Download PhotoЕсүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 1992 онд анхны ахмад номлогчдыг Монгол руу илгээхэд цөөхөн л хүн тэдний тарьж байгаа үр ирээдүйд хэр их үр өгөөж өгөхийг ойлгож байсан. Монгол улсыг коммунизмаас ардчилал руу шилжсэний дараахан номлогчид ирэн хүмүүст үйлчилж эхэлсэн юм. Тэдний үр нөлөөг хүртсэн сурагчдын дунд Ганбатын Тамир гэх ахлах сургуулийн сурагч байсан юм.
Өнөөдөр гуч гаруй жилийн дараа ерөнхийлөгч Тамир эхнэрийн хамт шинээр байгуулагдсан Монгол Улаанбаатар Баруун номлолын удирдагчаар үйлчлэхээр Монголд буцаж ирлээ. Эргээд харахад, Их Эзэн ерөнхийлөгч Тамирыг Сүмд элсэхээс нь өмнө энэхүү ариун үүрэг хариуцлагад бэлтгэж байсныг тодорхой харж болно.
1990-өөд оны эхээр ерөнхийлөгч Тамир монгол, орос, англи хэл заадаг Монгол-Оросын сургуульд ахлах ангид орж байв. Тухайн үед тэрээр Есүс Христийн тухай кинон дээрээс л харснаас өөр юу ч мэддэггүй байв. Ерөнхийлөгч Тамир тэрхүү он жилүүдийг эргэн дурсахдаа англи хэлний багшаар ажиллаж байсан Мэри Күк, Жойс Кокс нарыг дурсдаг. “Би Сүмийг мэддэггүй байсан. Энэ бол миний Сүмтэй танилцсан анхны тохиолдол байсан” гэж тэр хэлэв.
Түүнийг ахмад номлогчдоос англи хэл сурч байх хооронд ээж нь бас тэдэнтэй танилцсан байна. Визний асуудал хариуцсан төрийн албан хаагчийн хувьд ээж нь хэдэн номлогч хостой хамтран ажиллаж, ерөнхийлөгч Күк, ерөнхийлөгч Кокс нартай найз нөхөд болжээ.
Сургуулиа төгсөөд юу хийхээ шийдэж байх үед Күк болон Коксынхан АНУ руу ахлах сургуульд нэг жил явахыг санал болгосон байна. Тэд Айдахогийн Бойс хотын Маршалл Огдэн, Жолийн Огдэн нарыг түүний түр асран халамжлагчид болгохоор тохиролцов. Түүнийг Монголоос явахаас өмнө гэр бүлийнхэн нь Огдэны гэр бүлийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд гэдгийг мэджээ. Ерөнхийлөгч Кокс, Кокс эгч “Тэд ням гараг бүр сүмд явдаг ч чи заавал явах шаардлагагүй” гэж тайлбарлав. Гэвч ээж нь түүнд “Тэд чамайг гэр бүлдээ авч байна. Чи тэнд байх хугацаандаа тэдний хийдэг зүйлийг хийж, явдаг сүмд нь явах хэрэгтэй” гэжээ.
Буддын шашинтай өссөн ерөнхийлөгч Тамир шашны талаар тэс өөр ойлголттой байв. “Би шашныг зөвхөн Сүмд очиж, лаа асаагаад гэртээ харьдаг зүйл гэж боддог байсан. Би тэднийг өдөр бүр итгэдэг зүйлээрээ амьдардгийг хараад их гайхсан” гэж дурсав. Түүнийг Огдэны гэр бүлийнхэнтэй хамт сүмийн цуглаан, үйл ажиллагаанд оролцох тусам итгэлийн талаарх ойлголт нь өөрчлөгдөж эхэлсэн байна.
