Мэдээ мэдээлэл

Бошиглогч Ерөнхий чуулганаар юу заасан бэ? 

Ерөнхийлөгч Нэлсон дэлхий даяарх цугларалтын үеэр итгэл, наманчлал болон гэрээнүүдийн талаар үг хэлэв.

Saturday-AM-General-Conference

4-р сарын 4-ний Ерөнхий чуулганы Христийн амилсны баярын өглөөний онцгой хуралдааны үеэр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Өнөөдрөөс итгэлээ өсгөж эхэл” хэмээн хэллээ. Дэлхий даяарх сая сая хүнд хүрсэн уг чуулган 4-р сарын 3, 4-ний өдрүүдэд явагдсан бөгөөд хүн амьдардаг тив бүрийн үг хэлэгчид оролцлоо.     

Гишүүдээрээ бошиглогч хэмээн хүндлэгддэг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч сонсогчдыг наманчлалаар дамжуулан илүү сайн хүн болоход мөн цар тахлын үеэр ариун сүмийн гэрээнүүдээ сахиж, сурч мэдсэн зүйлсээ эргэн санахад урамшуулж байв. Тэрээр хоёр өдрийн чуулганы хэд хэдэн хуралдааны туршид өгсөн урилгадаа, хувь хүн болон дэлхийг Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд тусалж чадна хэмээн хэлсэн юм. 

‘Өнөөдрөөс итгэлээ өсгөж эхэл’ 

Ням гаргийн өглөө ерөнхийлөгч Нэлсон “Их Эзэн биднээс Түүний төгс хүчинд хүрэхийн тулд төгс итгэлтэй байхыг шаарддаггүй. Гэхдээ Тэр биднийг итгэхийг хүсдэг” хэмээн хэллээ. Ерөнхийлөгч итгэлээ үйлдэл болгох нь хэрхэн гайхамшгуудыг авчирдгийг үзүүлэхийн тулд судрууд болон Сүмийн түүхээс мөн Номхон далайн өмнөд хэсэгт амьдарч буй хожмын үеийн гэгээнтнүүдийн жишээнээс хуваалцав. 

Бошиглогч “Есүс Христэд итгэлтэй байна гэдэг нь энэ амьдралд бидэнд өгөгдсөн хамгийн агуу хүч юм” гэж хэлсэн. Мөн итгэлээ өсгөж, Бурханд итгэх нь хүчин чармайлт шаарддагийг тэрээр онцлов. 

Ерөнхийлөгч Нэлсон итгэлээ өсгөх 5 зөвлөмжийг хуваалцсан юм. Үүнд: 

1. Сайн мэдээг судал. 

2. Итгэхийг сонго. 

3. Итгэлийнхээ дагуу үйлд. 

4. Ариун ёслолуудад оролц. 

5. Бурханаас тусламж хүс. 

“Таны Түүнд итгэх итгэл өсөн нэмэгдэхийн хэрээр та уулсыг нүүлгэх болно. Энэ нь дэлхийг чимдэг хад чулуун уулс биш, харин амьдралд тань ирэх зовлонгийн уулс юм. Таны цэцэглэн хөгжих итгэл сорилтуудыг тань хэзээ ч харж байгаагүй өсөлт, боломж болгох болно” гэж тэр хэлэв. 

Sunday-AM-General-Conference

Наманчлалаар дамжуулан илүү сайн хүн бол 

Бямба гаргийн өглөө ерөнхийлөгч Нэлсон ажлын өрөөнийхөө цонхоор Солт Лэйк ариун сүмийн засварын ажлыг харж байхдаа “хүн бүр Аврагчийн тусламжтайгаар өөрсдийн амьдрал дахь тээглэх чулууг авч хаях хэрэгтэй” байгаа талаар бодож байснаа хэлэв. Ингэснээр бид өөрсдөө зохистой болж, дэлхийг Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд туслах боломжтой болно гэж тэр хэлсэн юм. 

“Есүс Христийн сайн мэдээ бол наманчлалын сайн мэдээ юм. Аврагчийн Цагаатгал байгаа учир үргэлжлүүлэн өөрчлөгдөж, өсөж хөгжин, илүү цэвэр ариун болох урилгыг сайн мэдээ өгдөг билээ. Энэ бол найдвар, эдгээлт, өсөлт хөгжлийн сайн мэдээ юм. Иймд сайн мэдээ бол баяр баясгалангийн захиас бөгөөд бидний сүнс урагшлах жижигхэн алхам бүрдээ баясдаг” хэмээн тэр хэллээ. 

‘Ариун сүмийн гэрээнүүдээ сахь’ 

Ерөнхий чуулганы ням гаргийн үдээс хойших сүүлийн хуралдааны үеэр ерөнхийлөгч Нэлсон “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлтийн хамгийн чухал бүрдэл хэсэг бол ариун сүм юм. Ариун сүмийн ёслолууд бидний амьдралыг хүч чадлаар буюу өөрсдийнхөө төлөө үйлдэх, өөр ямар ч аргаар гүйцэлдэх боломжгүй арга замаар хангадаг. Бид эдгээр адислалын төлөө Бурханд талархдаг” гэж заав. 

Ерөнхийлөгч Нэлсон амьдардаг газарт нь ариун сүм хэзээ дахин нээгдэх талаар бодож байгаа хүмүүст хандан, тухайн бүс нутагт КОВИД-19-ийн тохиолдлууд аюулгүйн түвшинд хүрч, тухайн орон нутгийн засгийн газар хуулиараа зөвшөөрөх үед ариун сүмүүд дахин нээгдэх болно гэдгийг тайлбарлав. “Ариун сүмийнхээ дахин нээгдэх боломжийг нэмэгдүүлэхийн төлөө бид та бүхнийг КОВИД-ын халдварын тоог бууруулахад туслахын тулд чадах бүхнээ хийхэд урамшуулж байна” гэж тэр хэлсэн юм. 

