Мэдээ мэдээлэл

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Эрдмийн өргөөний босгыг анхлан алхаж буй бяцхан сурагчид, мөн мэдлэг боловсролын их замаа үргэлжлүүлэн туулж буй нийт хүүхэд, залуучууд Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Та бүхэн хичээл номдоо шамдан суралцаж, шинэ мэдлэг, шинэ ур чадвар, шинэ боломж бүрийг өөрийн хөгжил дэвшлийн үндэс болгон эрдмийн их далайгаас арвин ихийг суралцан, ирээдүйн сайн сайхныг бүтээх мэдлэг боловсролтой, ёс зүйтэй иргэд болон төлөвшихийг хүсэн ерөөе.

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдийг дэмжих зорилготой “Хайрын цүнх” төслийг дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийтдээ 5,000 ширхэг хичээлийн иж бүрэн хэрэгслийн багцыг ЕБС-н сурагчдад хандивлаад байна.

Энэ жил тус төсөлд 1,500 хүүхэд хамрагдаж, хичээлийн шинэ жилийг баяр хөөр, итгэл найдвар дүүрэн угтаж байна. Хандивын багцуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүргэсэн бөгөөд энэхүү сайн үйлсийн гүүр болж, хамтран ажилласан бүх байгууллага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

“Хайрын цүнх” нь бага ангийн сурагчдад шаардлагатай үндсэн хичээлийн хэрэгслүүдийг бүрэн багтаасан бөгөөд эдгээр цүнхийг үе тэнгийн хүүхдүүд хайр, халамж шингээн савлаж, түгээдэг юм.