Мэдээ мэдээлэл

2019 онд Азийн хойд бүс дэх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хийсэн хүмүүнлэгийн ажил

Таван оронд хэрэгжүүлсэн 52 төсөл нь мянга мянган хүнд үр өгөөжөө өгөв

 

Саяхан Халамжийн болон бие даах чадвар хөгжүүлэх албанаас Азийн хойд бүс дэх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хүмүүнлэгийн ажлын үр дүнг танилцууллаа. Бүсийн менежер Дарвин Халворсон халамжийн 6 менежер, гэр бүлийн 3 ахмад хос номлогчоос бүрдсэн баг засгийн газар, сургууль, эмнэлэг, ашгийн бус хүмүүнлэгийн байгууллага, сүм, бусад тусламж хэрэгтэй хувь хүн, гэр бүлүүд зэрэг 45 байгууллагатай хамтран ажилласан хэмээн мэдээлэв. Олон төслийг Latter-day Saint Charities буюу Дэзэрэт Олон Улсын Энэрлийн байгууллагаас санхүүжүүлэн, зохион байгуулжээ. Халворсоны тооцоолсноор, 146000 гаруй хүнд тусламж үзүүлсэн ба нэг хүнд оногдсон өртөг нь 9.23 $ (25484 ₮) болсон байна.

Сүмээс байгалийн гамшигт нэрвэгдсэн газарт тусламж үзүүлэх мөн хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай иргэдэд болон дүрвэгчдэд хүүхдийн халамж, боловсрол, гэр бүлийн хүчирхийлэл, ядуурал зэрэг асуудлыг мөн эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд туслах санхүүжилт, сайн дурынхнаар хангадаг. Бусад төсөл нь агаарын бохирдол, цэвэр ус, байгалийн усны урсгалыг дэмжих гүүрийн засвар зэрэг байгаль орчны асуудлыг шийдэх зорилготой.

Гуамд хэрэгжүүлсэн нэг төслөөр тусгай хэрэгцээтэй 31 хүүхдэд тусалжээ. Мөн Косраэ тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эцэг эхийн холбоо Сүмийн төлөөлөгчдөд хандсан юм. 5000 хүн амтай үзэсгэлэнт муж арал дээрх Косраэгийн сургуулиуд тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд туслахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр дутагдаж байжээ. Тус сургууль цөөн хэдэн хуучирсан номтой байсан бөгөөд Сүм хүмүүнлэгийн санхүүжилтээр дамжуулан ном, хөдөлгөөнт тоглоом, хөгжмийн зэмсгүүдээр хангав. Энэ нь Косрейгийн удирдагчдад өндөр сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд орон нутгийн захирагч, сенатын гишүүд, Микронезийн Холбооны Улсын дэд ерөнхийлөгчид хүлээн авах ёслолд оролцов. Энэхүү багахан хэмжээний хандив нь хүүхдүүдийг хувь хувьдаа хамгийн дээд амжилтдаа хүрэхэд нь тусалснаар эцэг эхийн холбооны зорилгыг биелүүлэн, өргөн хэмжээний тусламж болсон юм.

Чуукийн эмэгтэйчүүдийн зөвлөл Сүмтэй болон Католик тусламжийн төвтэй мөн бусадтай хамтран чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зориулсан эрүүл мэндийн үзэсгэлэн яармагийг Чуук арал дээр зохион байгуулав. Асруудад цусан дахь чихрийг шалгах, амны хөндийн үзлэг хийх, хэрхэн эрүүл хооллохыг заасан хоол хийх үзүүлбэр зэргийг зохион байгуулсан ба тус эрүүл мэндийн үзэсгэлэн яармагт 300 гаруй хүн оролцжээ. Микронезэд хооллох зуршлын өөрчлөлт, биеийн хөдөлгөөний дутагдлаас шалтгаалсан чихрийн шижин өвчин өргөн тархсан ажээ. Олон хүн өөр өөр төрлийн чихрийн шижин өвчнөөр оношлогдсон байдаг ба уг өвчний нөлөөг хэрхэн хязгаарлах мөн зарим тохиолдолд өвчнийг эдгээх тал дээр зааварчилгаа хүлээн авав. Уг сургалтын зорилго нь хоолны дэглэм, амьдралын хэв маяг, гэр орны ажлын талаар боловсрол олгосноор Чуукийн эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх явдал байсан юм.

