2024-12-03_Festival-of-Lights-Night-1_4520.jpg
Мэдээ мэдээлэл

Ахлагч Андэрсэн, Монголын элчин сайд нар Вашингтон ДС дэх Гэрлийн фестивалийн нээлтийг хийв 

Вашингтон ДС ариун сүмийн жил бүрийн 47 дахь Гэрлийн фестиваль 2025 оны 1-р сарын 1 хүртэл үргэлжилнэ

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн, Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд Өлзийдэлгэрийн Батбаяртай хамт 2024 оны 12-р сарын 3-ны мягмар гарагт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Вашингтон ДС ариун сүмийн эргэн тойрон дахь 500,000 гаруй баярын гэрлийг асаалаа. 

Мягмар гарагт элчин сайд болон АНУ-ын засгийн газрын эрхмүүдтэй айлчилсан уг үйл явдлаас гадна төлөөлөгч маань 12-р сарын 4 буюу лхагва гарагт дипломатчид, засгийн газрынхан болон шашны удирдагчидтай уулзаж, фестивалийн нээлтийг тэмдэглэв. 

47 дахь жилдээ үргэлжилж буй Гэрлийн фестиваль нь Христийн мэндэлсний үзүүлэн, дэлхийн өнцөг бүрийн гацуурын чимэглэлүүд, өдөр бүрийн баярын тоглолтуудыг багтаадаг бөгөөд ямар нэг тасалбар, зогсоолын төлбөр шаарддаггүй билээ. 

Арга хэмжээний хаяг нь 9900 Stoneybrook Drive in Kensington, Maryland ба Гэрлийн фестиваль 12-р сарын 5-аас эхлэн олон нийтэд нээлттэй болох юм. 

“Олон адислалдаа талархал өргөж, гачигдсан хүмүүст тусалдаг жилийн энэ ариун цаг үед өөр өөр сүсэг бишрэл, соёл уламжлал, үзэл бодол, улс орноос цугласан та бүхэнтэй хамт байгаа нь үнэхээр гайхалтай байна. Та нарын хүн нэг бүр чинь хүн төрөлхтнийг хүндэлдэг төдийгүй хүмүүсийн ялгаатай байдал нь энэ дэлхийг үзэсгэлэн төгөлдөр болгодог гэдгийг ойлгодог” гэж 1970 оноос хойш Гэрлийн фестивалийг зохион байгуулж буй гэр бүлийн гишүүн болох Дэвид Марриотт хэлэв. 

Ахлагч Андэрсэн хэлсэн үгэндээ эхнэр Кэтитэйгээ Францад номлолын удирдагчдаар үйлчилж байх үе болох 1990 оны Христийн мэндэлсний баярын өмнөх орой тохиосон хувийн түүхээсээ хуваалцав. Тэр үед машин нь эвдэрч Андэрсэний гэр бүлд бэрхшээлтэй нөхцөл байдал үүссэн байна. Жижигхэн тосгоны дэн буудлын эзэн өгөөмөр гараа сунгаж, Христийн мэндэлсний баяраас өмнө хүүхдүүдтэйгээ хамт гэртээ очиход нь туслахаар өөрийн машиныг түр өгчээ. 

Төлөөлөгч маань уг хүний сайхан сэтгэлт үйлдлийг “гэрэл цацруулагч” хэмээн үлгэрлэв. 

Өнөөдөр Элчин сайд Батбаяртай адил олон хүн тийм сайхан сэтгэлийг цацруулж байна хэмээн Сүмийн удирдагч хэлэв. 

“Би түүнийг Монголын өсвөр үеийнхнийг хайрлаж, тэдэнд санаа тавьдгийг нь харсан. Нийслэл Улаанбаатараас хол амьдардаг залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд англи хэлний ур чадварыг түгээхийн тулд тэр өөрийнхөө хүлээсэн үүрэг хариуцлагаас гадна онцгой хичээл зүтгэл гаргаж байгаа. Тэр бол үнэхээр гэрэл цацруулагч мөн” хэмээн Ахлагч Андэрсэн ярилаа.  

Энд ирсэн хүн бүрийн талаар яг адилхан зүйл ярьж болно хэмээн ахлагч Андэрсэн нэмж дурдлаа. 

“Сайн санааны албан ёсны үйлс эсвэл нүднээс далдуур сайхан сэтгэлийн үйлдлээрээ та бүхэн гэрэл цацруулагчид болдог” гэж ахлагч Андэрсэн хэлэв. 

Элчин сайд Батбаяр Гэрлийн фестивалийг “Итгэл найдвар, нэгдмэл байдлын гэрэлт цамхаг,” “хил хязгаарыг нэвтэрч, бид бүгдийг нэгтгэдэг нөхөрлөлийн сүнсний хүчирхэг бэлгэдэл” хэмээн нэрийдэв. 

Элчин сайд Монголын Есүс Христийн Сүмтэй хийдэг ажил бол ардчилал, хүний эрх болон шашны эрх чөлөөний үнэ цэний гэрч юм гэв. Тэрээр Сүмийн номлогчид “сүнслэг удирдамж авчраад зогсохгүй, түүнчлэн хот, орон нутагт хүмүүнлэгийн тусламж, боловсролын санаачилгыг авчирч, олон амьдралыг хөгжүүлж, үүрдийн нөхөрлөлийг бий болгосон” гэжээ. 

Монгол даяар 24 цуглаан бүхий 12,000 гаруй Хожмын үеийн гэгээнтнүүд амьдардаг ба Улаанбаатарт Их Эзэний өргөөг барихаар Сүм төлөвлөж байна. 

“Энэ фестиваль бидэнд жилийн турш хайр энэрэл, сайхан сэтгэлээ түгээхэд нөлөөлж, дэлхий ертөнцийг амар амгалан, хөгжил дэвшилтэй болгох болтугай” хэмээн элчин сайд Батбаяр ерөөв. 

“Бидний хамгийн агуу үлгэр жишээ бол Аврагч Есүс Христ билээ. Тэр бол дэлхийг гэрэлтүүлэх бидний жишээ юм. Бид энд гайхалтай оройг өнгөрүүллээ. Аврагч Есүс Христийн хайр, дэлхий даяарх хүмүүсийн сайхан сэтгэл энэ өрөөг дүүргэж, дэлхийн ирээдүйд найдах агуу найдварыг бидэнд өглөө” хэмээн арга хэмжээний дараах ярилцлагад ахлагч Андэрсэн хэллээ. 

Washington-DC-Temple-Festival-of-Lights
Washington-DC-Temple-Festival-of-Lights
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн, эхнэр Кэтигийн хамт 2024 оны 12-р сарын 3-ны мягмар гарагт болсон Вашингтон ДС ариун сүмийн жил тутмын 47 дахь Гэрлийн фестивалийн үеэр. 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.