Мэдээ мэдээлэл

С.НАСАНБОЛД АНУ-Д ТӨГССӨН СУРГУУЛЬДАА ОЧИЖ ҮГ ХЭЛЭВ

Улаанбаатар Зүүн гадасны ерөнхийлөгч Сүхбаатарын Насанболд Хавай дахь Бригам Янгийн их сургуулийн Онцгой цугралтад үг хэлсэн анхны Монгол төгсөгч болсон түүхэн үйл явдал боллоо.

С. Насанболд нь 2018 онд Хавай дахь Бригам Янгийн их сургуулийг Зочид буудлын удирдлагын мэргэжлээр төгсөж, өдгөө Монгол дахь Сүмийн Үйлчлэлийн Төвд Олон нийттэй харилцах албаны менежерээр ажиллаж байна. Тэрээр Дорнодын тэгш уудам талд эгэл малчны гэрт төрж өссөн нэгэн хөвгүүнээс өнөөдөр олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болоход ямар их бэрхшээл, урт зам туулсан тухай сонирхолтой түүхээрээ яриагаа эхлэв. -30 хэмийн хүйтэн, цасан шуурган дунд морио унаад сумын төвийн сургууль руу бүтэн цаг давхидаг байсан нь түүний бага наснаасаа л сурч боловсрох чин хүсэл, тэмүүлэл ямар хүчтэй байсныг харуулдаг.

Тэрээр Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараахан сургуульд орсон байна. Шинэ Засгийн газрын бодлогын дагуу 50 гаруй жил ашиглаж ирсэн кирилл бичгийг халж, уламжлалт монгол бичгийг сэргээн бүх хүүхдэд зааж эхэлжээ. Гэвч аав ээждээ мал хариулахад нь туслахаар 4 дүгээр ангиасаа сургуулиа орхисон ч түүнийг сургууль завсарласны дараахан бодлого дахин өөрчлөгдөж, кирилл бичиг рүү буцсан тул тэр гэнэтхэн бичиг үсэггүй нэгэн болж хувирав.

Гэвч тэрээр бие даан кирилл үсэг сурахын тулд урт өдрийн хүнд хүчир ажилтай ноцолдсоныхоо дараа лааны бүдэг гэрэлд сониноос үг хуулан бичиж, харин өдөр нь малаа хариулж явахдаа агаарт бичин давтдаг байв. Ийнхүү тэр өөрийгөө байнга боловсруулж, бичиг үсгийн чадвараа ахиулсны эцэст долоон жилийн дараа, арван найман насандаа ахлах сургуулийн элсэлтийн шалгалтад амжилттай тэнцэж, мөрөөдлийнхөө хаалгыг дахин нээсэн байна.

Ахлах сургуулиа амжилттай төгссөний дараа Улаанбаатар хотод их сургуульд сурч эхэлсэн бөгөөд энэ үедээ Сүмд нэгдсэн ба Монгол Улаанбаатар номлолд үйлчилснийхээ дараа эхнэр Отгончимэгтэйгээ гэрлэжээ. Хоёр хүүтэй болсныхоо дараа Бригам Янгийн их сургуульд тэнцсэн ч санхүүгийн хувьд болон АНУ-ын виз авахад асуудал тулгарах зэрэг олон арван бэрхшээлийг давж байсан тухайгаа тэр хуваалцсан юм.

Өдгөө эргэн харахнээ асуудал тулгарах бүрт Их Эзэн тэднийг удирдан сорилтуудаа давахад нь тусалж байсныг тэр анзаарчээ. Эдгээр сорилтууд нь түүнийг Бригам Янгийн их сургуульд сурсан он жилүүдээ илүү нандигнан, илүү шаргуу сурч хөдөлмөрлөхөд тусалсан гэнэ. Хавайд сурч байх хугацаандаа тэрээр өөрийгөө академик болон сүнслэгээр хөгжүүлж болох бүхий л боломжуудыг бүрэн ашиглахын зэрэгцээ Монголын оюутны холбооны ерөнхийлөгчөөр жил гаруй үйлчилжээ.

Оюутан жилүүдээ үр дүнтэй өнгөрөөж, ерөнхийлөгч Дэвид О.Маккэйн бошиглосон гайхалтай төгсөгчид болж гарахын тулд хийж болох гурван зүйлийг С.Насанболд үзэгчдэд санад болгосон нь

1. Нэгдмэл бай

2. Бошиглогчдын зөвлөгөөг дага

3. Дуулгавартай байж, адислал хүрт

Алунгоо эхийн таван хөвгүүний түүхийг тэрээр хуваалцан нэгдмэл байдал биднийг хэрхэн хүчирхэгжүүлж, хамтын хүчээр илүү агуу зүйлсийг бүтээх суурь болохыг заасан юм.

Мөн тэрээр Симон Петр Аврагчийн үгийг даган асар их загас барьсан тухай Шинэ гэрээний түүхийг хуваалцаад даруу төлөв байж, бошиглогчид, удирдагчдын зөвлөгөөг дагах нь амжилт руу хөтөлдгийг энгийн бөгөөд тодорхойгоор заав.

С.Насанболд янз бүрийн нөхцөл байдалд үүсч болох тодохойгүй байдал, эргэлзээгээ даван яг таг дуулгавартай байж эхэлснээр Их Эзэний гайхамшгуудыг амьдралдаа хүлээж авдгийг хэлээд сайтар бэлтгэгдсэн боловсон хүчин, удирдагч болж төгссөнөөр бид цаашид өөрсдийн гэр бүл, эх орон, сүмээ хөгжүүлэх хөдөлгүүр болж чадахыг гэрчлэн яриагаа өндөрлөсөн юм.