Мэдээ мэдээлэл

Төлөөлөгч Гуамын Жиго ариун сүмийг онцгойлон адислав 

Ахлагч Дэвид А.Бэднар Микронезын анхны ариун сүмийг онцгойлон адислахдаа Есүс Христийг бүх зүйлийн төв хэмээн хэллээ.

Гуам руу аялахад хэзээ ч амар байгаагүй. Нүд хужирлам байгалийн тогтоц, баялаг түүх, итгэлтэй хожмын үеийн гэгээнтнүүд бүхий АНУ-ын энэхүү газар нутаг нь Номхон далайн хойд хэсэгт, Филиппинийн тэнгисийн хилийн ойролцоо оршдог. 

Жуулчид Номхон далайн баруун хэсгийн эдгээр аралд хүрэхийн тулд Японы Токио хотоос урагш таван цаг, Хавайн Хонолулу хотоос баруун тийш найман цаг, Филиппинийн Манила хотоос зүүн тийш дөрвөн цаг, Австралийн Брисбэн хотоос хойшоо зургаан цаг нисэх хэрэг гардаг. Нөгөөтээгүүр, Гуам дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд ариун сүмд очихын тулд мөн л дээрх хугацааг туулдаг байв. 

Энэ байдал 5-р сарын 22-ны ням гарагт Гуамын Жиго ариун сүмийг буюу Микронез дахь Сүмийн анхны ариун сүмийг онцгойлон адисалснаар өөрчлөгдлөө. 

Гэрэл зургийг татаж авах 

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ариун сүмийг онцгойлон адислах ёслолын үйл ажиллагааг тэргүүлж, ариун сүмийн талаар болон Аврагчийн талаар суралцаж, Түүнтэй илүү адилхан болоход нь хувь хүмүүст туслахад гүйцэтгэх үүргийнх нь талаар санаа бодол болон төлөөлөгчийн хувиар өгөх зөвлөгөөгөө хуваалцлаа. 

Тэрээр: “Бид ариун сүмийн талаар маш их ярьдаг. Гэхдээ бид эхлээд ариун сүмтэй Есүс Христийг үргэлж холбох ёстой” гэв. Түүнтэй хамт түүний эхнэр Сюзан Бэднар эгч; Далын ахлагч Майкл Жон Ү.Тэ болон түүний эхнэр Грэйс Тэ; Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, Далын ахлагч Жон А.Маккюн, түүний эхнэр Дэббра Маккюн нар оролцжээ. 

Уг ариун сүм нь Гуамын Барригада гадасны 2500 гишүүнд болон Микронезын эргэн тойрны арлуудын мянга мянган гишүүнд үйлчилнэ. Энэ ариун сүмийн дүүрэгт Намонэс Чуук дүүрэг (Гуамаас зүүн өмнө зүгт 965 км-т орших), Панасанг Понпей гадас (Чуукаас зүүн тийш 643 км-т орших) болон Микронезын Косраэ дүүрэг (Понпэйгээс зүүн тийш 483 км-т орших) багтах юм. 

Илүү ойрхон ариун сүм, илүү том нөлөө 

Шинэ ариун сүм нь дүүргийн гишүүдэд Аврагчид болон Түүнтэй хамт байгуулсан гэрээний харилцаандаа анхаарлаа төвлөрүүлэх шинэ боломжийг олгож байна гэж ахлагч Бэднар хэлэв. 

Тэрээр цааш нь: “Ариун сүмийн хэмжээ, архитектур сонирхол татдаг боловч бидний анхаарах зүйл бол барилга биш юм. Биднийг гэрээ, ёслолуудыг зохистойгоор хүлээн авах үед ариун сүм дотор өрнөдөг зүйлс нь ариун сүмийн гол зорилго юм” гэлээ. 

Гуамын Жиго ариун сүм нь Сүмийн барьж байсан хамгийн жижиг ариун сүмүүдийн нэг боловч ахлагч Бэднар “Гэхдээ бидэнд жижиг ариун сүм гэж байдаггүй. Ариун сүм бол ариун сүм. Гэрээ болон ёслолууд ариун сүмийн хэмжээнээс хамаарахгүйгээр бүгд яг адилхан байдаг” гэж хэлэв. 

Гэрэл зургийг татаж авах 

Ариун сүмийг хүмүүст ойртуулан барих ажил нь ариун сүмийн загвар дизайныг илүү уян хатан байлгах боломжийг олгосон. Жишээлбэл: Гуам дахь шинэ ариун сүм нь тухайн өдрийн хэрэгцээнээс хамааран зааврын өрөө эсвэл лацдан холболтын өрөө болгон ашиглах боломжтой хоёр өрөөтэй. Энэхүү уян хатан байдал нь зөв ёслолуудыг зөв цагт нь Сүмийн гишүүдэд хүртээх боломжийг олгож байгаа юм. 

