Мэдээ мэдээлэл

“ЦАГААН САР ба УГИЙН БИЧИГ” үйл ажиллагаа зохион байгууллаа

БИДНИЙ ДУРСАМЖ, БИДНИЙ ӨВ уриан дор уг үйл ажиллагаа явагдсан бөгөөд олон сонирхолтой хөтөлбөрүүдийг багтаажээ

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд болон олон нийтэд зориулсан “ЦАГААН САР ба УГИЙН БИЧИГ” үйл ажиллагаа өнгөрсөн амралтын өдөр буюу 1 сарын 27-ний Бямба гарагт Улаанбаатар Баруун Гадасны байранд боллоо. Олон гэр бүл, найз нөхөд энэ үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгөн бэлдэж ирсэн нь харагдаж байсан ба зохион байгуулагчдын зүгээс оролцогчдод үндэсний өв соёл, ёс заншлаа дээдлэх, угийн бичгээ хөтлөх урам зоригийг өгөх зорилготой энэ үйл ажиллагаа зохион байгуулсан гэдгээ хэлсэн юм.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг үйл ажиллагаа маань БИДНИЙ ДУРСАМЖ, БИДНИЙ ӨВ уриан дор энэ жил явагдсан бөгөөд дараах сонирхолтой хөтөлбөрүүдийг багтаажээ:

Гэр бүлийн дурсамжаа аудио болон зурган хэлбэрээр FamilySearch программд оруулж сурах нь үзүүлэн таниулах сургалтыг Улаанбаатар баруун гадасны Гэр бүлийн түүхийн зөвлөх Мандухай эгч, Зүүн гадасны гэр бүлийн түүхийн зөвлөх Мартцэцэг эгч нар удирдан явуулав.

Хамгийн гол хөтөлбөр бол яалд ч үгүй Галын дэргэдэх цуглаан юм. Эхний үг хэлэгч Сүмийн олон нийттэй харилцах албаны захирал С.Насанболд ах өмнөх хөтөлбөр болох Гэр бүлийн дурсамжаа аудио болон зурган хэлбэрээр FamilySearch программд оруулж сурахын чухлыг дурдаад ГАЛЫН ДЭРГЭДЭХ дээр ирсэн бүх хүмүүсийг FamilySearch программд орж хэрхэн дээрх мэдээллүүдийг оруулахыг зааж мөн дагаж хийхийг хүсэв. Тэрээр үүнийг ажил хэрэг болгосноор хожим үр хүүхэд нь ороод аавынхаа, ээжийнхээ дуу хоолойг сонсох нь ямар гайхалтай өв байх билээ гээд гишүүдийг дууныхаа бичлэгийг яриа болон харилцан яриа хэлбэрээр хийгээд хадгалахыг урив.

Т.Жанибек ах түүнийг жаахан байхад эцэг эх нь 1989 онд Монгол дахь хамаатнуудынхаа дуу хоолойг Казакстанд байдаг хамаатнууддаа зориулан мэндчилгээ дэвшүүлсэн хэлбэрээр бичлэгийг хийж аваачиж сонсгоод эргүүлээд тэнд байгаа хамаатнуудынхаа мэндчилгээг бичиж авчраад сонсгож байсан түүхийг хуваалцав. Тэрээр 2015 онд өөрөө Казакстанд очихдоо ор танихгүй хүмүүсээс УДМЫН БИЧГИЙНХЭЭ МЭДЭЭЛЛИЙГ асуухдаа тэр бичлэгийг сонсгох шалтгаанаар яриагаа эхэлье гээд авч явснаар дээшээгээ 5 үеэ олж бичих боломжтой байсан гайхалтай адислалынхаа талаар хуваалцаж С.Насанболд ахын уриалгыг хүлээн авч хийхийг хүсэв.

Улаанбаатар номлолын ерөнхийлөгчийн 1-р зөвлөх О.Одгэрэл ах гэр бүлийн түүхээ барьж авч хийхэд түлхэц болсон өвөг дээдэст нь тохиолдсон уялдаа холбоо бүхий түүхүүдийг хуваалцаж хооронд нь зангидаад, “бид гэр бүлийнхээ түүхийг өргөөшөө ч юм уу хамаагүй ямар нэгэн байдлаар хийгээд л эхлэхэд бидэнд тэр гайхамшиг гэдэг зүйл тохиолддог. Аврагч бидэнд бүгдэд маань тэр замыг бэлтгэсэн байгаа. Залуучуудаа, ГЭР БҮЛИЙН ТҮҮХЭЭ БИЧИХ НЬ ТА БҮХНИЙ ӨНӨӨДРИЙН АЖИЛ ЮМ” гэв.

Далын Ахлагч Савстром Беднар ахын уриалсны дагуу өсвөр үеийнхнийг аав ээжийнхээ биш өөрийн FamilySearch хаягийг нээгээд одоо гар утас ашиглахдаа чадварлаг, бас хурдан байгаа шигээ ГЭР БҮЛИЙН ТҮҮХИЙН вэбсайтад хаягтай болж бүрэн дүүрнээр ашиглахыг урив

--Монгол ахуйг харуулсан хиймэл орчин үүсгээд Уран сайхны ФОТО ЗУРАГ авсан Өлзийбаяр ахын баг үйл ажиллагаанд ирсэн гишүүн бүрд дурсгалын зураг авхуулах боломжийг олгож төлөвлөсөн цагаасаа 2-3 цаг илүү зарцуулж үйлчилсэн билээ.

