Мэдээ мэдээлэл

Хөвсгөл нуурын байгаль орчныг хамгаалах үйлсийг тэмдэглэсэн ерөнхийлөгчийн арга хэмжээнд Сүмийн удирдагчид оролцов

Зүүнээс баруун: Ерөнхийлөгч Отганзаяа (Дархан дүүргийн ерөнхийлөгч), ахлагч Ротвэйлэр (Харилцаа холбоо, олон нийттэй харилцах асуудлын сайн дурын ажилтан), ахлагч Эсплин (Азийн хойд бүсийн ерөнхийлөгч), Ерөнхийлөгч Хүрэлсүх (Монгол Улсын Ерөнхийлөгч), ахлагч Одгэрэл (Бүсийн дал), Түвшин эгч (Гишүүд, удирдагчдыг дэмжих менежер), ерөнхийлөгч Энхбат (Улаанбаатар Зүүн гадасны нэгдүгээр зөвлөх), ерөнхийлөгч Насанболд (Улаанбаатар Зүүн гадасны ерөнхийлөгч).
IMG_1549-(1)-Large.jpeg
Зүүнээс баруун: Ерөнхийлөгч Отганзаяа (Дархан дүүргийн ерөнхийлөгч), ахлагч Ротвэйлэр (Харилцаа холбоо, олон нийттэй харилцах асуудлын сайн дурын ажилтан), ахлагч Эсплин (Азийн хойд бүсийн ерөнхийлөгч), Ерөнхийлөгч Хүрэлсүх (Монгол Улсын Ерөнхийлөгч), ахлагч Одгэрэл (Бүсийн дал), Түвшин эгч (Гишүүд, удирдагчдыг дэмжих менежер), ерөнхийлөгч Энхбат (Улаанбаатар Зүүн гадасны нэгдүгээр зөвлөх), ерөнхийлөгч Насанболд (Улаанбаатар Зүүн гадасны ерөнхийлөгч).2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

8-р сарын 1-2-ны өдрүүдэд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагчид Монгол улсын цэнгэг усны хамгийн чухал нөөцийн нэг болох Хөвсгөл нуурын тахилга, нуурын эко системыг хамгаалах, хадгалан үлдээхэд чиглэсэн арга хэмжээнүүдэд уригдан оролцлоо.

Тус арга хэмжээнд Азийн хойд бүсийн ерөнхийлөгч Ахлагч Кимо Эсплин, Бүсийн далын ахлагч Очиржавын Одгэрэл болон орон нутгийн Сүмийн удирдагчид оролцсон юм.

“Хөх сувд”, “Далай ээж” хэмээн нэрлэгддэг Хөвсгөл нуур нь Монгол улсын хамгийн том цэнгэг уст нуур бөгөөд Монгол улсын цэнгэг усны нөөцийн 70 гаруй хувийг агуулдаг. Тус нуур нь усны экосистемийг хадгалан хамгаалах, газрын доорх усны нөөцийг нөхөн бүрдүүлэх, бүс нутгийн ус зүйн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч сүүлийн жилүүдэд аялал жуулчлал нэмэгдэхийн зэрэгцээ бохирдол, хаягдсан тээврийн хэрэгсэл, байгаль орчинд үзүүлэх бусад дарамт нь нуурын эмзэг экосистемд эрсдэл үүсгэх болсон билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар нуурын бохирдлыг бууруулах, бохир усыг цэвэрлэн дахин ашиглах тогтолцоог боловсронгуй болгох, мөн тухайн бүс нутгийн мөнх цэвдэгт экосистемийг хамгаалах зорилготой “Хөх сувд” хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл нуурын баруун эрэгт Олон улсын судлагааны төв байгуулагдсан байна.

Өнгөрсөн оны сүүлээр Сүмийн удирдагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын төлөөлөлтэй уулзах үер судалгааны төвийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах хүсэлтийг тавьсаны дагуу Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (ДОУЭБ) нь дэлхийн хэмжээнд хэрэгжүүлдэг Ус, ариун цэвэр, эрүүл ахуй (WASH) санаачилгынхаа хүрээнд ашгийн бус “Хөх Монголын Хөх Сувд” байгууллагатай хамтран тус төвд нарны эрчим хүчний систем, холбогдох тоног төхөөрөмжийг суурилуулж хүлээлгэн өглөө.

