DSC06271.JPG
Мэдээ мэдээлэл

Пап Францисын зохион байгуулсан шашин хоорондын арга хэмжээнд Хожмын үеийн гэгээнтэн үг хэлэв

“Бие биедээ хайраар хандаж, гэр бүлүүдээ хүчирхэгжүүлж, Бурханы бүх хүүхэд итгэл найдвар, элгэмсэг зан, зорилго, мөн амар амгаланг олох ертөнцийг бид хамтдаа бүтээж чадна” хэмээн Гомбын Түвшинжаргал “Түвшин” эгч ярив.

2023 оны 9-р сарын 3-ны ням гаргийн өглөө Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Хүн театрт болсон Христийн шашны цугларалтад Пап Францис бусад шашны төлөөллүүдийг урьж уулзав.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд Христийн бусад шашны итгэгчид болон монголын Буддын шашинтнууд, еврейчүүд, мусульманчуудын болон Шинто уламжлалт шашны төлөөллүүдийн хамт уг цугларалтад оролцлоо.   

Пап Францис: “Өөр өөр шашны дагагчдын хувьд бидний  эрхэмлэн дээдлэхээр эрэлхийлж буй эв эеийг цогцлоосон, хөгжин дэвжих хүмүүний амьдрал нь ... өнөөдрийн энэхүү зохицол, нэгдмэл байдал, эгэлгүй сайн сайханд нээлттэй хандах ойлголтыг бэлгэдлээ болгосон билээ.  Энэ нь эргээд бидний тэнгэртэй харилцах харилцааны тулгуур болсон шударга ёс, амар амгаланг сахих амлалтаа дагахыг урамшуулдаг. Энэ утгаараа хүндэт ах эгч нар минь, бид хүлээн зөвшөөрсөн сургаалаа өөрсдөд ирсэн арга замаар гэрчлэхээр дуудагдсан учир түүхийн энэ оноогдсон цаг үедээ томоохон үүрэг хариуцлагаас хамтдаа үүрэлцдэг. Бид үүрэг хариуцлагаа зөрчиж, итгэл үнэмшлээ ичгүүрт байдалд оруулах ёсгүй. … Тиймээс би Католик сүм нь Христийн мөн бусад шашин хоорондын болон соёлын уулзалтын ач холбогдлыг өндрөөр үнэлдэг бөгөөд энэ зарчмаар замнахыг эрмэлздэг болохыг та бүхэнд ахин бататган хэлэхийг хүсэж байна” хэмээн хэлсэн юм.

Хожмын үеийн гэгээнтэн Гомбын Түвшинжаргал “Түвшин” нь шашин хоорондын цугларалтад үг хэлэхээр уригдсан арваад хүний нэг байсан юм. Түвшин: “Бид бол ахан дүүс бөгөөд нэг Мөнхийн Эцэгийн хүүхдүүд юм. Бидний итгэл үнэмшлийн гол цөм бол Есүс Христ Өөрөө байдаг.  Тэр бол ‘зам, үнэн, амь ба Түүний сургаал нь бидний замыг чиглүүлэгч гэрэл болдог” гэж хэлсэн юм.

Түвшин эгчийн хуваалцсан үндсэн сургаалуудын заримаас дурдвал, “бие биеэ хайрлаж, харилцан ойлголцож, энэрэл нигүүлслийг эрхэмлэж, ялгаатай байдлаас үл хамааран эв найрамдалтай байх талаар байв.  Мөн Түүний сургаал бидэнд гэр бүлээ нандигнан хамгаалж, үр хүүхдүүдээ сайн сайханд өсгөн хүмүүжүүлж, гэрлэлтээ бэхжүүлэх урам зоригийг өгдөг”.

Мөн тэрээр Монгол гэр (нүүдэлчин ард түмний уламжлалт сууц) нь монголын Хожмын үеийн гэгээнтнүүдийн Христийг дагах амлалтын бэлгэдэл болсон эв нэгдэл, амар амгалангийн эх сурвалж болдог талаар ярив.

“Ингэхдээ бид тал нутгийн нүүдэлчдийн адилаар бие биеэ түшиж, өргөө гэртээ урьж, идээ будаа, айраг сүүнийхээ дээдээр угтдаг ардын сайхан уламжлалаа ч мөн хүндлэн сахисаар байдаг.  Хамтын аяллынхаа явцад бартаатай зүйл тулгарсан ч бие биедээ хайраар хандаж, гэр бүлүүдээ хүчирхэгжүүлж, Бурханы бүх хүүхэд итгэл найдвар, элгэмсэг зан, зорилго мөн амар амгаланг олох ертөнцийг бид хамтдаа бүтээж чадна” хэмээн хуваалцав.

Түвшин эгчийн үг видеоны 45:25 минутаас эхэлнэ.

Түүнчлэн тэрээр, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хүн бүрийг Христийн үлгэр жишээг дагахад урьдаг хэмээн хэлэхдээ,

“Тэр бол бидний хайр, өршөөл, харамгүй байдлын үлгэр жишээ болдог.  Монгол гэр нь хүмүүсийг ойртож дотносуулах газар болдгийн адил Христ бидэнд гадуурхагдсан, зовж зүдэрч, ядарсан тэднийг нэгэн гэр бүл мэт хэрхэн халамжлах ёстойг харуулсан. Түүний үлгэр жишээг дагахдаа бид Түүний халамж, шударга ёс, эрх чөлөө, энэрэн нигүүлсэхүйн сургаалд нийцсэн бүх хүнд ээлтэй нийгмийг бий болгохыг мөн зорьдог” гэсэн юм.

Уг шашин хоорондын цугларалт нь Пап Францисын монгол улсад хийсэн 5 өдрийн айлчлалын нэг хэсэг юм (8-р сарын 31 - 9-р сарын 4).

Католикчууд болон Хожмын үеийн гэгээнтнүүд хооронд болсон шашин хоорондын өмнөх уулзалт 2019 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэл Баллард болон ерөнхийлөгч Рассэл М.Нэлсон нар Пап Францистай Ватиканд уулзсан юм. Түүнээс 5 жилийн өмнө Тэргүүн зөвлөлийн гишүүн, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Ватиканд болсон гэрлэлтийн талаарх дээд хэмжээний уулзалт дээр Пап Францистай мэндчилж байв. 2010 онд ерөнхийлөгч М.Рассэл Баллард Ватиканд мөн зочилж байсан аж. Түүнчлэн 1995 онд тухайн үеийн ерөнхийлөгч агсан Гордон Б.Хинкли Мормоны шашны нэвтэрхий толь бичгийн хуулбарыг Ватиканы номын санд өгч байжээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.