© 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo
421848139_10225530518593920_8988887830348990861_n.jpg

--Үйл ажиллагааны хоёр дахь хэсгийг нээж Номлолын ерөнхийлөгч Намгүр ах үг хэлсэн бөгөөд мөн тэрээр МУГТ, Улсын Заан Сарангэрэлийн Хүрэлбаатар, Азийн Хойд Бүсийн 70 гишүүн Ахлагч Хэнри Савстромын хамт Бөхийн шинэ хивсний нээлтийг билэгдэн тууз хайчлах ёслол боллоо.

© 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Үүний дараагаар үндэсний хөгжмийн цөөхүүл хөгжимдөж, Нэйтэн ах морин хуурын ая эгшиглүүлж, Бүжигчид бүжиглэн үргэлжилснээр нэлээн өвөрмөц өнгө аястай болсон билээ. Хөтөлбөрийг Улаанбаатар зүүн гадасны зөвлөх Э.Ананд ах гэргий Г.Золзаяагийн хамт хөтлөв. Бөхийн барилдааны даваа хооронд Энхжин эгч уртын дуугаар ая дуугаа өргөж, Жаргалант тойргийн “Жаргалтай хүүхдүүд” бүжиж, Булгаа, Азжаргал нар хослон бүжиглэхийн зэрэгцээ Үндэсний хувцасны шоу үзүүлбэрүүд олон төрлүүдээр болж байлаа.

Үйл ажиллагааны хамгийн их хүсэн хүлээж, мөн хамгийн их үзэгчтэй байдаг хөтөлбөр бол ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН юм. Энэ жил 32 хүчит бөх оролцож ивээн тэтгэгчдээс олон бэлэг хүртэв. Бөхийн барилдаан маш их өрсөлдөөнтэй болж уран мэхээ уралдуулан шөвгийн дөрөвт Хаш-Эрдэнэ (Жаргалант тойрог), Лхагвасүрэн (Баянзүрх тойрог), Баатарчулуун (Туул тойрог), Мөнхдорж (Туул тойрог) нар үлдсэнээс үзүүр түрүүнд Хаш-Эрдэнэ, Лхагвасүрэн ах нар үлдэж өөрийн оролцсон Сүмийн Үндэсний бөхийн барилдаан бүртээ түрүүлсэн Хаш-Эрдэнэ ах аваргалж, өнгөрөгч жилийн Наадмын Үндэсний бөхийн барилдаанд түрүү авсан Лхагвасүрэн удааллаа.

© 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
© 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Үндэсний хувцасны ШОУ үзүүлбэрээр гэр бүлүүд, хүүхдүүд болон насанд хүрэгчдийн үндэсний сайхан хувцсаа гоёлын, энгийн, загварын гээд олон янзаар хараад зогсохгүй хувцсаа тансаг, хөгжилтэй, уламжлалт гэх зэрэг олон аргаар танилцуулж байгааг үзэж сонирхох боломжтой байв.

--Үндсэн хөтөлбөрийн хажуугаар, бага насны хүүхдүүдэд зориулсан гэр бүлийн түүх, ёс заншил таниулах болон уламжлалт тоглоом наадгай, бий Биелгээ сурах, гишүүдийн урласан бүтээгдэхүүний үзэсгэлэн, илбийн нууц үзүүлбэр, АХА, өсвөр үеийнхэнд зориулсан үндэсний тоглоом наадгай сурах, шагай харваа, хүмүүсийн нэрийг Монгол бичгээр бичих болон гар барилдааны тэмцээн зэрэг ЧӨЛӨӨТ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД болж АХА болон Гар барилдааны тэмцээний аваргууд тодров.

© 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

АХА тэмцээнд Уянгаа эгч (Налайх тойрог) түрүүлсэн, бол Алтанцэцэг эгч (Хануул тойрог) удаалсан. Ялагч маань тэрээр Хүүхдийн Хэсгийн үйл ажиллагаанд өглөө эрт ирээд Нараа эгч цагийг дэмий өнгөрөөж байхаар АХА-д оръё гэж урам өгч оруулсанд их баярласан бөгөөд ялалт байгуулсан асуулт нь ҮНДЭСНИЙ БИЧГИЙН талаар байсанд ихэд бэлгэшээснээ хуваалцав. Гар барилдааны тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд БЯИС-Хавай сургуулийг дүүргээд эх орондоо ирээд удаагүй байгаа Отгонбилэг ах (Энхтайван тойрог), эмэгтэйчүүдийн төрөлд Бадмаадагий эгч (Жаргалант тойрог) нар түрүүлэв. Бадмаадагий эгчийн хувьд энэ уламжлалт үйл ажиллагаанд анх удаа оролцож байгаа ба хүүхдүүддээ энгийн гоё үйл ажиллагаануудыг үзүүлэхээр зорьж ирээд санаандгүй байдлаар нэрээ бичүүлж ороод түрүүлжээ.

Ийн бүтэн өдрийн турш гэр бүл, найз нөхөдтэйгөө үндэсний уламжлал, ёс заншлаараа омогшсон гишүүд дараа жилийн энэ баяр хүртэл дуурьсах дурсамжаа өвөрлөн гэрийн зүг салцгаасан билээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.