Мэдээ мэдээлэл

Шашны байгууллагуудын төлөөлөл 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон шашны байгууллагуудын төлөөлөл шашин хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хүмүүнлэгийн олон арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн бөгөөд үүний үргэлжлэл болгон мод тарих ажлыг өнөөдөр зохион байгууллаа.

Шашны төлөөлөл өнгөрсөн жил Япон цэргийн цогцолборт 6 настай, нийт 50 ширхэг шинэс модыг тарьж байсан бол өнөөдөр 50 ширхэг үхрийн нүд, 50 ширхэг далан хальс болох нийт 100 ширхэг модыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулав.

Өнөөдрийн мод тарилтад Монголын Буддын шашныг төлөөлөн Зүүн хүрээ Дашчойлон хийд, Христийн шашны төлөөлөл болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Католик сүм, Долоо дахь өдрийн Адвентис чуулган, Японы уламжлалт Шинто шашны Оомото Монгол төв, Монголын Бахайн Нийгэмлэг, Брахма Кумарис Ража Иог Боловсролын Төв зэрэг байгууллагуудаас нийт 50 орчим төлөөлөл оролцож, харилцан хүндэтгэл, эв найрамдлын уур амьсгалыг бүрдүүллээ.

Энэхүү мод тарих үйлс нь байгаль орчныг хамгаалахад чиглэсэн ач холбогдолтой төдийгүй, өөр шашин шүтлэгтэй хүмүүс нэгдэн нийлж, нийгэмд эерэг үлгэр дуурайл үзүүлсэн чухал үйл явдал болж байна.

Эв нэгдлээс энх тайван, хамтын хүчнээс хөгжил цэцэглэдэг.