Ялангуяа нэг үйл явдал мартагдашгүй сэтгэгдэл үлдээжээ. Бойс хотод өнгөрүүлсэн нэг жилийн хугацаандаа ерөнхийлөгч Тамир гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийг дахин зохион байгуулах гадасны чуулганд оролцов. Ахлагч Рассэлл М.Нэлсон чуулганыг тэргүүлжээ. Хурлын өмнө Тамир ахлагч Нэлсонтой уулзаад, түүнийг нэгэн эелдэг настай хүн байна гэж боджээ. Гэвч ахлагч Нэлсоныг сүмийн байранд орж ирэхэд цугларсан хүмүүс хүндэтгэн босож зогсоход тэр өөр зүйл мэдэрчээ. “Тэр үед би ямар нэгэн зүйл мэдэрсэн. Тэр онцгой хүн байсан” гэж ерөнхийлөгч Тамир сэтгэл хөдлөн хэлэв.
Уулзалтын үеэр ахлагч Нэлсон Тамирыг босож зогсохыг хүсээд, түүнийг Монголоос ирсэн, сүмийн гишүүн хараахан болоогүй залуу эрэгтэй гэж цугларагсдад танилцуулав. Дараа нь ахлагч Нэлсоны “Тэр ямар нэг учир шалтгаанаар Бойсэд байгаа” гэж хэлснийг ерөнхийлөгч Тамир хэзээ ч мартаагүй.
Ерөнхийлөгч Тамир ахлагч Нэлсоныг Мормоны Номоос Христэд ирэхийг урьдаг хэсгийг уншсаныг санадаг. “Тэр үүнийг уншихдаа намайг Христэд ир хэмээн урьж байгаа юм шиг санагдсан.” Тэр орой түүний амьдралд эргэлтийн цэг болсон. Тэр анх удаа судар, номлогчдын ярилцлагыг чин сэтгэлээсээ судлав. Тэрээр залбирч, Бурханаас өөрөө асууж үзэх урилгыг хүлээн авахаар шийджээ. “Би анх удаа чин сэтгэлээсээ залбирсан. Залбирал сайхан зүйл гэдгийг, зөв гэдгийг би мэдэж байлаа. Би ямар нэг юм хийх хэрэгтэйгээ мэдэж байсан” гэж тэр хэлэв. Ийн тэрээр баптисм хүртэхээр шийджээ.
Их Эзэн ирээдүйн үйлчлэгчээ бэлтгэсээр байв. Тамирыг 1997 оны 4-р сард баптисм хүртэхэд ахлагч Күк, Күк эгч ёслолыг гэрчлэхээр тэнд байлцжээ. Тэр үед ахлагч Күк Далын ерөнхий эрх мэдэлтэн болсон байв. Ерөнхийлөгч Тамир “Сайн гишүүн байгаарай. Үргэлж сайн гишүүн бай” хэмээн хэлсэн ахлагч Күкийн энгийн зөвлөгөөг одоо хүртэл санадаг. Энэ үгс түүнийг амьдралынх нь туршид чиглүүлсэн.
Ерөнхийлөгч Тамирын хөрвөлтийн түүх Монголд эхэлж, Айдахо мужид үргэлжилсэн бол Сара эгчийн түүх тэс өөр байв. Тэрээр насан туршдаа Сүмийн гишүүн байсан бөгөөд гэр бүлийнх нь аль аль талд анхдагч өвөг дээдэс байдаг. Тэрээр ахлах сургуулиа төгсөөд, одоо БЯИС нэртэй болсон Айдахо дахь Рикс коллежид суралцжээ.
Ерөнхийлөгч Тамир номлолынхоо дараа мөн тэр сургуульд элсэн сурсан байна. Төгсөх жилдээ тэр хоёр танилцаж, улмаар гэрлэжээ. “Энэ хүн миний гэрлэх ёстой хүн гэдэг баталгааг хүлээн авахдаа би амьдралаа Монголтой үүрд холбоно гэдгээ мэдсэн. Хэрэв Их Эзэн хүсвэл би тийшээ явахад бэлэн байх хэрэгтэй байсан” гэж Сара эгч хэлэв.
