Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хувьд бид та бүгдийн итгэлээр дүүрэн амьдрал, бүхнээ зориулсан үйлчлэлд хайр, талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид та бүхнийг цаг хугацаа, авьяас чадвар, Их Эзэнээс хүлээн авсан адислал бүрээ Есүс Христийн Сүмийг босгон байгуулахад зориулахыг харсан. Та нарын “Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа” мөн “хөршөө өөрийн адил хайрла[н]” (Матай 22:37, 39), сайн мэдээгээр амьдарч байгаа нь бидэнд сүнслэг урам зориг өгдөг. Бидний төсөөлж байгаагаар, Азийн Хойд бүсийн гишүүдээс илүү итгэлтэй хүмүүс энэ дэлхийд байхгүй. Нифай хожмын өдөр “дэлхийн гадаргуугаар тархсан байсан Их Эзэний гэрээт хүмүүс … ялгуусан сүр жавхланд зөв шударга байдлаар болон Бурханы хүчээр зэвсэглэсэн байв” (1 Нифай 14:14) хэмээн үзэгдэл харахдаа манай бүсийг харсан нь гарцаагүй.
Дэлхий ертөнц ‘үймээн самуунд’ улам их автаж байгаа ч (С ба Г 45:26) бид Бурханы мутар амьд бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан гайхамшигт арга замуудаар ажиллаж байгааг харж байна. Аравдугаар сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Нэлсон бидэнд энэ талаар сануулахдаа, “Хайрт ах, эгч нар аа, бидний мэлмийн өмнө юу өрнөж байгааг та нар харж байна уу? Энэ цаг мөчийн сүр жавхланг бид олж харахын төлөө би залбирч байна!” гэж хэлсэн. Ахлагч Стивэнсон ерөнхийлөгч Нэлсоны 100 насны төрсөн өдрөөр эхэлж буй ирэх 10 жилд Сүмийг таниулан сурталчлах сэтгэл хөдөлгөм зарим үйл явдлыг онцолсон юм. Тэрээр:
Бидний 10 жил (2024 – 2034)
- Ерөнхийлөгч Нэлсоны 100 дахь төрсөн өдөр (2024)
- 181 + шинэ ариун сүмүүдийн онцгойлон адислах ёслол (эдгээрт Японы Осака, Солонгосын Бусан, Монголын Улаанбаатар ариун сүм багтсан)
- Солт Лэйк ариун сүмийг онцгойлон адислах ёслол (2027)
- Сүмийн 200 жилийн ой (2030)
- Солт Лэйкийн өвлийн олимп (2034)
Оливер Каудери “хэзээ ч мартагдахгүй өдрүүд…” гэсэн үгсээр бидний өнөө үед тусгалаа олсон Сэргээлтийн үйл явдлуудыг тодорхойлсон байдаг.
Бид Сүмийн түүх болон Сургаал ба Гэрээнүүдэд зориулсан 2025 оны Ирээд, Намайг дага гарын авлагыг тэсэн ядан хүлээж байна. Сайн мэдээнээс суралцах нь гэр оронд төвлөрдөг төдийгүй Сүм үүнийг бүхий л талаар дэмждэг гэдгийг санаарай. Та бүхнийг гэр орондоо Ирээд, Намайг дага гарын авлагын хичээлүүдийг уншиж судлахад бидэнтэй нэгдэн, суралцсан зүйлсээ сүм дээр хуваалцах бэлтгэлтэй ирнэ гэдэгт бид найдаж байна. Мөн бид Есүс Христийг таньж мэдэн, дагахад нэг нэгнээ дэмжиж, урамшуулж чадна.
Сэргээлтийн талаар суралцах үедээ бид бошиглогч Иосеф Смит, түүний залгамжлагчид болон ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг илүү ихээр хүндэтгэн хайрлах болно. Бид энэ нь Аврагчийн ажил бөгөөд өөрсдийгөө сүүлчийн удаа Түүний усан үзмийн талбайд Түүнтэй хамт хөдөлмөрлөж буй Түүний үйлчлэгчид юм гэсэн баталгааг ахин дахин хүлээн авах болно.
