
Ерөнхийлөгч Жэффри Р.Холланд 2023 оны 11-р сарын 15-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр дэмжин батлагдсан бөгөөд өмнө нь 1994 оны 6-р сарын 23-нд уг чуулгын гишүүнээр томилогдож байв.
Ахлагч Холланд төлөөлөгчийн албанд дуудагдах хүртлээ Далын нэгдүгээр чуулгад 1989 оны 4-р сарын 1-ээс хойш дуудагдан үйлчилжээ.
Жэффри Р.Холланд 1980–1989 онд ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдах хүртлээ Ютагийн Прово дахь Бригам Янгийн Их Сургуулийн ес дэх ерөнхийлөгчөөр үйлчилсэн юм. Тэрээр өмнө нь Бригам Янгийн Их Сургуулийн шашны боловсролын тэнхимийн эрхлэгч мөн Сүмийн дэлхий дахины боловсролын системийн захирал байсан.
Ерөнхийлөгч Холланд төрөлх Ютагийн Сэйнт Жорж дахь Дикси ахлах сургууль болон Дикси коллежид оюутны удирдагч, шигшээ багийн тамирчин байв. Тэрээр Бригам Янгийн Их Сургуулийг англи хэл болон шашны боловсролоор бакалавр, магистрын зэрэгтэй төгсөж; Коннэтикат мужийн Нью Хэйвэн дэх Еэйлийн их сургуульд Америк судлалын магистр, философийн докторын зэрэг хамгаалсан.
Ерөнхийлөгч Холланд Сүмийн бүрэн цагийн үйлчлэлд дуудагдахаасаа өмнө мэргэжлийн боловсролын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан ба Америкийн бие даасан коллеж, их сургуулиудын ерөнхийлөгчдийн холбооны (AAPICU) ерөнхийлөгч, Бие даасан коллеж, их сургуулиудын үндэсний холбооны (NAICU) зөвлөлийн гишүүн, Үндэсний коллежийн спортын холбооны (NCAA) Ерөнхийлөгчдийн комиссын гишүүнээр тус тус ажиллаж байв. Христийн шашинтнууд болон еврейчүүдийн хоорондын харилцан ойлголцлыг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрийнхээ төлөө Антай Дэфамэйшн Лийг буюу Гутаан доромжлохын эсрэг холбооноос Эрх чөлөөний бамбар шагналыг хүртжээ. Тэрээр иргэний болон бизнестэй холбоотой хэд хэдэн корпорацын удирдах зөвлөлд ажиллаж байсан. Тэдгээрээс гурвыг нь дурдвал: Солт Лэйк Ситид төвлөрсөн Интермайнтин Хэлткэйр; Кий Банк (Ютагийн); Хавайн Лаиэ дахь Полинезийн соёлын төв юм. Тэрээр 14 номын зохиогч.
Жэффри Р.Холланд 1940 оны 12-р сарын 3-нд Юта мужийн Сэйнт Жоржид Фрэнк Д., Алис Бентли Холланд нарын гэр бүлд төржээ. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд 1960–1962 онд Их Британид номлолд үйлчилснийхээ дараа тэрээр 1963 онд Ютагийн Сэйнт Жорж ариун сүмд Патриша Тэрритэй гэрлэж, лацдан холбогдсон. Тэдний хүүхдүүдийг Маттью, Мэри Алис, Дэвид гэдэг ба хүргэн, бэрүүд нь Пейж, Лий, Жийн нар юм. Тэд 13 сайхан ач зээ, 6 ачинцар, зээнцэртэй.