Энэхүү дуудлага 2025 оны 12-р сард ирсэн бөгөөд тэднийг шинээр байгуулагдсан Монгол Улаанбаатар Баруун номлолын удирдагчаар үйлчилнэ үү хэмээн урьжээ.
Тамир, Сара хоёр итгэлээр үйлдэж, тогтсон амьдралаа ардаа орхив. Тэд ажлаасаа гарч, байшингаа түрээслүүлээд, хоёр бага хүүхдийнхээ хамт Монгол руу нүүжээ. Дуудлагаа хэрхэн хүлээн авсан талаар асуухад ерөнхийлөгч Тамир “Би үнэхээр дарууссан байсан. Ийм арга замаар үйлчлэхийг биднээс хүснэ гэж би хэзээ ч төсөөлж байгаагүй. Би амьдралдаа Их Эзэний мутрыг харсан бөгөөд энэхүү өвөрмөц албанд үйлчлэх боломж олдсонд талархаж байна” гэж хэлсэн.
Шилжилт хөдөлгөөн нь гэр бүлийн бүх гишүүнээс золиос гаргахыг шаардсан. Сара эгч “Тэд явахад бэлэн байсан. Тэд маш их зүйлээ орхисон бөгөөд энэ бол хэцүү шийдвэр. Гэхдээ тэд энд ирсэн, үүнийг хийж байна” гэж хүүхдүүдийнхээ талаар хэлэв. Тэдний гурав дахь хүүхэд Жозэф эцэг эхээ номлолын дуудлагаа хүлээн авахаас өмнө Монголын Улаанбаатар номлолд үйлчлэх дуудлага авсан нь гэр бүлийн гайхалтай давхцал болсон байна.
Download PhotoЕрөнхийлөгч Тамир, Сара эгч хоёр шинэ номлолыг удирдаж эхлэхдээ асар их боломж өмнө нь буйг ойлгож байв. “Сүм хараахан байгуулагдаагүй олон газар Монголд бий. Энд маш олон боломж байна” гэж ерөнхийлөгч Тамир хэлэв. Тэрэр Калифорниагийн Сан Франциско хотод номлогчоор үйлчилж байсан туршлагаа эргэн дурсаад, “Номлол амьдралыг минь илүү сайхан болгож өөрчилсөн төдийгүй Аврагчийн талаарх гэрчлэл, сайн мэдээгээр амьдрах шийдвэрийг маань бататгаж өгсөн. Номлогчид маань Христэд үнэн сэтгэлээсээ хөрвөгдөнө гэж би найдаж байна” гэж нэмж хэлэв.
Сара эгч Монголын ард түмэнд хайртайгаа илэрхийлэв. “Тэд үнэхээр нээлттэй, халамжтай хүмүүс бөгөөд боловсрол, гэр бүл гээд зөв сайхан зүйлд анхаарлаа хандуулдаг.”
Уламжлалт номлох арга барил хязгаарлагдмал, номлогчид уламжлалт нэрийн тэмдэг зүүдэггүй гээд Монгол дахь номлол өвөрмөц хэвээр байна. Гэсэн хэдий ч ерөнхийлөгч Тамир өдөр бүр Их Эзэн ажлаа удирдаж байгаагийн нотолгоог хардаг. “Эдгээр сорилт бэрхшээлээс үл хамааран Их Эзэн хүмүүсийг бэлтгэж байна. Би долоо хоног бүр номлогчдоосоо гайхамшгийн талаар сонсож байна” гэж тэр хэлэв.
Гуч гаруй жилийн өмнө Их Эзэн Күк эгч, Кокс эгч хэмээх англи хэлний хоёр багшаар дамжуулан нэгэн залуу Монгол сурагчийг бэлтгэж эхэлсэн. Өнөөдөр тэр сурагч гэр бүлийнхэнтэйгээ хамт Монголд Их Эзэний ажлыг удирдахад туслахаар буцан ирлээ.