Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагаас санхүүжүүлэн Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт Дурангийн хагалгааны дадлага сургалтыг долоо хоногийн турш зохион байгууллаа.
Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт 330 эмч, албан хаагчтай, нийслэлийн алслагдсан дүүрэг учир мэс заслын тасаг, төрөх эмнэлэг, нярайн тасаг, эмчилгээ оношлогоо, нөхөн сэргээх зэрэг бүх төрлийн эмчилгээ төвлөрсөн эмнэлэг бөгөөд дурангийн хаалттай хагалгаа хагалгаа хийх эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх зайлшгүй шаардлага тулгараад байсан юм.
Харин Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар нь АНУ-аас мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдийг урьж авчран, долоо хоногийн турш дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагчдыг хамарсан Дурангийн хагалгаа, дадлага сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг АНУ-ын Ходоод Гэдэсний болон Дурангийн Мэс Засалчдын Холбооны Глобаль Хорооны (SAGES) дарга, эмч, судлаач, зохиолч, эрүүл мэндийг сахин хамгаалагч, доктор Рэймонд Прайс удирдав. Сургалтын явцад цөсний хүүдийн нийт 13 хагалгааг амжилттай хийж, дадлагаар сургагдсан эмч нар маань сертификат болон кредитээ хүлээн авлаа. Сургагдсан монгол эмч нар маань энэхүү хагалгааг бие даан гардан хийх чадвартай болсноор дүүргийн иргэд заавал нийслэлийн том эмнэлгүүд рүү холоос очиж цаг алдахгүй эмнэлгийн тусламжийг дүүрэгтээ хурдан шуурхай авах боломжтой болж байна.
Энэхүү төслийн хаалтын арга хэмжээнд дүүргийн Нэгдсэн эмнэлгийн захиргаа, эмч ажилтнууд, Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын төлөөлөгчийн газар, Улсын Нэгдсэн 1-р эмнэлгийн мэс заслын тасаг, Багануур дүүргийн засаг дарга Ц.Сандаг-Очир, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Оюунцэцэг, Дүүргийн Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Г.Гэрэлмаа, 1-р хорооны Засаг дарга Л.Эрдэнэтуяа зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Тус Дэзэрэт Олон Улсын Энэрлийн байгууллага нь дэлхийн улс орнуудад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандив, өргөлөөр хүмүүнлэгийн олон төсөл хэрэгжүүлдэг.