Мэдээ мэдээлэл

Дэзэрэтийн мэдээ: наймдугаар сарын ТОЙМ 

Тэргэнцэр төсөл амжилттай хэрэгжлээ
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагаас (ДОУЭБ) хэрэгжүүлж буй тэргэнцэр төслийн хүрээнд өнгөрсөн сард Хэнтий, Дорнод, Дархан-Уул аймгуудын нэгдсэн эмнэлэг, зарим сумдын эрүүл мэндийн төв болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн газарт нийтдээ нэн шаардлагатай байсан тэргэнцрийг хандивлалаа.

Гэмтэл согог судлын үндэсний төв, улсын гуравдугаар төв эмнэлэг, мөн улсын хоёрдугаар төв эмнэлэг зэрэг томоохон байгууллагуудад 300 ширхэг (тус бүр 100) тэргэнцэр хандивлав. Эдгээр эмнэлгүүдийн хамт олон хэрэгцээг нь хангахуйц тооны тэргэнцэр хүлээн авсандаа баяртай буйгаа хуваалцсан юм.


 Ховд аймагт ДОУЭБ боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн бөгөөд орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, санал бодлоо солилцсон билээ. Тухайлбал, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар болон Жаргалант сумын Магсаржав багтай хамтран ажилласнаас гадна 14-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Үүний зэрэгцээ Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвд 30 ширхэг тэргэнцэр хандивлав.

Үүнээс гадна мөн сард Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 50 ширхэг тэргэнцэр хандивласан билээ. Энэ төсөлд аймгийн ахмадын асрамжийн газрын 9 иргэн болон сумдын хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдсан бөгөөд тэдний дунд анх удаа тэргэнцэр авсан хүмүүс ч байсан бол зарим нь хуучирсан тэргэнцрээ шинэчлэн авч байлаа. 

Тэргэнцэр нь эрүүл мэндийн байгууллагуудад төдийгүй сэргээн засах эмчилгээнд нэн чухал юм. Ялангуяа хөдөлгөөний чадвараа алдсан хүмүүсийн хувьд хөдөлгөөн сэргээх, булчингаа хөгжүүлэх эмчилгээний нэг хэсэг болж, тэдний эрүүл мэндийн нөхцөл байдлыг сайжруулахад нэн шаардлагатай байдаг. ДОУЭБ-аас хандивласан тэргэнцрүүд нь орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн, хэрэглэгчдийн эрүүл мэнд, тав тухыг дээд зэргээр хангахад зориулан бүтээгдсэн байдаг билээ.
Тэргэнцэр төслийн үр нөлөө нь зөвхөн асаргаа үйлчилгээ сайжруулахад төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд илүү идэвхтэй оролцоход тусалж байгаа нь энэ төслийн ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж байна.

Сэтгэл зүйчийн өрөөг тохижууллаа
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагаас санхүүжүүлсэн төслийн хүрээнд Дархан уул аймгийн Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Төвийн сэтгэл зүйчийн өрөөг иж бүрэн тохижуулж, үйлчилгээний чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүллээ.

Энэхүү тохижилтын ажил нь төвийн үйлчлүүлэгчдэд тав тухтай, тайван орчинд сэтгэл зүйн дэмжлэг авах нөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд иргэдийн ярилцах, дотоод сэтгэлээ хуваалцах, сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэхэд туслах юм. Энэхүү төсөл нь нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааны нэгээхэн хэсэг юм.

Гал тогооны тоног төхөөрөмж
Дэзэрэт ОУЭБ байгууллага “Үдийн цай” хөтөлбөрийг дэмжиж, сургууль, цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэхэд анхаарч, олон хөрөнгө оруулалтыг хийдэг билээ. Тухайлбал, Эрдэнэт хотын 13, 20 болон Хөвсгөл аймгийн Гурван Эрдэнэ сургуулиудын хамт олон хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ хүлээн авлаа.
Сургууль, цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийг дэмжих төслийн хүрээнд хийгдсэн бас нэгэн ажил нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р цэцэрлэгт хэрэгжсэн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл байлаа. Үүгээр дамжуулан гал тогооны ажилчдын ажлын нөхцөл сайжирч, бүтээмж нь дээшлэх боломж бүрдэж байгаа юм.

Хүүхэд хөгжлийн байр
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газраас тус сумын алслагдсан Хонгорморьт 1 дүгээр баг болон Бор гүвээ 5 дугаар багуудад баригдсан Хүүхэд хөгжлийн байрнуудын дотор тохижилтыг сайжруулах зорилгоор Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагад хүсэлт гаргасны үндсэн дээр шаардлагатай тавилга, цахилгаан бараа болон бусад эд материалын хандив тусламжийг үзүүллээ. Энэхүү төслөөр дамжуулан алслагдсан багуудын хүүхдийн хөгжлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.