Орон нутгийн ариун сүмийн хороонд үйлчилдэг Барригада тойргийн гишүүн Лори Босс энэ ариун сүм нь дэлхийн олон хүний ойлгож байгаагаас хавьгүй илүү ач холбогдолтой гэж хэлэв. 

Өмнө нь ариун сүмд очихын тулд туулдаг байсан замыг одоогийнхтой харьцуулбал, “эндээс хол амьдардаг хүмүүсийн хувьд энэ нь тийм ч том өөрчлөлт биш юм шиг санагдаж магад. Гэхдээ зөвхөн виз авахын тулд Манила хүртэл явах нь завинд суугаад л нэг арлаас нөгөө арал руу очихоос тэс өөр шүү дээ” гэж тэр ярилаа. 

Гэхдээ хувь хүмүүст гарсан болон ариун сүм рүү очиход хялбархан болсон зэрэг том өөрчлөлтүүдээс гадна өөр нэгэн адислал Боссын анхаарлыг татжээ.  

“Энэ нь гэр бүлүүдийг төдийгүй ард түмнийг холбох газар байх болно гэж би бодож байна” гэж тэр хэллээ. 

Ахлагч Бэднар хожмын үеийн гэгээнтнүүдийг ариун сүмд агуу адислалууд хүлээж байгаа тухай хэлэв. 

Тэрээр: “Бид гэрээ болон ёслолуудыг зүрх сэтгэлдээ гүн гүнзгий сийлэхийн тулд тэдгээрийг ариун сүмд хүлээн авч, сэргээхээр ирдэг. Сүмийн ямар чгишүүн эдгээр ариун нандин зүйлийг зүрх сэтгэлдээ сийлэх зорилготой” хэмээн нэмж хэлсэн юм.

Бритни Ригдон 18 жилийн өмнө Гуамаас нүүж явсныхаа дараа, ариун сүмийг онцгойлон адислах ёслолд оролцохын тулд уг арал руу яаж ийж байгаад очих хэрэгтэй гэдгээ мэдэж байв.

Гуамд өссөн тэрээр арал дээр эргэн очиж, ариун сүмийг онцгойлон адислах ёслолд оролцох боломжтой байгаадаа туйлын их талархаж байна. Тэр одоо гэр бүлтэйгээ Японд амьдардаг.

Гуамын өсвөр үеийнхэн онцгой цугларалтаас чухал захиасыг сурч мэдэж мөн мэдрэв

“Ариун сүмийн хэмжээнээс хамаарахгүйгээр гэрээ, ёслолууд нь хаана ч очсон яг адилхан байдаг. Ёслолууд хувь хүнийх боловч бүх газар адилхан” гэж тэр хуваалцлаа.

Ариун сүм бүр гадна ертөнцөөс тэс өөр, онцгой уур амьсгал, мэдрэмжийг өгч чадна. Ариун сүмд ирсэн хүмүүсийг эндээс амар амгаланг мэдэрч байгаадаа талархана хэмээн найдаж байна гэж ахлагч Бэднар хэллээ.

Тэрээр: “Бидний ариун сүмд мэдэрдэг Сүнс, дэлхийн үймээн самуун хоёрын хоорондын эрс тэс ялгаа ойр ойрхон очсон ч арилж алга болохгүй байх болтугай хэмээн би найдаж байна.

Ариун сүмд бид мөнх бус амьдралд байдаг гэж ч төсөөлж байгаагүй тийм нам гүм байдлыг мэдэрдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам бид ариун сүм дотор байхдаа, гаднах нөхцөл байдал ямар ч байсан уг нам гүм байдал бидний сэтгэл дотор оршиж чадна

Зарим хүний хувьд эдгээр өөрчлөлтийн зарим нь ариун сүмд анх орохоос нь ч өмнө явагдаж эхэлдэг.

Барригада тойргийн бишоп Род Босс ариун сүмийн онцгойлон адислах ёслолд бэлдэхэд нь тойргийнхоо гишүүдэд тусалж байхдаа үүнийг мэдэрснээ гэрчилсэн юм.

“Манай тойргийн хэд хэдэн гэр бүл өнгөрсөн жилээс эхлэн ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахын төлөө шаргуу ажилласан. Тэднийг гэр бүлээрээ инээмсэглэсээр орж ирэхийг харах миний хувьд үнэхээр сайхан үйл явдал байлаа” гэж тэр ярив.

“Бид өөрсдөө адислагдахын тулд бус харин бусдыг адислахын тулд сайн мэдээний дагуу амьдрах үүрэг хүлээдэг.” -Ахлагч Дэвид А.Бэднар

Гэр бүлүүд хамтдаа ажиллаж, бие биедээ ариун сүмд орохоор бэлдэхэд нь туслах нь Христийнхтэй адил хайрын нэг жишээ юм. Ахлагч Бэднар Христийн мөн чанарын нэг хэсэг бол бусдад үйлчлэх явдал болохыг хэлсэн.

