Мэдээ мэдээлэл

Цагаан сар ба угийн бичиг баярт 850 хүн оролцов

Энэхүү баяр нь зөвхөн шинэ оноо угтах үйл явдал биш, харин гэр бүл, ахан дүүсээ хүндэтгэх, эв эеийг эрхэмлэх, өв соёлоо өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой баяр юм.

Монголчууд өвлийн хахир хүйтнийг давж, хаврын урь орж буйг бэлгэдэн Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэхүү баяр нь зөвхөн шинэ оноо угтах үйл явдал биш, харин гэр бүл, ахан дүүсээ хүндэтгэх, эв эеийг эрхэмлэх, өв соёлоо өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой баяр юм. Сүмийн гишүүд ч Цагаан сарын баярыг ёс төртэй тэмдэглэж, энэ үеэр өвөг дээдсээ санан дурсаж, өндөр настнуудаа эргэн золгож, тэдний талаарх шинэ мэдээллийг цуглуулан гэр бүлийн түүх, угийн бичгээ хөтлөх уламжлалтай. Сүмийн удирдагчид ч энэ уламжлалыг уриалан дэмжиж, угийн бичгээ хөтлөх нь Монголын соёлын үнэт өвийг хадгалж, үр хойчдоо өвлүүлэх чухал үйл хэрэг болохыг онцолдог.

© 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

“Цагаан сар ба Угийн бичиг” баярын онцлох үйл явдлууд

Энэ жилийн "Цагаан сар ба Угийн бичиг" баяр өргөн дэлгэр болж, өв уламжлалаа дээдлэн, угийн бичгээ хөтлөхийн ач холбогдлыг таниулах зорилготойгоор 850 гаруй хүн оролцож, дурсамж дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүллээ. Өглөөний 10:00 цагт эхэлсэн уг арга хэмжээ бүхэлдээ гэр бүлд зориулсан олон сонирхолтой үйл ажиллагаагаар үргэлжилж, оройн 21:00 цагт өндөрлөсөн юм.

Гэр бүлийн уран сайхны зураг авалт

Оролцогчдын хүсэн хүлээдэг үйл ажиллагааны нэг нь яах аргагүй гэр бүлийн уран сайхны зураг авалт байдаг билээ. Гэр бүлийн үнэ цэнэ, хайр, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой уг хэсэгт үндэсний хувцсаараа гоёсон гэр бүлүүд хамтдаа зургаа авахуулж, аз жаргалтай мөчөө мөнхлөн үлдээв.

Үндэсний бөхийн барилдаан

Энэ баярын салшгүй хэсэг бол хүчит бөхийн барилдаан юм. Энэ удаагийн барилдаанд 32 бөх зодоглосноос Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, Сумын заан Ж.Лхагвасүрэн уран барилдаанаараа түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Аймгийн начин Б.Хаш-Эрдэнэ үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт залуу бөхчүүд болох Мөнхдорж, Мягмарсүрэн нар шалгарч, үзэгчдийн мэлмийг мялаав.

Үндэсний хувцасны үзүүлбэр

Жил бүрийн хамгийн онцлох хэсгийн нэг нь үндэсний хувцасны үзүүлбэр байдаг. Оролцогчид Монголын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор үндэсний дээл хувцас, гоёл чимэглэлээрээ гоёж оролцсон юм. Тус үзүүлбэрийн хүрээнд хосын, ганцаарчилсан (эрэгтэй, эмэгтэй), хүүхдийн болон сайн дурынхны гэсэн төрлүүдэд шилдгүүдээ тодрууллаа.

Гэр бүл бол биднийг чиглүүлэн удирдах луужин лугаа адил. Энэ бол бүдрэн уруудах үедээ түшиглэж, өндөрлөг өөд гарах хүчээ авах эх ундрага юм. Хөнгөн олдох баяр баяслаас илүүтэй, гэр бүлийнхээ дунд жинхэнэ урам зоригийг мэдрэх нь хамгийн үнэ цэнэтэй. Цагаан сараар бид зөвхөн шинэ жилийг угтаж буй биш, харин гэр бүл, өвөг дээдсээ хүндэтгэж, Монгол үндэстний үнэт өвийг хадгалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх үүрэг хариуцлагаа ухамсарлан тэмдэглэдэг билээ.

Монгол түмэндээ “Элдэв Эрдэнэт” хэмээх Хөхөгчин Могой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай сайхан шинэлэхийн ерөөл өргөе!

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.