Сэдэв

Эхэн үеийн сүмийн түүх

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь 1830 оны 4-р сарын 6-нд Нью Йоркийн Фейеттед зохион байгуулагдсан юм. Сүм өсч томрохын хэрээр шинэ хөрвөгчид Огайо, Миссурид цугларч байв. Огайогийн Көртланд дахь хожмын үеийн гэгээнтнүүд хавчлага дарамт амсаж байхад Миссурид цугласан хүмүүс ууртай танхайрагчдад хөөгдөн, хотоос хот руу туугдаж байлаа. 1839 онд Миссуригээс албадан гаргагдсаныхаа дараа сүмийн гишүүд Иллиной мужид цугларч, Миссисипи голын намгархаг газарт цэцэглэн хөгжиж буй суурингаа барьсан билээ. Гэсэн хэдий ч долоон жилийн дараа тэд дахин гэр орноосоо албадан гаргагдсан юм. Бригам Янгаар удирдуулсан эдгээр анхдагчид 2092 км-т орших Солт Лэйкийн хөндий рүү зугтсан юм.

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны ариун сүм нь Огайогийн Көртланд хотод байрладаг байна. Нийт тооцоолсон зардал нь 40000 $ (АНУ-ын) байсан бөгөөд — өнөөгийн эдийн засгийн үнэлгээ рүү шилжүүлбэл 750000 $ орчим болж байсан ч — сүмийн гишүүд ариун сүм барих үүрэг хүлээсэн байлаа. Ихэнх тохиолдолд эрчүүд өдөр нь ариун сүмээ барьж, орой нь танхайрагчдаас хамгаалж хонодог байв. 1836 онд барилгыг барьж дуусах үеэр ариун сүмийг гялтганасан байдалтай харагдуулахын тулд хүмүүсийн хандивласан шилэн болон шаазан эдлэл хэрэгслүүдийг гадна талын өнгөн шаварт нь хагалж шавардсан ажээ.
  • Иосеф Смитийн удирдлаган дор долоон номлогч Английн Ливэрпүүл рүү аялж, 1837 онд Их Британи номлолыг нээсэн. Түрээсийн өрөөнд эсвэл нэг гэрээс нөгөө гэрт очин, сүм хийдэд есөн сар номлосны дараа тэнд 2000 орчим шинэ хөрвөгчтэй болсон юм. 1863 онд сүмийн 800 гишүүн Амазон усан онгоцоор Америк руу явахаар цугларсан үед усан онгоцонд суусан Британийн зохиолч Чарльз Дикэнс тэднийг ажигласан байна. Тэдний эмх журамтай, зохион байгуулалттайг тэмдэглээд тэрээр Мормон хөрвөгчдийг “Английн хамгийн сайн, хамгийн шилдэг хүмүүстэй” зүйрлэж хэлсэн байдаг.
  • 1838 онд Миссуригийн захирагч Лилбүрн В. Боггс гутамшигт “устгах тушаал” гаргасан юм. Хожмын үеийн гэгээнтнүүд болон Миссурид байнга оршин суугчдын хооронд болсон хэрэг явдлуудын сүржин мэдэгдлийн хариу нь болж энэхүү тушаал ирсэн юм. Үүнд “Мормончуудыг дайснууд гэж үзэж, шаардлагатай бол олон нийтийн сайн сайхны төлөө тэднийг мужаас хөөн зайлуулах эсвэл устгах ёстой” гэж заасан байжээ. Уг тушаал нь 1800-аад оны дунд үеэс хойш л амьдралд хэрэгжээгүй ч 1976 онд — 138 жилийн дараа л албан ёсоор цуцлагдсан юм.
  • Сүмийн гишүүд Огайо, Миссуригээс албадан гаргагдсаныхаа дараа Иллинойн Коммэрс дахь—Миссисипи голын намгархаг тохойнд суурьшсан. Энэ хот нь гоё сайхан ямар нэг зүйл эсвэл гоо үзэсгэлэнтэй ба амрах газар гэсэн утгатай еврей гаралтай үгээр 1839 оны 10-р сард Науву гэж нэрээ өөрчилсөн юм. Хожмын үеийн гэгээнтнүүд шинэ хоргодох газартаа цугларсаар хотын хүн амын тоо барагцаалбал 12000 оршин суугчтай болж өргөжсөн. Науву нь маш богино хугацаанд хэмжээгээрээ Чикаготой өрсөлдөхүйц томоохон худалдааны төв болсон юм.
  • Науву өсөж хөгжихийн хэрээр танхайрагчдын эсэргүүцэл ч бас ихэссээр байв. Хожмын үеийн гэгээнтнүүд Наувуд ариун сүм барьсан ч үүнийгээ онцгойлон адислах цаг ирэх үед дахиад л гэр орноосоо хөөгдсөн юм. Ариун сүмийг танхайрагчид гутаан доромжилж, эвдэж сүйтгээд дараа нь 1848 онд галдан шатаажээ. Зуун тавин жилийн дараа Наувугийн Ариун сүмийг анхны зураг төслөөр нь дахин барьсан бөгөөд 2002 оны 6-р сард сүмийн ерөнхийлөгч асан Гордон Б. Хинкли онцгойлон адисалсан юм. 1846 оны хоёрдугаар сараас есдүгээр сарын хооронд сүмийн гишүүдийн дийлэнх нь Науву дахь гэр орноосоо хөөгдөж, ихэнх нь одоогийн “Нулимсан гудамж” гэж нэрлэдэг гудамж уруудан зугтсан ажээ. Аймшигт хүйтрэлийн үед өргөн Миссисипи гол нь хөлдөж мөстсөн байсан болохоор хэдэн мянган сүмийн гишүүн явганаар эсвэл морин тэргээр голыг гатлах боломжтой байв. Хэд хэдэн хүн өдрийн тэмдэглэлдээ энэ хүйтрэлийг гайхамшиг гэж дүрсэлсэн байхад өөр нэг тэмдэглэл хөтлөгч нь “энэ нь хоёр мянган гэгээнтнийг хөлдөөх шахсан гайхамшиг байлаа” хэмээн хошигносон байдаг.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.