Мэдээ мэдээлэл

ЦАГААН САР БА УГИЙН БИЧИГ АРГА ХЭМЖЭЭ ГЭР БҮЛҮҮДИЙГ НЭГТГЭДЭГ

Picture1NYMNG.jpgDownload Photo

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сүмийн “Цагаан сар ба Угийн бичиг” баярын өдөрлөг энэ сарын 14-ний өдөр Гадасны төвд амжилттай болж өндөрлөлөө. Монгол түмний үндэсний бахархал, өлзий билгийн бэлгэдэл болсон Цагаан сарын ёс уламжлал болон гэр бүлийн түүх, удам судрын үнэ цэнийг нэгтгэсэн энэхүү арга хэмжээ энэ жил ч гишүүд, зочдын халуун оролцоотойгоор өрнөсөн юм.

Өдөрлөгийн үеэр үндэсний хувцасны өнгө төрхийг илтгэх үзүүлбэр, урлагийн тоглолт, гэр бүлийн мэргэжлийн зураг авалт, хүчит бөхийн барилдаан зэрэг олон төрлийн сонирхолтой хөтөлбөрүүдийг хүргэлээ. Үзэгчид хөгжилтэй, баяр хөөртэй байж, гэр бүл, найз нөхдөөрөө хамтдаа дурсгалтай мөчүүдийг бүтээсэн сайхан өдөр болж өнгөрөв.

“Цагаан сар ба Угийн бичиг” арга хэмжээ нь гишүүдийг гэр бүлээрээ ирж оролцох боломжийг бүрдүүлдэг, мөн эв нэгдэл, уламжлал, удам судрын үнэ цэнийг хүндэтгэх зэрэг онцгой ач холбогдолтой үйл явдал юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь гэр бүлийг эрхэмлэн дээдэлдэг бөгөөд өвөг дээдсийнхээ түүхийг судлах, удам судраа хадгалан тэмдэглэх, үр хойчдоо өвлүүлэхийг үргэлж уриалдаг билээ.

Энэхүү өдөрлөг нь зөвхөн үндэсний баярыг тэмдэглэхээс гадна гэр бүл бүрт өөрийн угийн бичгийг шинэчлэн баяжуулах, өв соёлоо хүндэтгэн дурсах, өнгөрсөн үеэ дурсаж ирээдүйгээ бүтээх урам зориг өгсөн, дулаан уур амьсгалтай, хамтын бүтээлч өдөр боллоо