Чуулганаар хорт зуршлууд, түүний дотор архи, мансууруулах бодисын хэрэглээний сөрөг нөлөөлөл, донтолтын эсрэг авч хэрэгжүүлж буй дотоодын болон олон улсын туршлага, мөн тулгараад буй асуудлууд, донтолт хэрхэн явагддаг талаар Монгол, Америк, Япон, Солонгос мэргэжилтнүүдын сонирхолтой илтгэлүүд танилцуулагдсан юм.
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр чуулганыг нээж хэлсэн үгэндээ: Энэхүү чуулган нь гэмт хэргийг бууруулах, иргэдийг архи, мансууруулах бодисоос ангид байлгахын төлөө төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны эхлэл болж байгааг онцолсон юм.
АНУ-аас ирсэн Доктор Дуглас Шийрэр “Донтолт гэж юу вэ?” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд тэрээр донтолтыг хорт зуршил болон бие, сэтгэлд сөргөөр нөлөөлөх зүйлсийг хяналтгүйгээр хийж, хэрэглэх явдал хэмээн тодорхойлсон юм. Донтолтын үр дагавар нь шууд болон шууд бус байдлаар илэрдэг ба шууд үр дагавар нь хувь хүнд, харин шууд бус үр дагавар нь гэр бүл, найз нөхөд, нийгэмд сөрөг нөлөө үзүүлдэг хэмээн хуваалцав.
Гэр бүлийн мэргэжилтэн Макото Уно (Япон) “Донтолт бидэнд хэрхэн нөлөөлдөг болон олон улсад хэрэглэгддэг эмчилгээний аргууд” сэдвээр илтгэл тавилаа. Донтолтыг тархины өвчлөл бөгөөд өөрсдийгөө тусгаарлах өвчин гэж тодорхойлж, найз нөхөдтэй байх нь донтолтоос ангижрах гол түлхүүр болохыг онцлов. Тэрээр хархны үүрэн дэх туршилтаас жишээ татлаа: Хамтдаа байсан хархнууд морфинтой ус уугаагүй бол тусгаарлагдсан хархнууд морфинд донтох хандлагатай байжээ. Энэ туршилт нь сайн харилцаа, орчин донтолтоос гарахад чухал болохыг харуулсан юм. Мөн тэрээр донтолтоос ангижрах дараах арга замуудыг хуваалцсан юм. 1) Эрүүл мэндийн загвар – Эмнэлгийн хорыг гадагшлуулах эмчилгээ 2) Ёс суртахууны загвар – Хүндэрсэн тохиолдолд шийтгэлийн арга (шорон) 3) Нөхөн төлбөрийн загвар – Сэтгэл заслын төвүүдэд танин мэдэхүйн замаар эмчлүүлэх 4) Гэгээрлийн загвар – 12 алхамт өөртөө туслах хөтөлбөрт хамрагдах, үнэ цэнийг ойлгуулах арга. Макото, донтсон хүмүүст дотно харилцаа, халамж үзүүлэх нь хамгийн үр дүнтэй арга болохыг дахин онцоллоо.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа Б. Батхуяг, “Хар тамхины хэрэглээ ба хор нөлөө” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр өсвөр үеийнхэн мансууруулах бодисыг нунтаг, шингэн, уур хэлбэрээр зориулалтын бус газар, хэрэгслээр хэрэглэж, эрүүл мэндээ ноцтой эрсдэлд оруулж байгааг онцлов. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ анхаарал хандуулж, цаг зарцуулах нь зайлшгүй хэрэгцээ болсон бөгөөд үгүй бол донтолтын хүнд шатанд орж, амь насаа алдах аюул хаяанд ирсэн гэдгийг тоо баримт, мэдээллээр нотлон хүргэсэн юм.
Энэхүү чуулганд оролцогчдын сонирхолыг ихээхэн татсан илтгэгч Ёонсик Кил (БНСУ) ЕХХҮГС-ийн 12 алхамт Донтолтоос ангижрах хөтөлбөр хэрхэн хүмүүст тусалж чаддаг талаар онцлон дурдсан юм. Энэхүү хөтөлбөр нь 1) Ганцаардлыг арилгаж, бусадтай хамтдаа материал уншиж, туршлага хуваалцах боломж олгодог 2) Нээлттэй, үнэ төлбөргүй, аюулгүй орчин бүрдүүлж, оролцогчдод найдвар, эдгэрэлт, аз жаргал олоход чиглүүлдэг байна.
Тэрээр “Ганцаардал донтолтыг сэдрээдэг, зөв харилцаа нь донтолтоос авардаг” хэмээн үгийнхээ гол утгыг тодорхойлсон юм.
Чуулганы төгсгөлд ЕХХҮГС-ийн Зүүн Гадасны Ерөнхийлөгч Н.Адьяаболд өөрийн туршлагыг дараах байдлаар хуваалцсан юм: “Аав маань архины хамааралтай байсан бөгөөд нэгэн судалгаанд "эцэг эхийн архины хамаарал хүүхдэд ч нөлөөлөх магадлалтай" гэж уншаад тоогоогүй ч, амьдралдаа архи өөрт нь нөлөөлж буйг ухаарсан мөчөө дурсан, түүнээс хойш дахин архи хэрэглээгүй.” Өнөөдөр Монголд сүмд явж, зөв амьдралын хэв маягыг хэвшүүлсэн 1,500 орчим гишүүд гэр бүлдээ амар амгаланг бий болгож байна. 1 хүний сонголт 10-20 хүний сэтгэл зүйд нөлөөлдөг тул сүмийн үйл ажиллагаа олон хүнд эерэг нөлөө үзүүлэх боломжтойг онцолж, донтолтоос олон хүнийг аврахын төлөө хамтдаа зүтгэцгээе хэмээн уриаллаа.
Ийнхүү Монголд анх удаа зохион байгуулагдсан уг чуулган нь хорт зуршил, донтолтын хор уршгийг арилгах чиглэлд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлэх чухал арга хэмжээ боллоо. Чуулганд Монгол, АНУ, Япон, Солонгосын мэргэжилтнүүд оролцож, донтолт нь зөвхөн хувь хүнд бус, гэр бүл, нийгэмд сөргөөр нөлөөлдгийг тодорхой тайлбарлаж, олон улсын туршлага болон үр дүнтэй эмчилгээний аргуудыг танилцуулсан нь онцлох ач холбогдолтой байв. Энэхүү чуулган нь хорт зуршилгүй, эрүүл ирээдүйг бий болгоход хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалж, нийгмийн өөрчлөлтийн эхлэлийг тавьсан үр дүнтэй арга хэмжээ болсон юм.