Тэр: “Бид өөрсдөө адислагдахын тулд бус харин бусдыг адислахын тулд сайн мэдээний дагуу амьдрах үндсэн үүрэг хүлээдэг” гэж хэлэв.

Дайны үед байгуулагдсан Сүмийн нэгжүүд

Сүмийн анхны гишүүд 1944 оны Дэлхийн 2-р дайны үед зэвсэгт хүчний гишүүний хувиар арал руу илгээгдэн, Гуамд иржээ.

Тухайн үед арал дээр зохион байгуулагдсан салбарууд Алс Дорнодын номлолын удирдлаган доор байв. 1953 он гэхэд, Сүмийн анхны байрууд болох хагас дугуй хэлбэртэй төмөр барилгуудыг онцгойлон адисалсан ба тухайн үеийн удирдлагыг Хавайн Оахү гадаснаас томилжээ.

Анхны номлогчид дөнгөж 1957 онд Гуамд ирсэн байна.

Өнөөдөр Гуамд нэг гадас буюу дөрвөн тойрог, нэг салбараас бүрддэг Барригада гадас бий.

Гэрэл зургийг татаж авах

Мормоны Номыг Гуамын олон хүний ярьдаг чаморро хэл рүү бүрэн орчуулж дуусаагүй байгаа ч 1989 оноос хойш түүвэрлэн орчуулсан орчуулгыг унших боломжтой болсон. Гуамын 171000 оршин суугчийн гуравны нэг орчим нь мөн Мариана арал дээрх хэдэн мянган хүн л чаморро хэлээр ярьдаг.

Уг ариун сүм бол ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны 2018 оны 10-р сард зарласан 12 ариун сүмийн нэг юм. Уг чуулган дээр ерөнхийлөгч Нэлсон: “Ариун сүмийг барьж

байгуулан, харж хандах нь таны амьдралыг өөрчлөхгүй байж болох ч ариун сүмд өнгөрүүлсэн цаг мөч бүр таныг өөрчлөх нь дамжиггүй” гэж хэлсэн.

Үүнээс долоон сарын дараа Жиго дахь ариун сүмийн газар хөндөх ёслолыг үйлджээ.

Тухайн үед Сүмийн Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчөөр үйлчилж байсан ахлагч Юн Хван Чэй 2019 оны 5-р сарын 4-ний өдөр газар хөндөх ёслолыг тэргүүлж, ариун сүмийн газрыг онцгойлон адисалсан юм.

Learn more in the Church News Баяр хөөрөөр дүүрэн гэгээнтнүүд Гуам ариун сүмтэй болсон баярт үйл явдлыг тэмдэглэж байгаа нь

Гурван жилийн дараа буюу 5-р сарын 22-ны ням гарагт ахлагч Бэднар хүмүүсийг гурван хэсэгт хуваан, ариун сүмийг онцгойлон адислах ёслолыг үйлдэв.

Гуамын Барригада гадасны ерөнхийлөгч Фрэдивик Нисэриогоос Гуамд баригдаж буй ариун сүмийн ач холбогдлын талаар асуухад, тэрээр: “Би бошиглогчдын далайн арлын хүмүүст өгсөн амлалтад итгэдэг” гээд,

2 Нифай 29:7-д Их Эзэний Нифайд хэлсэн “Би, Их Эзэн та нарын Бурхан бүх хүмүүнийг бүтээсэн, мөн би далайн арлууд дээрх тэднийг санахыг, мөн би өөрийн үгийг хүмүүний үрст авчра[х болно]” гэсэн шүлгийг эш татав.

Сүүлийн жилүүдэд КОВИД-19 цар тахлын улмаас Гуам болон бүсийн бусад арал дахь хожмын үеийн гэгээнтнүүдэд олон сорилт бэрхшээл тулгарсан. Олон арал урьдчилан сэргийлэх үүднээс хилээ бүрэн хааж байв. Цар тахалтай холбоотой авч хэрэгжүүлж байсан хязгаарлалт өнгөрсөн сард Гуамд тавигдаж, биечлэн оролцох хязгаарлалтуудыг цуцалжээ. Харин Яп зэрэг бусад арал хилээ хаасан хэвээр байна.

“КОВИД бидний гэрийг сүйтгэсэн ч энд байгаа ариун сүм биднийг материаллаг болон сүнслэг байдлаар адислах болно” хэмээн ерөнхийлөгч Нисэрио хэлэв.

Church News Ахлагч Бэднар Гуам дахь ариун сүмийг онцгойлон адислах залбирлаараа гэгээнтнүүдэд ямар адислал өгснийг унш

“Ариун сүм бол мөнхийн гэр бүл байхын тулд хийх ёстой зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхэд хүмүүст тусалж байгаа адислал. Энэ бол аль ч шуурганаас хоргодож болох газар юм” гэж тэр нэмж хэлэв.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.