Тус хамтлаг 1997 онд анх байгуулагдсан бөгөөд хамтлагийн гишүүд бүгд сайн дурын уран сайханчид юм. Найрал дуучдын удирдагчаар МУГЖ А.Бүтэд, Юнивэст Бэст Сонг 2012 оны уралдааны тэргүүн байрын шагналт, Соёлын Тэргүүний ажилтан П.Өнөржаргал, концертмэйстрээр Хөгжим бүжгийн коллежийн багш Э.Отгончимэг нар ажиллажээ. Хамтлагийн уран бүтээлийн санд дэлхийн сонгодог бүтээл, тухайн аймаг орон нутгийн сүлд дуу, Монгол ардын дуу бүжиг, поп дуунууд орсон байна.
Хамтлагийн бүрэлдхүүнд Юнивэст Бэст Сонг 2010 оны уралдааны шилдэг оролцогч Цэлмэг, Камертон 2 хамтлагийн гишүүн Анхбаяр нар оролцон уран бүтээлээ толилуулсан. Хамтлагийнхны тоглосон концертын үеэр дуучин Эрдэнэ-Отгон, Түвшинтөр, Баярмаа, Бат-Эрдэнэ нарын зэрэг орон нутгийн Соёлын ордон, театрын дуучид болон сайн дурын уран сайханчид дуулан, уран бүтээлээсээ сонирхуулжээ.
Дээрх хотуудын удирдлага найрал дуучдыг найрсаг хүлээн авсан бөгөөд хамтлагийнхны тоглолтын хөтөлбөрөөсөө гадна гар бие оролцсон хүмүүнлэгийн үйлсийг дэмжсэн байна.
Үүнээс дурдвал, найрал дуучид Дархан хотын 1-р багийн 1-р гудамжны хашааг нэлэнхүйд нь будаж, оохордон, ойр орчных нь хогийг түүж цэвэрлэсэн. Мөн Сүмийн Олон нийттэй харилцах албаны төлөвлөсний дагуу найрал дууны хамтлагийн Дархан хотод тоглосон тоглолтын үеэр Дархан хотын нийт 18 багийн эмзэг бүлгийн 54 айлд тусламж болгон хүнсний багцыг өгүүлэхээр багийн засаг дарга нарт нь гардуулан өгсөн. Булган аймагт тоглосныхоо дараа тус аймгийн Цочиртын голын ойр орчмын хог шороог цэвэрлэн, мөн өрх толгойлсон эхчүүд, олон хүүхэдтэй айлуудад очиж, тусламж болгон хүүхдийн хөөрхөн хөөрхөн хувцас бэлэглэж явсан.
Энэ аялан тоглолт Монгол дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн найрал дууны хамтлагийн хөдөө орон нутагт хийсэн хамгийн анхны аялан тоглолт байснаараа онцлог юм. Урьд өмнө нь Монгол улсад ийм олон хүний бүрэлдхүүнтэй найрал дууны хамтлагийн бие даасан тоглолт болж байгаагүй ажээ.
Тус аялан тоглолтыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмээс ивээн тэтгэсэн бөгөөд нийт хорин хоёр сая төгрөг зарцуулжээ.