“Ариун сүмийн гэрээ, адислалуудаа өөрсдийн зүрх сэтгэл, оюун бодолд нэн тэргүүнд тавь. Байгуулсан гэрээнүүддээ үнэнч бай” хэмээн ерөнхийлөгч Нэлсон хэлээд, 20 шинэ ариун сүм барих төлөвлөгөөг зарласан юм.    

Presidente-Nelson-anuncio-de-Templos

Цар тахлын үеэр авсан сургамжаа сана 

Жил тутмын бямба гаргийн санваарын хуралдааны орой ерөнхийлөгч Нэлсон Их Эзэн “санваарыг зохистойгоор эзэмшигч Өөрийн үйлчлэгчдийг хүн төрөлхтнийг адисалж, тайтгаруулж, хүчирхэгжүүлэн, энэ дэлхийг болон хүмүүсийг нь Хоёр дахь ирэлтэд нь бэлтгэхэд туслахад улам ихээр дуудах болно” гэж хэлэв.  

Тэрээр санваар атгагчид (бид бүгдээрээ) илүү дээр Бурханы үйлчлэгч болж, хөрвөгдөж, бүхнээ зориулдаг болоход тусалсан цар тахлын үеэр олж авсан дараах 4 сургамжийг санана гэдэгт найдаж байгаагаа хэлсэн юм. 

1. Гэр орон бол итгэл, шүтлэг бишрэлийн гол төв юм. Ерөнхийлөгч Нэлсон санваартнууд гэрээнүүдээ сахиснаар санваарын хүчийг өөрсдөө болон өөрсдийнх нь гэр бүл хүлээн авах боломжтой гэж хэлсэн. Мөн ариун ёслолыг гэр орондоо гүйцэтгэх нь хэрхэн гэр бүл доторх ариун мэдрэмж, сүнсэнд нөлөөлсөн талаар бодон, гэр орноо хэрхэн анхдагч “итгэлийн ариун өргөө” мөн “аюулгүй байдал, амар тайван” газар болгох талаар бодож үзэхийг тэр зөвлөв. 

“Энэ унасан дэлхийд итгэл, ариун нандин байдал буурах үед танд ариун газар улам их хэрэгтэй болно. Би таныг гэр орноо үргэлжлүүлэн жинхэнэ ариун газар болгох чухал зорилгоосоо ‘бүү шилжин нүүлгэгд’ (Сургаал ба Гэрээ 87:8; тодотгол нэмэгдсэн) хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна гэж тэр хэлсэн юм.  

2. Бид бие биедээ хэрэгтэй. Дэлхий ертөнц Бурханы хүүхдүүдийг урьд урьдынхаас илүү нэгтгэх цар тахлын нийтлэг сорилттой тулгарч байгаа билээ. Ерөнхийлөгч Нэлсон чуулганд оролцогчдыг Бурханыг болон хөршүүдээ үйлчлэлээр дамжуулан хайрлахад урамшуулав.    

“Хэрэв та ганцаардаж байгаа хэн нэгнийг мэдэж байвал өөрөө ганцаардаж байсан ч гэсэн туслаарай! Үүнийг хийхэд танд учир шалтгаан, захиас эсвэл ажил үүрэг байх шаардлагагүй. Ердөө л “Сайн уу” гэж мэндлээд, хайраа харуул. Танд техник технологи тусална. Цар тахалтай тахалгүй Бурханы хайрт хүүхэд бүр ганцаараа биш гэдгээ мэдэх хэрэгтэй” гэж тэр хэлсэн юм. 

3. Танай санваарын чуулга зүгээр нэг хичээлээс илүү ач холбогдолтой. Ерөнхийлөгч Нэлсон “Их Эзэн та бүхнийг хэрхэн чуулгаараа дамжуулан Өөрийнх нь ажлыг одоо гүйцэлдүүлээсэй хэмээн хүсдэг вэ?” хэмээх асуултын тусламжтайгаар чуулгынхаа алсын харааг тэлэхийг чуулганд оролцогчдод урамшуулсан юм. 

“Их Эзэнээс илчлэлтийг эрэлхийл. Өөрийгөө даруусга! Гуй! Сонс! Та удирдахаар дуудагдсан бол ерөнхийлөгчийн зөвлөлөөрөө мөн чуулгынхаа гишүүдтэй зөвлөлд. Та санваарын албан тушаал эсвэл дуудлагаасаа үл хамааран чуулгын гишүүний хувьд хүлээсэн үүрэгтээ болон үйлчлэлдээ Бурханыг эн тэргүүнд тавь” гэж тэр зөвлөв. 

4. Бид тайван байхдаа Есүс Христийг илүү сайн сонсдог. Дэлхий дээрх үймээн самуун улам бүр нэмэгдэх тусам нам гүм цаг, “Түүний удирдамж, тайтгарал, амар амгаланг” шивнэх Их Эзэний дуу хоолойг сонсох ариун нандин цаг хэрэгтэй болж байна. “Ганцаараа болон хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрөөхөд өөрийгөө сурга. Бурханд зүрх сэтгэлээ залбирлаар уудал. Цаг гарган судрыг шимтэн судалж, ариун сүмд шүтэн бишир” гэж ерөнхийлөгч Нэлсон хэллээ. 

pte-Nelson-28-mayo-2020.jpg

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.