Тусламж хэрэгтэй Бурханы хүүхдүүдийн тоо өсөхийн хэрээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм тэдэнд туслалцаа үзүүлэхийг эрэлхийлсээр байна. 2023 онд халамж, бие даах чадвар, хүмүүнлэгийн тусламж, сайн дурын үйлчлэлийг багтаасан уг ажилд 1.3 тэрбум гаруй ам.долларыг зарцуулж, 6.2 сая цагийн сайн дурын ажил гүйцэтгэжээ.
“Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах” 2023 оны хураангуй тайланд тусгаснаар Сүмийн 4,119 хүмүүнлэгийн төсөл 191 улс орон, бүс нутгийн хүмүүсийг адисалсан байна.
“Есүс Христийн дагалдагчдын хувьд бид энэ ажлыг үүрэг, баярт завшаан хэмээн үздэг. Энэ ажлыг урагшлуулж, хамрах хүрээг нь тэлэх боломжийг олгож буй Сүмийн гишүүд, найз нөхөд, бусад итгэл даасан байгууллагын харамгүйгээр зориулсан цаг хугацаа, хүчин чармайлтад бид талархаж байна” хэмээн Тэргүүн зөвлөл тус тайланд дурджээ.
Humanitarian Work: It All Begins with You
Дэлхий даяар хэрэгжүүлсэн тусламжийн төслүүдийн хүрээнд хүүхэд эмэгтэйчүүдэд чиглэсэн 921, эрүүл мэндийг дэмжсэн 601, хүнсний аюулгүй байдалд анхаарсан 530, яаралтай тусламжийн 415, орон гэргүй хүмүүст үйлчлэл хийсэн 374, цэвэр усаар хангасан 206 төсөл тус тус багтжээ. JustServe хөтөлбөрт 120,000 орчим шинэ хэрэглэгч бүртгүүлж, 17,500 гаруй шинэ төсөл нэмэгдсэн байна. Халамж, бие даах чадварын үйлчлэл хариуцсан 11,360 номлогч Сүмийн мянга мянган гишүүний хамтаар сайн дурын ажилд хувь нэмрээ оруулсан.
Сүмийн Тэргүүлэх бишоп Жэралд Коссэй, “Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах бидний алсын хараатай ижил зорилготой мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах боломжид бид талархалтай байна. Бидний хамтын ажиллагаа дэлхий даяар өрнүүлж буй ажлын маань хамрах хүрээг улам нэмэгдүүлж байгаа нь бид Есүс Христийн хөршөө хайрлах, тэдэнд үйлчлэх гэсэн үлгэр жишээг дагаж буй хэрэг юм” хэмээн хэлсэн.
43 хуудас бүхий тайланг 17 хэлээр Caring.ChurchofJesusChrist.org дээр унших боломжтой. Уг тайланд багтсан олон төслийг Ватэр-Эйд (WaterAid), НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн хүнсний хөтөлбөр, Хүмүүст зориулсан ундны ус (Water for People), Шэлтэрбокс (ShelterBox) зэрэг олон байгууллагын хамтын ажиллагааны тусламжтайгаар хэрэгжүүлсэн билээ.
2023 онд дэлхий даяарх Сүмийн хүмүүнлэгийн тусламж тасралтгүй өргөжин тэлсэн юм. Өнгөрсөн 8-р сард Сүм хэд хэдэн байгууллагын гаргасан дэлхий даяарх өлсгөлөнг бууруулах өргөн хүрээтэй санаачилгуудыг дэмжиж, 30 улс орны хүүхдүүдэд хүрч ажиллахаар 44 сая долларыг зарцуулахаа амласан. Мөн 11-р сард Сүм 5-аас доош настай хүүхдүүд болон тэдний ээжүүдийн эрүүл мэнд, хөгжлийг дэмжих хөтөлбөрийг санаачилж, Халамжийн Нийгэмлэгээс уг ажлыг удирдан зохион байгуулжээ. Уг санаачилгын хүрээнд ерөнхийлөгч Камилл Н.Жонсон Филиппинд айлчилж, хүүхдүүдийг хоол тэжээлийн дутагдлын илрүүлэгт хамруулан, эцэг эхчүүдэд хооллолтыг төрөлжүүлэхийн ач холбогдлын талаар сургалт, дэмжлэг үзүүлж буй газруудад зочилсон аж.