2024 онд бид Мормоны Номыг уншиж, судлахаар адислагдсан. 2025 онд бид Мормоны Номын урагш авчирсан ‘ер бусын үйл мөн гайхамш[гийн]’ талаар суралцах болно. Жишээ нь: 1829 оны 4-р сарын 6-аас 6-р сарын сүүл үе хүртэлх ойролцоогоор 90 хоногт (буюу ажлын 60-65 өдөр) Иосеф Смит Мормоны Номыг бараг бүтнээр нь хэлж бичүүлсэн (англи хэл рүү 600 хуудас) гайхамшгийн талаар бид эргэн суралцах юм. Мормоны Номын гар бичмэл уг орчуулгын ажилд ямар ч цэг таслалгүй ганцхан ноорог дээр цөөхөн хэдэн засвар орсныг харуулдаг. Тэрхүү ажил ундарсан 90 хоногийн хугацаанд Иосеф Смит гэр бүлээ хэрэгцээт зүйлсээр нь хангах шаардлагатайн хажуугаар дараах зүйлсийг хийсэн юм. Тэр:
- Баптисч Иоханаас Аароны санваар хүлээн авсан (5-р сарын 15)
- 14 илчлэлт хүлээн авч, тэмдэглэн үлдээсэн (С ба Г 6-19)
- Нью-Йорк дахь Витмерийн гэр лүү явсан
- Алтан ялтаснуудын гурав ба найман гэрчтэй болсон
- Зохиогчийн эрхээ баталгаажуулсан
- Мормоны Номыг хэвлэх хэвлэгч олсон
- Мартин Харристай хамт хэвлэлд шаардагдах зардлыг бүрдүүлсэн
2020 онд буюу Иосеф Смитийн Анхны үзэгдлийн 200 жилийн ойгоор Тэргүүн зөвлөл болон Арван хоёрын чуулга “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлтийн 200 жилийн ойн дэлхий дахинд өргөх тунхаг”-ийг гаргасан билээ. Энэхүү тунхгийн төгсгөлд дараах гэрчлэл, амлалтыг өгүүлсэн байдаг.
“Бишрэл, хүндэтгэлтэйгээр, Түүний төлөөлөгчид болох бид үүргийнхээ дагуу бүх хүнийг тэнгэр нээгдсэн гэдгийг мэдэхэд урьж байна. Бурхан хайрт охид, хөвгүүддээ зориулсан Өөрийн хүслийг мэдүүлж байгаа гэдгийг бид батлан хэлье. Сэргээлтийн захиасыг залбиралтайгаар судалж, итгэлтэйгээр үйлддэг хүмүүс үүний тэнгэрлэг мөн чанар хийгээд бидний Их Эзэн Аврагч Есүс Христийн амласан Хоёр дахь ирэлтэд дэлхий ертөнцийг бэлдэх зорилгын талаарх өөрсдийн гэрчлэлийг хүлээн авахаар адислагдах болно гэдгийг бид гэрчилж байна.”
Бид бүх хүнийг Сэргээлтийн захиасыг судлахад бидэнтэй нэгдэхийг урьж байна. Ингэснээр бид Есүс Христэд илүү их итгэх итгэлээр мөн сэргээгдсэн сайн мэдээний үнэний баталгаагаар адислагдана гэдгээ мэддэг. Тэрхүү гэрчлэл бидэнд баяр баясгалан нэмж, бидний бодгальд ‘зангуу’ болох Есүс Христэд найдах найдварыг өгч, сорилт бэрхшээл болон үймээн самуунтай үед энэ бол Аврагчийн ажил, бид гэрээнүүддээ үнэнч байснаар Түүний амлалтууд гарцаагүй биелэх болно гэсэн амар амгалан, баталгааг өгөх болно.
Хүндэтгэсэн,
Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл