IMG_0145A.JPG
Мэдээ мэдээлэл

“Боловсрол, Соёлын Өдрүүд” болж өнгөрлөө

Америкийн Нэгдсэн Улсын Юта мужийн Прово дахь Бригам Янгийн Их Сургуулийн “Боловсрол, Соёлын Өдрүүд” арга хэмжээ 2024 оны 5 дугаар сарын 4-11 өдрүүдэд Монгол улсад анх удаа зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээ Англи хэлний заах арга зүйн чуулганаар эхэлсэн бөгөөд Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага уг чуулганыг 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа билээ. Олон улсын түвшинд хэрэглэгдэж байгаа хэл шинжлэлийн шилдэг арга барилаас суралцахаас гадна ярианы англи хэлээ сайжруулах, суралцагчдын оролцоог нэмэгдүүлэх, хэрэгцээнд нь тулгуурлан хэрхэн үр дүнтэй заах зэрэг арга зүйн олон ур чадваруудыг Дэлхийн нэр хүндтэй Доктор, Профессорууд интерактив хэлбэрээр заасан нь үр өгөөжтэй, сонирхолтой байсан талаар оролцогчид хуваалцсан юм.

Энэ жилийн хувьд уг арга хэмжээ хэд хэдэн онцлогтойг зохион байгуулагчид дурдсан бөгөөд Улаанбаатараас гадна анх удаа Дархан хотод зохион байгуулсан билээ. Учир нь уг арга хэмжээний оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгааг харгалзан ийнхүү бүсчилсэн байдлаар зохион байгуулж илүү олон багш нарыг хамрагдуулахыг зорьсон байна. Тав дахь удаагийн уг чуулганд Улаанбаатар хотоос гадна Хэнтий, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Өмнөговь зэрэг аймгуудаас нийт 350 орчим багш нар оролцов.  

   

Дараагийн өдөр нь сүмийн сургуулиудын мэдээлэл өгөх уулзалтаар “BYU Боловсрол, Соёлын Өдрүүд” үргэлжилсэн юм. Энэхүү уулзалтаар дамжуулан Прово дахь Бригам Янгийн Их Сургуулийн дэргэдэх Англи хэлний сургалтын төв, Бизнесийн Коллеж, Прово дахь Бригам Янгийн Их Сургууль, Айдоха дахь Бригам Янгийн Их Сургууль, болон Хавай дахь Бригам Янгийн Их Сургууль зэрэг сургуулиудад хэрхэн суралцах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болон оролцогчдын бусад сонирхсон асуултуудын дагуу албаны хүмүүс мэдээлэл хуваалцсан билээ.

“BYU Боловсрол, Соёлын Өдрүүд” арга хэмжээ алдартай Акапелла хамтлагууд болох Vocal Point, Noteworthy-н тоглолтоор үргэлжлэв. Тоглолт Корпорейт Конвеншн Центрт хоёр удаа болсон бөгөөд эрч хүч мэдрүүлсэн сайхан тоглолт болсон талаар үзэгчид хуваалцаж байсан юм.  Vocal Point болон Noteworthy нь урлагийн маш олон төрлөөр дуулдаг ба рок поп, жазз, R&B зэрэг төрлөөр түлхүү уран бүтээлээ турвидаг дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй хамтлагууд юм.  

Ийн бүтэн долоо хоног үргэлжилсэн “BYU Боловсрол, Соёлын Өдрүүд” нь олон хүмүүст урам зориг хайрлаж, өсөж хөгжих урмаар тэтгэсэн арга хэмжээ болж өндөрлөлөө. Зохион байгуулагчдын зүгээс ижил төрлийн арга хэмжээг тогтмол хугацаанд зохион байгуулах нь олон хүмүүст боломжуудыг таниулснаар амьдралд нь эерэг өөрчлөлтүүд авчрах боломжтойг ухааран дараагийнхаа ажлыг зохион байгуулах сэтгэлийн өртэй үлдлээ.  

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.