Мэдээ мэдээлэл

Хорт зуршлын эсрэг нэгдэе чуулган хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд “Мэргэн ухааны үг” хэмээх зарчмыг дагаж мөрддөг. Энэ нь архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байхыг онцгойлон заахаас гадна аливаа төрлийн бусад донтуулагч зуршлаас ангид байхыг уриалдаг. Ийнхүү зарчмыг хэрэгжүүлснээр хувь хүн бодол санаа, бие махбодио эрүүл саруул байлгаж, зөв зүйлд төвлөрөх боломжтой болдог.

Сүм нь мөн хорт зуршлыг даван туулах хөтөлбөрийг хэрэгжүүлж донтолттой тэмцэж буй хүмүүст оюун санааны болон сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэхээс гадна Есүс Христийн сургаалтай уялдуулан хувь хүний ухамсарт нөлөөлж, өөрчлөлт авчирснаар жинхэнэ эдгэрэлд хүрэх боломжийг олгодог.

Донтолтоос ангид байх нь зөвхөн хувь хүний асуудал биш бөгөөд Сүм энэ чиглэлд байнга хичээл зүтгэл гаргаж ирсэн. Үүний нэг жишээ бол сүүлийн хоёр жил дараалан зохион байгуулж буй “Хорт зуршлын эсрэг нэгдэе” чуулган юм.

Уг чуулганыг 2025 оны 12 дугаар сарын 10-нд Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан бол Хар тамхитэй тэмцэх газар, Нийгмийн хамгааллын тусгай төвтэй хамтран 12-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа. Чуулганаар хорт зуршлын хор уршиг, архи болон мансууруулах бодисын хэрэглээний сөрөг нөлөө, донтолтын эсрэг хэрэгжүүлж буй дотоодын болон олон улсын туршлага, тулгамдаж буй асуудлууд, донтолт хэрхэн явагддаг талаар Монгол, Америк, Япон, Солонгосын мэргэжилтнүүд сонирхолтой илтгэлүүд танилцуулсан билээ.

Сүмийн зарчмыг дагаж, зөв амьдралын хэв маяг хэвшүүлсэн олон зуун итгэгчид гэр бүлдээ амар амгаланг бий болгож байна. Нэг хүний зөв сонголт 10–20 хүний сэтгэл зүйд

эерэгээр нөлөөлдөг тул энэхүү хичээл зүтгэл олон хүнд сайн сайхан өөрчлөлт авчрах боломжтой гэдэгт итгэлтэй байна.