2024 оны 1-р сарын 23-ны мягмар гарагт Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Патрик Кийрон Солт Лэйк Сити дэх Халамжийн нийгэмлэгийн байранд цугларсан хэвлэл мэдээллийнхэнтэй гурван цагийг өнгөрөөж, тэдний асуултад хариулав.
Энэ нь шинэ төлөөлөгчийн 47 өдрийн өмнө дуудагдсанаасаа хойш анх удаа сэтгүүлчидтэй ярилцаж байгаа явдал юм. Ахлагч Кийрон Сүмийн харилцаа холбооны ажилтантай хийсэн 5 минутын ярилцлагын үеэр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд насанд хүрсэн хойноо нэгдсэн тухай түүхээ дурсаж, бүх амар амгалангийн эх булаг болох Христийн гэрч болох талаараа ярьжээ.
- 20240123_123419_LES__LES2505C1.JPG
- 20240123_123358_LES__LES2471C1.JPG
- 20240123_120829_LES__LES2356C1.JPG
- 20240123_140934_LES__LES3005C1.JPG
- 20240123_130827_LES__LES2824C1.JPG
- 20240123_134318_LES__LES2967C1.JPG
- 20240123_133143_LES__LES2883C1.JPG
- 20240123_142826_LES__LES3066C1.JPG
1 / 2 |
Ахлагч Кийрон хэлэхдээ: “Би одоо илүү энгийн байдлыг сайн мэдээнээс урьд өмнө харж байгаагүйгээр хардаг. Би сайн мэдээний гол цөмийн талаар, мөн бидний хайрт Тэнгэр дэх Эцэг, Түүний Хүү Есүс Христ, түүнчлэн мэдээж Сэргээлтийн талаар улам ихээр бодож байна. Би Тэнгэр дэх Эцэгийнхээ талаар бодох үедээ өгөөмөр, хязгааргүй хайрыг нь, бас Түүний Хүү, бидний Аврагчийн талаар боддог. Бас би Тэдний талаар, түүнчлэн энэхүү мөнх бус амьдралд бид бүгдийн өнгөрүүлэх хэсэгхэн хугацааны дараа биднийг гэртээ эсэн мэнд харах гэсэн Тэдний хүсэл тэмүүллийн талаар гэрчилдэг. Би үүнийг алхам бүрдээ энд төдийгүй дэлхий даяар илүү сайн илэрхийлж, хуваалцаж чадна гэдэгтээ их баяртай байна” гэжээ.
Өдгөө 62 настай ахлагч Кийрон эцгийнх нь батлан хамгаалахын салбарт ажиллаж байсан газар буюу Ойрх Дорнод болон Их Британид өссөн. Тэрээр 10 настайдаа Англид сургуулийн дотуур байр луу нүүж, харин эцэг эх нь Саудын Арабд үлджээ. Тэрээр насанд хүрээд, Их Британи, Саудын Араб болон Америкт хувиараа харилцаа холбооны зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг олон салбарт ажиллаж, амьдарч байсан.
Ирээдүйн төлөөлөгч маань Калифорнид нэгэн хожмын үеийн гэгээнтэн гэр бүлтэй хамт амьдарч байхдаа анх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн тухай мэдэж авчээ. Тэдний үлгэр жишээ түүнд тод үлдсэн юм. Үүнээс хойш хэдэн жилийн дараа тэр Лондон хотын гудамжинд номлогчидтой уулзаж, хожим нь 1987 оны Христийн мэндэлсний баярын өмнөх орой баптисм хүртжээ.
Тэрээр Есүс Христийн Сүмд хөрвөн орсон гэдэг нь “намайг ихэд цочирдуулж, уг дуудлагын сүрдэм байдлыг улам нэмсэн юм. Энэ нь надад цаашид хөрвөгчийн харах өнцгийг өгнө гэж найдаж байна. Мэдээж хэрэг би үргэлж өөрийн туулж мэдэрсэн зүгээс хардаг. Бид ямар нэгэн байдлаар бүгд хөрвөгчид гэдгийг хүлээн зөвшөөрөх нь тустай зүйл гэж би найдаж байна ” гэв.
Ахлагч Кийрон эдгэрэл хэрэгтэй хүмүүсийг тайвшруулах онцгой төгсгөлийн үгийг үлдээсэн билээ.
Тэрээр хэлэхдээ: “Шаналсан, ганцаардсан, мартагдсан, орхигдсон, адлагдсан мэт санагдаж буй хүн байвал, таныг бүх амар амгалангийн эх булгаас, мөн таныг үнэхээр хайрладаг Тэнгэр дэх Эцгийнхээ хайраас амар тайвныг олох болтугай гэж залбирч байна. Түүний Хүү, бидний Аврагч энэ бүхнийг тань засаж залруулах болно. Мөн энэ нь тун удахгүй байгаасай. Гэхдээ энэ нь эцэстээ гарцаагүй тохиох болно. Энэ бол миний ерөөл, Түүний өмнөөс хэлж буй амлалт юм” гэжээ.