Мэдээ мэдээлэл

Өсвөрийн хөгжимт фестиваль итгэл ба эв нэгдлийг бэхжүүллээ

2026 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатарын Зүүн болон Баруун гадасны өсвөр үеийнхэн Улаанбаатар Баруун гадасны байранд зохион байгуулагдсан Өсвөр үеийнхний хөгжимт фестиваль-д оролцсон юм. Тус арга хэмжээг хоёр гадасны Залуу эрэгтэй, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчдийн зөвлөл болон орон нутгийн удирдагчид хамтран Монгол улсад анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог байв.

MNGMF.jpgDownload Photo

Фестивалийн зорилго нь хөгжим болон сүнслэг захиасуудаар дамжуулан өсвөр үеийнхний Есүс Христэд итгэх итгэлийг бэхжүүлэх, хөгжмөөр дамжуулан Аврагчийг шүтэн бишрэх, Сүнсийг баяр баясгалантайгаар мэдрэх чухал арга зам гэдгийг зохион байгуулагчид онцлох байсан юм. Мөн өсвөр үеийнхнийг хооронд нь нэгтгэж, зөв шударга нөхөрлөлийг дэмжих, итгэл үнэмшилд төвлөрсөн амьдралын хэв маягт урамшуулахыг зорьсон талаараа хуваалцав.

Арга хэмжээнд бэлдэхийн тулд тойрог, салбарууд тус бүрт урьдчилан дуу оноож, өсвөр үеийнхэн хамтран бэлтгэл хийж, өөрсдийн уран бүтээлээ тайзан дээр толилуулсан юм. Тэд Сүмийн дэлхий дахинд хэрэгжүүлж буй 2026 оны өсвөр үеийнхний хөгжимт фестивалийн дуунууд, мөн бүжиг болон бусад бүтээлч үзүүлбэрүүдийг танилцууллаа. Дууны бэлтгэлийг хоёр гадасны Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч нар, санваартан удирдагч нартай нягт хамтран зохион байгуулж, зарим тойргуудаар очиж дэмжлэг үзүүлсэн байна.

MNGMF6.jpgDownload Photo

Арга хэмжээг Баруун гадасны ерөнхийлөгчийн 2 дугаар зөвлөх О.Сэргэлэнбаатар ах нээж, өсвөр үеийнхэнд хандан итгэл, зориг, шавь байх талаар үнэ цэнтэй сургаал, зөвлөгөө өглөө. Хөтөлбөрийн туршид өсвөр үеийнхэн авьяас чадвараа итгэлтэйгээр илэрхийлж, олон оролцогчид өмнө нь хэзээ ч нийтэд үзүүлж байгаагүй авьяасаа бусадтай хуваалцсан нь онцлох мөчүүдийн нэг байв. Тус фестиваль нь өсвөр үеийнхэнд нээлттэй байх чадвараа хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, Бурханаас өгөгдсөн авьяас бэлгээ таньж мэдэх сайхан боломж болсон юм.

MNGMF7.jpgDownload Photo

Арга хэмжээний уур амьсгалыг бүрдүүлэхэд ч онцгой анхаарч, заалны чимэглэл, хоол ундаа зохих ёсоор бэлтгэсэн нь өсвөр үеийнхэнд эерэг сэтгэгдэл үлдээлээ. Олон оролцогч зураг авхуулж, үйл ажиллагааны талаарх сэтгэгдлээ өөрсдийн цахим хуудсаар дамжуулан хуваалцсан байна. Мөн алслагдсан салбаруудад байгаа өсвөр үеийнхнийг оролцуулах зорилгоор тус арга хэмжээг Монголын FSY фэйсбүүк хуудсаар шууд дамжуулсан билээ.

2026 оны Өсвөрийн хөгжимт фестиваль нь итгэл, хөгжим, эв нэгдлийг хослуулсан баярт үйл явдал болж, оролцсон хэн бүхний сэтгэлд гүн сэтгэгдэл үлдээн, цаашдын өсвөр үеийн арга хэмжээнүүдийн бат бөх суурийг тавилаа.