Мэдээ мэдээлэл

Монгол Улаанбаатар Номлолын шинэ удирдагчид дуудагдлаа

Ерөнхийлөгч Надмид Намгүр болон Маюуми Намгүр эгч Монголд үйлчлэхээр эргэн ирж буй агуу баяр хөөрөө хуваалцав

Ерөнхийлөгч Надмид Б.Намгүр болон түүний эхнэр Маюуми Я.Намгүр нар Монгол Улаанбаатар Номлолын удирдагчдаар дуудагдлаа. Тэд Юта мужийн Өмнөд Жордан Ийстлэйк гадасны Ийстлэйк 2-р тойргийн гишүүд бөгөөд 1992 онд Монголд Сүм нээгдсэнээс хойш номлолын 13 дахь удирдагчид болж байна. Номлолын анхны удирдагчид 1994 онд дуудагдаж байв.  

© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Ерөнхийлөгч Намгүр 1976 онд Цэндбаатар Сээсрэг Намгүр болон Оюун Паралха нарын гэр бүлд Улаанбаатар хотноо мэндэлсэн. Тэрээр Сүмд гадасны гүйцэтгэх нарийн бичиг, дээд зөвлөлийн гишүүн, тойргийн гүйцэтгэх нарийн бичиг, тойргийн Ням гаргийн ангийн багш, тойргийн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөх, бишоп, бишопын зөвлөх, салбарын ерөнхийлөгч, ариун сүмийн ёслолын ажилтан, Калифорни Сан Диэго номлолд номлогчоор тус тус үйлчилсэн. Ерөнхийлөгч Намгүр бизнесийн салбарт ажилладаг байсан бөгөөд одоогоор Сүмийн ариун сүмийн хэлтэст олон улсын ариун сүмийн үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажилладаг.   

Намгүр эгч Япон улсын Хёого мужийн Амагасаки хотод Таканобү Яманака болон Шизүко Ватанабэ нарын гэр бүлд төрсөн. Тэрээр Сүмд гадасны Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөх, тойргийн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч, тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөх, тойргийн Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөх, Хүүхдийн хэсгийн багш, Ням гаргийн ангийн багш, нярайн хэсгийн удирдагч, Японы Токио Өмнөд номлолд номлогчоор тус тус үйлчилсэн. Тэр мэргэжлийнхээ чиглэлээр багш, эрүүл мэндийн зөвлөхөөр ажиллаж байсан ба одоогоор Ривэртон Интэрмаунтэн Эрүүл Мэндийн төвийн нярайн эрчимт эмчилгээний тасагт мэргэшсэн сувилагчаар ажиллаж байна.  

Ерөнхийлөгч Намгүр, Намгүр эгч хоёр 2005 онд Бригам Янгийн Их Сургуульд суралцаж байх үедээ Солт Лэйкийн Ариун сүмд лацдан холбуулсан. Тэд Дэвид (13 настай), Даниэл (11 настай) гэдэг 2 хүүхэдтэй. Ерөнхийлөгч Намгүр 2011-2015 оны хооронд Рио Тинтод ажиллаж байхдаа Монголд гэр бүлээрээ амьдарч байв. Энэ үед Ерөнхийлөгч Намгүр бишопын зөвлөхөөр мөн бишопоор үйлчилж байсан. Харин Намгүр эгч Улаанбаатар Баруун Гадасны Хан-Уул тойрогт төгөлдөр хуурчаар үйлчилж байв. 

Ерөнхийлөгч Намгүр эхнэртээ гэрлэх санал тавих үед тэд хоорондоо зөвхөн англи хэлээр ярьдаг байсан ба Монгол/Япон гэр бүлийн ямар ч хос таньдаггүй байв. Тэд нэг гэр бүлд орших 3 өөр хэл, соёлын бэрхшээл болон адислалыг олж харсан юм. Намгүр эгч ерөнхийлөгч Намгүрт “Бид гэр бүл дотроо бусад хосын туулахгүй өвөрмөц сорилт бэрхшээлийг туулж байж болох ч тэдгээр нь түр зуурынх юм. Ирэх амьдрал энэ дэлхий дээрх амьдралаас хамаагүй урт байх болно. Бид гэрээнүүддээ үнэнч байж, эцсээ хүртэл тэвчих юм бол мөнхийн амьдралд ямар ч бэрхшээл үгүй болно гэдгийг би мэднэ” гэж хэлж байжээ. Их Эзэнд итгэж, Сүмийн удирдагчдын зөвлөгөөг дагах нь тэдний амьдралын гол зүйл байсаар иржээ. 

Тэдний гэр бүл Монголд номлолын удирдагчдаар үйлчлэх дуудлага хүлээн авснаар даруу байдлыг мэдэрсэн аж. Тэд энэ талаар хуваалцахдаа, “Бид тэтгэвэрт гараад өөрсдийн эх оронд номлолд үйлчлэхийг үргэлж хүсдэг байсан. Харин энэ дуудлага бидэнд маш том гэнэтийн бэлэг боллоо. Их Эзэн биднийг энэ ариун үйлчлэлд дуудсан нь биднээс бус бидний эргэн тойрон дахь хүмүүсийн нөлөөллөөс үүдэлтэй байх. Бидэнд Христийнхтэй адил зан чанараар дүүрэн олон гайхалтай найз нөхөд сайн мэдээгээр амьдрах өөрсдийн үлгэр жишээгээр зааж, нөлөөлж мөн биднийг хүрээлж байсан. Бид бүгд Есүс Христийн сайн мэдээний адислалыг хүлээн авч, баясан цэнгэж болохын тулд ах, эгч нараа Аврагчид ирэхэд нь ‘хайрлаж, тэдэнтэй хуваалцаж, урьдаг’ номлогчид, гишүүд, удирдагчидтай хамтран үйлчлэх цаг мөчийг тэсэн ядан хүлээж байна. Түүнчлэн бид Монголын итгэлтэй гэгээнтнүүд ариун сүмийн ёслол болон адислалуудыг Монголдоо хүлээн авах тэрхүү өдрийг найдан хүлээж байна” гэжээ. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.