Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн Ахлагч Жон А.Маккюн (тэрээр 8-р сарын 1 нээс эхлэн Азийн хойд бүсийн ерөнхийлөгч Такаши Вадагийн оронд ерөнхийлөгчөөр томилогдож байгаа билээ) 2024 оны 6-р сарын 9-нөөс 19-ний хооронд 4000 км замыг туулж, гишүүд болон орон нутгийн иргэдэд тохинуулал хийлээ.
2024.06.09 - Ховд аймаг
Ахлагч Маккюн, Маккюн эгч, Ахлагч Хенри Савстромын хамт олон үндэсний өлгий Ховд аймагт зочлов. Монгол Улаанбаатар Номлолын ерөнхийлөгч Намгүр, эхнэр Майуми Намгүр, Азийн Хойд бүсийн хуульч Тодд Бэнсон, эхнэр Хидер, Бүсийн олон нийттэй харилцах албаны захирал Так Мочизуки, Монгол дахь ЕХХҮГСүмийн ажлын албаны дарга Г.Түвшинжаргал, Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын захирал Д.Пүрэвжаргал нар тэдэнтэй хамт явсан билээ.
Айлчлал Ховд аймаг дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн байранд ариун ёслолын цуглаанд оролцсоноор эхэлж, үүний дараа гишүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Ховд салбарын ерөнхийлөгч Г.Батболд: “Сүмийн ерөнхий эрх мэдэлтэн Ховдод айлчилж буйд баяртай байна. Гишүүд ахлагч Маккюны айлчлалыг олон сарын турш хүлээж байсан" гэж хуваалцав.
2024.06.10 - Баян-Өлгий аймаг
Ахлагч Маккюн, Маккюн эгч нар Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт зочилж, нярай шарлалтын эсрэг 25 ширхэг тоног төхөөрөмжийг тус эмнэлэгт хандивлав. Уг хандивын арга хэмжээг Д.Пүрэвжаргал хөтлөн явуулсан бөгөөд нэгдсэн эмнэлэгийн ажилчид, хэвтэн эмчлүүлэгчид оролцсон юм. Нэгдсэн эмнэлгийн менежер Х.Манчук гүн талархал илэрхийлээд: "ЕХХҮГСүм болон Дэзэрэт Олон Улсын Энэрлийн байгууллага нярайн шарлалтын эсрэг багц тоног төхөөрөмж хандивлаж байгаад маш их баяртай байна. Энэ нь бидний хувьд маш үнэ цэнэтэй бэлэг бөгөөд эдгээр тоног төхөөрөмж олон хүүхдийн амь насыг аварч, эрүүл саруул өсөхөд нь туслах болно" хэмээн хэлэв.
Ахлагч Маккюн сүмийн гишүүдийн дэлхий дахинд оруулсан хувь нэмрийг онцолоод, "Дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг гишүүдийн хандив тусламжаар энэхүү төсөл хэрэгжиж байна. Сургаалд хөршүүдээ хайрлах нь Бурханыг хайрлаж буй хэрэг хэмээн заадаг" гэж хуваалцлаа.
Үүний дараа зочид Баян-Өлгий аймаг дахь Мусульманы нийгэмлэгүүдийн холбооны орон нутгийн удирдагчтай уулзаж, шашны уламжлалыг хадгалах, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах хамтын ажиллагааны талаар харилцан ярилцав.
2024.06.12 – Улаанбаатар
Энэ өдөр Ахлагч Маккюн, Маккюн эгчийн хамт Баянзүрх дүүргийн 43 хороо, тосгодын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нярайн шарлалтын эсрэг багц тоног төхөөрөмжийг хандивлах арга хэмжээнд оролцов. Энэхүү хандивын арга хэмжээ нь Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (ДОУЭБ)-ын 2024 онд орон даяар хэрэгжүүлж буй нярайн шарлалтын эсрэг багц тоног төхөөрөмж хандивлах хүмүүнлэгийн төслийн нэг бөгөөд энэ жилдээ нийт 100 багц буюу 500 ширхэг тоног төхөөрөмжийг хандивлахаар ажиллаж байгаа билээ.
Хандивын арга хэмжээнд Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан, Дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга И.Батзаяа болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нар оролцов.
ДОУЭБ-ын орон нутгийн төсөл хариуцсан захирал Д.Пүрэвжаргал: “Өнөөгийн Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлуудын нэг бол нярайн шарлалтаас сэргийлэх тоног төхөөрөмжийн дутагдалтай байдал бөгөөд энэхүү төслөөр дамжуулан уг асуудлыг сайжруулахад бага боловч хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна” гэж хуваалцсан юм.
Ахлагч Маккюн хандивын арга хэмжээний төгсгөлд хэлсэн үгэндээ, өөрийнх нь нэг хүүхэд шарлалттай төрсөн бөгөөд цаг алдалгүй яаралтай арга хэмжээ аваагүй бол насан туршын эрүүл мэндийн асуудалтай болохоос гадна эндэж ч болзошгүй байсанг ойлгосноо хуваалцсан юм. Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ, “Сүмийн гишүүд өөрсдийн эргэн тойронд амьдарч буй хүмүүст хайраа мэдрүүлэхдээ ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд үүгээрээ тэд хөршдөө болон Бурханд хайраа үзүүлж буй үйлдэл юм" хэмээн хуваалцсан юм.
Ахлагч Маккюн, Маккюн эгчийн хамт Хэнтий аймаг руу явах замдаа Багануур дүүрэгт байрлах саяхан ашиглалтад орсон Багануур салбарын цуглааны байранд зочилсон юм. Сүмийн зүгээс шинэ цуглааны байр баригдсан орчмын тохижилтыг сайжруулахаас гадна автобусны буудлыг засварлаж орон нутагт хүлээлгэн өгсөн байна.
Тэд Хэнтий аймагт очсоны дараа сүмийн гишүүд болон номлогчидтой уулзах үйл ажиллагаанд оролцон оройн зоог хамт барьлаа. Энэ үеэр сүмийн гишүүн А.Энхбаатар ах олон жилийн турш орон нутагтаа хэрхэн өөрийн хувь нэмрээ оруулсан тухайгаа хуваалцсан юм.
Хэнтий аймаг дахь түүний айлчлал 6-р сарын 13-нд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай хийсэн уулзсанаар өндөрлөсөн юм. Ахлагч Маккюны Монгол орноор хийсэн энэ удаагийн айлчлал нийгэмд эерэг нөлөө авчрах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, шашин хоорондын сайн харилцааг дэмжих, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг чиглэсэн Сүмийн хичээл зүтгэлийн илэрхийлэл болсон юм.