“Бид гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэхийг хүсдэг,” хэмээн Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Камилл Н.Жонсон эгч онцлоод, “Олон тохиолдолд хүүхдэдээ хайртай эцэг эхчүүд тэднийгээ хангалттай шим тэжээлээр хангах талаар мэдлэггүй байдаг. Тэд илүү сайн ойлголт, эх сурвалжуудын тусламжтайгаар удаан хугацааны үр нөлөөг авчрах өөрчлөлтүүдийг хийх боломжтой болно” гэжээ.
Тусламж хэрэгтэй хүмүүст зориулсан Сүмийн тусламжийн бас нэг онцлох хэсэг бол Дэлхийг гэрэлтүүлцгээе хандивын машинууд юм. Эдгээр зорилтот автомат машин нь дэлхий даяар хүнд хэцүү нөхцөлд байгаа хүмүүсийг хоол хүнс, вакцин зэргээр хангах боломжийг хүмүүст олгодог. Өнгөрөгч 11-ээс 12-р сарын турш Австрали, Канад, Гватемал, Мексик, Шинэ Зеланд, Филиппин, АНУ-д байрлах хандивын машинуудад 600,000 гаруй хүн 10.4 сая долларын хандив өргөжээ.
Есүс Христийн Сүм өөр олон арга замаар адислалаа олонд хүргэсэн. Манай шашны байгууллага нь Америкийн Улаан Загалмайн Нийгэмлэгт био-анагаах ухааны тоног төхөөрөмж, цус хандивлах явуулын төвүүдийг худалдан авахад мөн хадуур эсийн өвчтэй африк гаралтай хүмүүст туслах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 8.7 сая доллар олгоод байна. Түүнчлэн Сүм Африк дахь малари өвчний дархлаажуулалтын түүхэн аянг дэмжиж 3 сая доллар зарцуулахаа мэдэгдсэн. Цаашлаад Боснид хүлэмж барих, Чигагогийн оршин суугчдад дулаан хувцас тараах, Ганад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, Гватемалд тэргэнцэр тараах, Луйзиана мужийн африк-америк сургуулийн байрны засвар шинэчлэлт, Мауи аралд дэгдсэн гал түймрийн эсрэг үйл ажиллагаанд туслах, Мексик дэх нярайн эрүүл мэндийн болон хар шуурганы дараах тусламжийн үйл ажиллагаа, Монтреалд орон гэргүй хүмүүст зориулсан орогнох байр, Өмнөд Африкийн хиймэл эрхтний үйлдвэр, Гамбид цэвэр усны цооног барих, Замбид сургууль байгуулах зэрэг олон нийтийг хамарсан санаачилгат ажилд хандив өргөсөн билээ.
Мөн Есүс Христийн Сүм нь Өнгөт Арьстай Хүмүүсийн Хөгжлийн Үндэсний Холбоотой (NAACP) хамтран ажиллах талаар бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны эхлүүлсэн алсын харааг үргэлжлүүлэн авч явах болно. 2023 онд үргэлжлэн хэрэгжсэн нэгэн онцлох санаачилга бол Тэннэсси мужийн Мэмфис хотын эх нялхаст тусламж дэмжлэг үзүүлэх ажил байв.
2022 оны 11-р сард эхэлсэн MyBaby4Me хөтөлбөр нь нярайн эндэгдлийг бууруулах зорилготой. Тус хотын 38126 зип код бүхий бүс нутаг АНУ-ын хэмжээнд нярайн эндэгдэл хамгийн ихтэй газар гэдгийг анхаарууштай юм.
2023 оны хураангуй тайланд Хожмын Үеийн Гэгээнтнүүд болон итгэл нэгт найз нөхдийг бусдын хэрэгцээг тодорхойлж, харилцаа холбоо тогтоон, төлөвлөгөө боловсруулж, туршлагаа хуваалцах замаар орон нутагтаа үйлчлэхийг урамшуулсан. Хүмүүст үйлдэл хийхэд нь туслах зорилготой “Би юу хийж чадах вэ?” гэсэн хэсэг тайлангийн хэсэг бүрд бий.
Тэргүүн зөвлөл: “Бурхан Өөрийн бүх хүүхдийг хайрладаг гэдэгт бид эргэлзээгүй итгэдэг. Хөршүүддээ анхаарал халамж тавьж, тусламж хэрэгтэй үед нь тэднийг тайтгаруулан, Бурханы авралын ажлыг урагшлуулахад тусалдаг сайн хүмүүс хаа сайгүй бий. Бие биедээ хайраар хүрч үйлчлэх энэ ажилд бид та бүхнийг нэгдэхийг урьж байгаа бөгөөд Их Эзэн уг ажлыг үргэлжлүүлэн адислахын төлөө залбирч байна” гэжээ.
“Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах” 2023 оны хураангуй тайланг унших