Ахлагч Эсплин, Сүмийн бусад удирдагчдын хамт төвд зочилж, Монгол улсын цэнгэг усны экосистемийг илүү сайн ойлгож, хамгаалахад чиглэсэн шинжлэх ухааны судалгааны талаар мэдээлэл авч, төвийн нээлтийн арга хэмжээнд оролцов. Энэ үеэр Ахлагч Эсплин Монголын судлаачид болон Сүмийн харьяа их, дээд сургуулиудын хооронд цаашид шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг дурдьсан юм.

Төсөл бүрэн хэрэгжсэнээр судалгааны төвийг жилийн турш цахилгаан эрчим хүч, халаалтаар хангах боломжтой болж, эрдэмтэд Монголын хатуу ширүүн өвлийн нөхцөлд тус газарт амьдарч, ажиллан, Хөвсгөл нуурыг хамгаалахад нэн чухал судалгаа хийх боломж бүрдэж байна.

Судалгааны төвийн нээлтийн дараа төлөөлөл Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарилгаар зохион байгуулагдсан Хөвсгөл нуурын төрийн тахилгын ёслолд уригдан оролцов. Тус арга хэмжээнд Монгол улсын байгалийн өвийг хамгаалах үйлсэд тууштай оролцдог шашин, эрдэм шинжилгээ, байгаль орчин, олон нийтийн төрөл бүрийн байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.

Ёслолын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүмийн удирдагчдыг хүлээн авч уулзан байгаль орчныг хамгаалах үүрэг хариуцлага, хүмүүнлэгийн үйлчлэл, итгэл үнэмшилд суурилсан байгууллагууд олон нийтийг бэхжүүлэхэд эерэгээр хувь нэмэр оруулах боломжийн талаар ярилцав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол улсын байгалийн нөөцийг хамгаалах чиглэлээр баримталж буй тэргүүлэх зорилтуудаа хуваалцаж, Хөвсгөл нуурын судалгааны байгууламжид оруулсан ДОУЭБ-ын хувь нэмэрт Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Ахлагч Эсплин Сүмийн талаар товч танилцуулж, дэлхий даяар Сүмийн 18 сая гаруй гишүүн байдгаас Монгол улсад 13,000 гаруй гишүүн байдгийг онцлов.

“Христ дэлхийд байхдаа олон гайхамшгийг үйлдсэн гэдэгт бид итгэдэг” хэмээн Ахлагч Эсплин хэлэв. Мөн тэрээр өнөө үед ч гайхамшгууд үргэлжилсээр байгааг дурдахдаа дэлхий ертөнцийг сайжруулахын төлөө хамтран ажилладаг, сүнслэг удирдамжаар дэмжигдсэн судлаачид, эрдэмтэд, боловсролын салбарын ажилтнууд, хүмүүнлэгийн байгууллагууд, төрийн удирдагчдаар дамжуулан гайхамшгууд тохиолддог хэмээн тайлбарласан юм.

Нарны эрчим хүчний энэхүү төсөл нь Монгол улсын хамгийн чухал цэнгэг усны нөөцийн нэгийг хамгаалах судалгаа, тогтвортой шийдлүүдийг дэмжих зорилгоор төрийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, ашгийн бус байгууллага, итгэл үнэмшилд суурилсан байгууллагууд хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн юм.

Энэ уулзалтын талаар Ахлагч Эсплин:

“Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсан нь нэр төрийн хэрэг байлаа. Тэрээр бидэнтэй уулзахдаа маш найрсаг, эелдэг хандаж, цаг зав гаргасан. Мөн Монгол улсад хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн болон олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн. Бид Монголын байгаль орчинтой холбоотой түүний тэргүүлэх зорилтууд, эдгээр нь орон нутгийн иргэдийг адисалж, амьдралын чанарыг нь сайжруулах хүчин чармайлттай хэрхэн нийцэж байгаа талаар ярилцсан. Ерөнхийлөгч хүнлэг, сайхан сэтгэлтэй хүн юм” хэмээн хэлэв.

Энэхүү айлчлал нь Монгол улс байгаль орчноо хариуцлагатайгаар хамгаалах, шинжлэх ухааны хөгжил дэвшлийг дэмжихэд тууштай байдгийг онцлон харуулсан төдийгүй эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд хүмүүнлэгийн байгууллагуудын гүйцэтгэж болох чухал үүргийг харууллаа. Мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагаараа дамжуулан орон нутгийн иргэдэд үр өгөөжөө өгөх, байгалийн нөөцийг хариуцлагатайгаар хамгаалан ашиглахыг дэмжих, ирээдүй хойч үеийн сайн сайхан байдалд хувь нэмэр оруулах санаачилгуудыг цаашид дэмжсээр байхыг илэрхийлсэн юм.