Хүнсний үйлдвэрлэл нь хэд хэдэн улсад түгээмэл асуудал байсан. Косраэд ихэнх хоол хүнсийг усан онгоцоор маш өндөр өртөгтэй тээвэрлэн авч ирдэг. Лэлү тариаланчдын холбоо Сүмтэй хамтран гэр бүлүүдэд 10 хүлэмж барьж өгчээ. Тэдгээрийг барихад гэр бүлийн ахмад хос номлогч туслав. Тариалалтын үечилсэн давхаргуудыг өндөрлөгөөтэй суурин дээр барьж, хэт их борооноос болон зулзаган ногооны үндсээр хооллодог наргил модны хавчнаас хамгаалан бүрхүүл хийжээ. Хүлэмжтэй болсон гэр бүлүүд улаан лооль, чинжүү, өргөст хэмх, байцаа, бусад ногоог хэрэгцээндээ хангалттай хураан авч, илүү гарснаа ихэнхдээ зарж борлуулдаг. Энэ нь тэдний хөршүүдэд тустайгаас гадна өөрсдийнх нь гэр бүлд эрүүл хүнс, орлогын эх үүсвэр болдог. Энэхүү төсөл маш амжилттай хэрэгжиж байгаа тул Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл 2020 онд 20 хүлэмж нэмж барихыг дэмжин, баталжээ.

Монголд хүнсний хадгалалт, нөөшлөлт мөн чухал асуудал байв. Саяхныг хүртэл монголчуудын хоол хүнсэнд мах зонхилж байсан. Цаг агаарын өөрчлөлтийн улмаас олон монгол малчин Улаанбаатар хот руу шилжин суурьших хэрэгтэй болсноор хоол хүнсэндээ ногоо хэрэглэх хэрэгцээг нэмэгдүүлэхэд хүргэсэн байна.

Харамсалтай нь, Монголд ургацын улирал богинохон учир тариалалтын хугацаа хязгаарлагдмал байдгаас жил бүр хүнсний ногоог богино хугацаанд л хэрэглэх боломжтой байдаг. Улс даяар ногооны үрийг нэг зэрэг тариалж, зэрэг боловсордог. Ургац хураалтын дараа хүнсний ногоо зах зээлийг дүүргэдэг тул хямд үнэтэй байдаг. Хүнсний ногоог хадгалах, нөөшлөх тоног төхөөрөмж дутагдалтайн улмаас хүнсний ногоо хурдан муудаж, өвлийн улиралд хүнсний ногоо хангалттай байдаггүй.

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага уг асуудлыг шийдвэрлэх боломж хайхад нь туслахаар Бригам Янгийн Их Сургуулийн багш доктор Брад Тэйлорт ханджээ. 2019 оны 8-р сард Монголын засгийн газар, бизнесийн удирдагчдаас бүрдсэн 12 төлөөлөгч энэ талаар илүү ихийг суралцахаар БЯИС-ийг зорив. Тэднийг хүнсний ногооны хураалт, нөөшлөлт, хадгалалтын талаар суралцахад нь туслахаар Солт Лэйк Сити дэх Халамжийн талбай, Айдахо, Юта мужуудын фермүүдтэй танилцуулжээ. Төлөөлөгчид сурч мэдсэн зүйлсдээ ихэд талархаж, сэтгэл хангалуун байв. Доктор Тэйлор энэ хавар Монгол руу буцаж очихоор төлөвлөж байна. Төлөөлөгчид жил болгон илүү удаан хугацаанд хүнсний ногоо хэрэглэх боломжийг, энэ нь Монголд хэрхэн ашиг тустай болохыг харсан нь тэдний хувьд нүдийг нь нээсэн үйл явдал болжээ.

Сүм Сайпан, Япон, Солонгос зэрэг улс орон, газарт гамшгийн хор уршгийг даван туулахад тусламж үзүүлжээ. Latter-day Saint Charities нь Сайпан, Тиниан зэрэг газарт болсон Юту хар салхины сүйрлийн зардалд 1 000 000 ам.долларын тусламж үзүүлэв. Өнгөрсөн жил Японы Хоншу арал дээр үүссэн Факсиа, Хагибис нэртэй хоёр том хар салхины үеэр шаардлагатай зүйлсээр хангах, худалдаж авах хандив өргөв. Сүмийн гишүүд 80 000 хүнийг гэр оронгүй болгосон шуурганы дараах цэвэрлэгээнд туслах сайн дурын ажилд 2800 цагийг зарцуулжээ. Сүм түүнчлэн Адвантинс сүмийн хүмүүнлэгийн тусламжийн ADRA байгууллагатай хамтран Михара дахь үерт өртсөн хүмүүст туслав.

