Мэдээ мэдээлэл

Сайн үйлсийн эзэн

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн Ж.Түвшинжаргал (Түвшин) зөв цагт, зөв газартаа байх онцгой авьяастай нэгэн бололтой. Түүний үйлчлэл, эр зоригийн түүх олон жилийн өмнө Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчоор үйлчлэх үед эхэлсэн юм.

Тэрээр бүрэн цагийн номлолоо Украйнд хийсэн бөгөөд номлолынхоо төгсгөлд ерөнхийлөгчийн туслахаар үйлчилсэн аж. Тухайн үед Сүмийн Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар зөвлөх Ерөнхийлөгч Жэймс Э. Фауст номлолд нь айлчилж тэрээр жолоочоор нь томилогджээ. Ерөнхийлөгч Фауст буцахаасаа өмнө Ахлагч Түвшинжаргалын ээжтэй утсаар холбогдон, хүүгийнх нь номлолын хугацааг нэг жилээр сунгахыг хүссэнд ээж нь зөвшөөрснөөр тэр гурван жил бүрэн цагийн номлогчоор үйлчилсэн билээ.

Түүний зөв цагт, зөв газартаа байж чаддаг чанар хорин жилийн дараа ч хэвээр үргэлжилж, энэ удаад UB Cab-ийн таксины жолоочоор ажиллаж байх үед нь дахин илэрчээ.

Cab-Driver-MNG.jpgDownload Photo

2024 оны 11 дүгээр сарын 5-нд Түвшиний анхны зорчигч нь эмчийн үзлэгт орохоор явж байсан жирэмсэн эмэгтэй байв. Улаанбаатар хотын замын түгжрэлд удаан саатсаны улмаас эмэгтэй гэнэт өвдөж эхэлжээ. Анхандаа юу хийхээ мэдэхгүй сандарсан ч Түвшин UB Cab-аас авсан яаралтай тусламжийн сургалтаа санаад, гадуур хувцсаа дэр болгон толгойн дор нь ивж, цагдаагийн зөвшөөрөл авч, эсрэг урсгалаар эмнэлэг рүү яарав.

Түүнийг эмнэлгийн хашаанд орохтой зэрэгцээд нярай хүлээж тэсэлгүй энэ хорвоод мэндлэхээр яарсан юм. Түвшин яаравчлан гараа ариутгаж, таксинд хүүхдийг эх барьж авсан ба эмнэлэгт оруулсны дараа эх, хүүхэд хоёр эсэн мэндийг мэдээд, тэрээр шинэ мэндэлсний хүүгийн тухай баярт мэдээг аавд нь утсаар дуулгасан байна. Хүүгийн гэр бүл түүний баатарлаг үйлстэй холбогдуулан шинээр мэндэлсэн хүүд Б.Түвшинбаяр хэмээх нэр хайрлажээ. Энэ нь Түвшин болон аав Баярсайхан хоёрын нэрийн хослол, гүн утга, бэлгэдлийг агуулсан нэр аж. Энэ үйл явдлаас хойш Түвшин хүүгийн гэр бүлтэй байнгын холбоотой байж, заримдаа “Миний хүү сайн уу?” хэмээн халамжлан асуудаг болсон байна.

Хоёрхон сарын дараа Түвшин дахин нэгэн онцгой үйл явдлын гол баатар болсон юм. Дөнгөж зорчигчоо буулгасны дараа сандарсан нэгэн охин түүний машины цонхыг тогшин, “Гэр бүл минь шатаж байна, надад туслаач” хэмээн гуйжээ.

Түвшин охиныг даган ойролцоох шатаж буй байшинд очоод, өмнө нь сурсан мэдлэг, чадвараа дахин ашиглан хаалга, цонхыг болгоомжтой онгойлгож, нүүрээ нойтон алчуураар даран дотогш орсон байна. Тэрээр ухаан алдсан гэр бүлийн гишүүд болох нийт 12 хүнийг аюулгүй газар гарган, шаардлагатай анхан шатны арга хэмжээг авч, түргэн тусламжийн ажилчдад хүлээлгэн өгчээ.

Эдгээр туршлагаа эргэн дурсан ярихдаа Түвшин даруухнаар: “Би хэрэгцээтэй хүмүүст туслах бүрдээ Бурханы удирдамжийг мэдэрдэг. Тэдэнтэй би онцгой холбоотой гэж боддог” хэмээн өгүүлсэн юм. Харин өөрийгөө баатар гэж үздэг эсэхийг асуухад, тэрээр: “Би баатар биш. Христийн шавь хүний хувьд бусдад туслах нь миний үүрэг” хэмээв.

Түүний энэхүү гайхамшигт эр зориг, өөрийгөө умартсан зүтгэлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медаль, Цагдаагийн ерөнхий газраас Эр зоригийн медалиар тус тус шагнасан байна.

Үнэхээр Түвшингийн түүх нь зөв цагт, зөв газартаа байсан энгийн нэгэн бусдын амьдралыг үүрд өөрчилж болдог гэдгийн жишээ бол