12-р сарын 20-ны ням гарагт Христийн мэндэлсний баярт зориулсан Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн онцгой цугларалтыг YouTube-ээр шууд дамжууллаа. Тэд "Дэлхийг нэг нэгээр нь гэрэлтүүлцгээе" сэдвийн доор Есүс Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэж, Аврагчийн сургаалаас хуваалцлаа. Солонгос, Япон, Монгол, Микронези зэрэг орны гишүүд хөгжмийн гайхалтай сайхан үзүүлбэрүүдийг үзүүлсэн юм. Түүнчлэн “Тусламжийн гар” үйлчлэлийн үйл ажиллагааны видео бичлэгүүд болон Азийн хойд бүс дэх ариун сүмийн зургууд үзэгчдэд “КОВИД-19”-ийн өмнөх үеийг дурсаж, сүмдээ явах, ариун сүмд орох хүсэл эрмэлзлэлээ хүчирхэгжүүлэх боломжийг олголоо.
Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүдийн хэлсэн үгийг хураангуйлан оруулъя. Онцгой цугларалтын бүрэн бичлэгийг Сүмийн Youtube сувгаар 2021 оны 1-р сарын 20-ны өдрийг хүртэл үзэх боломжтой.
Ахлагч Такаши Вада
Азийн Хойд бүсийн ерөнхийлөгч
Ахлагч Такаши Вада бага залуудаа Сүмд хөрвөгдсөн түүхээ ярьсан. Ялангуяа өөрийг нь тайвшруулсан судрын шүлгүүдийг мөн Христийн сургаалын ачаар амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөн талаар хуваалцав.
“Хайрт ах, эгч нар аа, Сүмтэй анх танилцаж байгаа хүмүүс ээ, би Тэнгэрлэг Эцэгтээ өөрийн цорын ганц хүү, Есүс Христийг илгээсэнд талархаж байна. Есүс Христийн сайн мэдээ амьдралд тань байж, Аврагч Есүс Христийн талаар илүү ихийг сурч мэдэх боломж нь ямар онцгой эрх болохыг та нар ухамсарлах байх хэмээн би найдаж, залбирч байна. Түүний хуваалцсан үнэн та бүхнийг сэрээх болтугай. Та нарыг гэх Бурханы хайрыг мэдэрч таних болтугай. Би хайраар дүүрэн Тэнгэр дэх Эцэг хүн бүрийг хайрладаг, Тэр амьд хэмээн түүний талаарх гэрчлэлээ хуваалцаж байна. Есүс Христ бол бидний Аврагч, Гэтэлгэгч мөн. Ялангуяа та нар Мормоны Ном, Библи зэрэг судруудын бэлгийг таньж мэдэн, Бурханы үгс дээр найрлаж, мөнхийн баяр баясгаланг олох болтугай. Есүс Христийн нэрээр, Амен.”
Ахлагч Жэймс Р.Расбанд
Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн 1-р зөвлөх
Ахлагч Жэймс Р.Расбанд Аврагчийн амьдралыг онцлов. Тэрээр Есүс Христийн төрөлт, Цагаатгал бидний тэсэн ядан хүлээж байсан үйл явдал байсан бөгөөд Их Эзэн бид бүгдийн төлөө золиос гаргасныг сануулсан.
“Ялангуяа КОВИД-ын үеэр тохиож буй энэхүү Христийн мэндэлсний баяраар бүх он жилийн найдвар, айдас яг одоо бидэнтэй хамт оршиж байна. Бид мөнх амьдралынхаа туршид Аврагчид найдсаар ирсэн бөгөөд Тэрээр бидний найдварыг хөсөрдүүлээгүй. Бид Түүнд болон Түүний цагаатгагч золиосын гайхамшигт гэтэлгэл, эдгэрлийн боломж олгогч хүчинд үргэлжлүүлэн найдах болтугай хэмээн би залбирч байна. Есүс Христ үнэхээр амьдарч байсан бөгөөд одоо ч амьдардаг гэсэн гэрчлэлээ би үлдээж байна. Та бүхэн Христийн мэндэлсний баярыг баяр баясгалантай, амар тайван өнгөрүүлээрэй. Есүс Христийн нэрээр, Амен.”
Ахлагч Жон А.Маккьюн
Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн 2-р зөвлөх
“Мөн та нигүүлсэнгүй учир, танд ирэх тэдний мөхөхийг та үл тэвчих буйза!” (1 Нифай 1:14). Ахлагч Жон А.Маккьюн Мормоны Номон дахь Нифайн сургаалаас хуваалцав. Тэр мөн судраас Есүс Христийн сургаалыг эрэлхийлж, Их Эзэн рүү урагшлан явах үед бид амар амгалан, тайтгарал, баяр баясгалан, итгэл найдварыг олдгийг онцолсон.
“Өнөөгийн дэлхийд бид олон тодорхой бус зүйлтэй тулгардаг. Цар тахал дэлхий даяар дэгдэж байгаа бөгөөд эдийн засгийн хувьд санаа зовоосон асуудлууд гарч байна. Мэдээж эрүүл мэндтэй холбоотой асуудлууд гарч ирж байгаа. Тал бүрээс дэлхийн үзэл суртал, улс төрийн асуудлууд бидэнд тулгарч байна. Хэрэв бид Аврагч руу ирвэл Түүний амар амгалан, баяр баясгалан, итгэл найдварыг мөн харах өнцгийг олж авах болно гэдгийг би гэрчилж байна.” Ахлагч Маккьюн Есүс Христийн амьдрал, Их Эзэний амилалт, Цагаатгалаар дамжуулан хүлээн авдаг адислалуудыг гэрчлэв.
“Тиймээс Есүс Христийн мэндэлснийг тэмдэглэдэг энэ цаг үеэр бид нифайчуудын адил Хосанна, Бурханд Хосанна хэмээн Бурханлаг хүүгээ бэлэг болгон өгснийг нь магтан дуулах болтугай. Есүс Христийн ариун нэрээр, Амен.”