвшил нь харилцан хүндэтгэл, хамтын суралцах үйл явц, бусдад үйлчлэх нийтлэг хүсэл эрмэлзэл дээр суурилсан харилцаа холбоогоор дамжиж ирсэн гэдэгт итгэдэг. “Жинхэнэ амжилт бол энэ ажлыг өдөр бүр үргэлжлүүлэн авч яваа монгол эмч, багш сургагч нарынх юм” гэж тэр хэлсэн билээ.