Мэдээ мэдээлэл

“Тэрбум мод” хөдөлгөөнд Чойбалсан хотынхон нэгдлээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг тохиолдуулсан нэгдсэн арга хэмжээ 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Чойбалсан хотын Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулагдлаа. Байгаль орчныг хамгаалах, ойжуулалтыг нэмэгдүүлэх, ногоон хөгжлийг дэмжих зорилготой уг арга хэмжээнд нийт 54 байгууллага, аж ахуйн нэгжийн 1,024 ажилтан албан хаагч идэвхтэй оролцов.

Тус арга хэмжээнд оролцогч байгууллагуудын нэг болох Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага нь бодит үр дүн бүхий хувь нэмэр оруулж Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын хүсэлтийн дагуу хотын төв зам дагуу суулгах 70 ширхэг нарс модыг хандивлан, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн юм.

Нээлтийн арга хэмжээний үеэр Хэрлэн сумын Засаг дарга С.Мөнхжаргал Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагыг хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд тогтвортой, бодитой хувь нэмэр оруулж ирснийг үнэлэн Талархал болон Чойбалсан хотын бэлгэдэл бүхий тэмдгийг гардууллаа. Дашрамд дурдахад, ДОУЭ байгууллага нь хиймэл нуурын зүүн урд хэсэгт сүүлийн гурван жилийн хугацаанд таван төрлийн 1,000 гаруй мод тарьж, амжилттай ургуулан арчилж байгаа билээ.

ChoiTP8.jpgDownload Photo

Нээлтийн арга хэмжээний дараа Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагын сайн дурын ажилтнууд 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ойн зурвас”-т очиж, улиас болон голт бор модны суулгацыг тарин ойжуулалтын ажилд идэвхтэй оролцлоо. Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн мод тарихаар хязгаарлагдахгүй, байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсрыг төлөвшүүлэх, олон нийтийг ногоон ирээдүйн төлөө хамтран ажиллахад уриалсан ач холбогдолтой үйл ажиллагаа болсон юм.

Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилгыг хэрэгжүүлэхэд тууштай оролцсоор ирсэн бөгөөд одоогийн байдлаар 60 гаруй га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг хэрэгжүүлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Эдгээр ажлууд нь тогтвортой хөгжил, ирээдүй хойч үедээ өвлүүлэх ногоон орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.