Байгалийн гамшгийн үеэрх сайн дурын тусламжийг хариуцдаг Япон дахь ашгийн бус байгууллага JVOAD-тай хамтран, Хоккайдо дахь газар хөдлөлтөд өртсөн хүмүүст туслах онцгой төслийг Сүм санаачлан хэрэгжүүлэв. Орон нутгийн Сүмийн удирдагчид хохирогчдод туслах сайн дурын олон ажилтантай холбоо тогтоосон бөгөөд хэрэгцээт зүйлсээр нь хангахаас гадна түр орогнох газарт удаан хугацаагаар амьдарч байгаа хохирогчдод хөлний массаж хийж өгчээ. Энэ нь хохирогчдод бодол санаа, мэдрэмжээ хуваалцаж ярих, амьдралдаа тохиож буй хүнд хэцүү үеийг даван туулахад нь тус нэмэр болсон юм.

Солонгосын Гангуон аймагт болсон гал түймрийн улмаас олон хүн гэр орноосоо дайжихад хүрсэн байна. Сүмийн гишүүд хандивын хүнс, хөнжил, гудас, хувцсыг автомашинд ачин, Сокчо дахь халамжийн төвд хүргэж өгчээ. Гуанжу, Гёонгги, Сөүл зэрэг гадаснууд хамтдаа кимчи, хоолны хачир хийж, хэрэгтэй хүмүүст нь тарааж өгөв. Жионжу гадас ахмад настнууд болон бусад эмзэг бүлгийн хүмүүсийг нүүрс, түлшээр хангажээ.

Энэ бүхэн бол Азийн хойд бүс дэх тусламж хэрэгтэй хүмүүст Сүмийн гишүүдийн үзүүлсэн тусламжийн цөөн хэдэн жишээ юм. Ихэнх хандивыг Хүмүүнлэгийн санд өргөсөн хандиваар дамжуулан хүлээн авсан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 2019 оны 10-р сарын чуулган дээр Сүмийн дэлхий даяарх хүмүүнлэгийн тусламжийн талаар үг хэлсэн. Тэрээр хэлсэн үгэндээ Шинэ Зеланд, Аргентин, Хятадад үзүүлсэн үйлчлэлийн гурван жишээг дүрслэн, тэдний үг, үйлдэлд сэтгэл нь ихэд хөдөлсөн тухайгаа дурдаад, “Есүс Христийн бусад дагалдагчийн адил, хожмын үеийн гэгээнтнүүд үргэлж бусдад туслан, өргөн дэмжиж, хайрлах арга замыг хайж байдаг. Их Эзэний хүмүүс гэж нэрлэгдэх хүсэлтэй хүмүүс “нэг нэгнийхээ ачааг үүрэлцэж, … ‘гашуудах тэдний хамт гашуудаж; … тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад’ бэлэн байдаг. Тэд эхний болон хоёр дахь агуу зарлигийн дагуу амьдрахыг үнэхээр эрэлхийлдэг. Бид Бурханыг бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлах юм бол хариуд нь Тэрээр бидний зүрх сэтгэлийг бусдын сайн сайхны төлөөх буянтай үйлсэд татан оруулдаг” хэмээн хэлсэн.

(https://www.churchofjesuschrist.org/study/general-conference/2019/10/46nelson?lang=mon дээр дараад, ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн үгийг үзнэ үү).

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 1984 оноос хойш дэлхий даяарх тусламж хэрэгтэй хүмүүст тэдний сүмийн хамаарал, яс үндэс, арьс өнгө, бэлгийн чиг хандлага, хүйс, улс төрийн үзэл бодол зэргээс нь үл хамааран хоёр тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлжээ.

Ерөнхийлөгч Нэлсон “Бусдад тусламж үзүүлэх буюу өөрийн ухамсраар бусдад өөртэйгөө адил эсвэл өөрөөсөө илүү санаа тавих нь бидний хувьд баяр баясгалан билээ. Ялангуяа тохиромжгүй үед ч, мөн тав тухтай орчноосоо гарахдаа ч тэд баяр баясгаланг мэдэрдэг гэдгийг би нэмж хэлэх гэсэн юм. Тэрхүү хоёр дахь агуу зарлигийн дагуу амьдрах нь Есүс Христийн жинхэнэ шавь болохын гол түлхүүр юм” хэмээн хэлсэн.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.