Мэдээ мэдээлэл

Монгол оюутнуудын гайхалтай үзүүлбэр

Culture Night 2025 урлагийн наадамд Монгол Улсаас суралцаж буй 29 авьяаслаг оюутан оролцов.

Brigham Young University–Hawaii-ийн (BYU–Hawaii) уламжлалт Culture Night 2025 урлагийн наадамд Монгол Улсаас суралцаж буй 29 авьяаслаг оюутан эх орныхоо өв соёлыг бахархалтайгаар харуулж, үзэгчдийн сэтгэлийг догдлуулсан гайхалтай үзүүлбэрийг тайзнаа үзүүллээ. Тэдний хувьд энэ тоглолт нь зүгээр нэг соёлын илэрхийлэл бус, олон долоо хоногийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн байсан юм.

Үзүүлбэрийн бэлтгэл, хөтөлбөрийн зохион байгуулалт

Монгол оюутнуудын энэхүү урлагийн тоглолтыг Дашзэвэгийн Энхжин, Түвшинжаргалын Энхжин нар удирдан найруулж, дэглэсэн бөгөөд тэд бэлтгэл ажлын талаар сэтгэгдлээ хуваалцав. Д.Энхжин хэлэхдээ:

© 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

"Бидний хувьд бэлтгэлээ нэг сар хагасын өмнөөс эхлүүлж, эхний долоо хоногт 2-3 удаа, харин сүүлийн долоо хоногт өдөр бүр шахуу 4-5 удаа давтан хичээнгүйлэн бэлдсэн. Бидний үзүүлбэр нийт 7 минут үргэлжилсэн бөгөөд удиртгал дуу болон гурван бүжгээс бүрдсэн юм.

Эхний бүжгийн найруулга, хувцас дизайныг Т.Энхжин маань хариуцан ажиллаж, харин хоёр болон гурав дахь бүжгийн дэглэлт, дууны найруулгыг миний бие гүйцэтгэсэн. Энэ бүхний ард Монгол Оюутнуудын Холбооны Ерөнхийлөгчийн зөвлөл, тэр дундаа Ерөнхийлөгч Тэргэл бидэнд тууштай дэмжлэг үзүүлж, бүхий л тал дээр тусалсан нь маш их урам өгсөн."

Соёлын өвийг олон улсын тайзнаа харуулав

Т.Энхжин зохион байгуулагч, дэглээчийн хувьд туршлагаасаа ийн хуваалцав:

"Энэ жилийн Culture Night-д Монгол клуб маань дотоод болон зарим гадаад оюутнаас бүрдсэн 32 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Бид 7 минут үргэлжлэх бүжгэн үзүүлбэр бэлдэж, Монголчуудын өв соёл, нөхөрсөг зан чанар, хүчирхэг эрэмгий байдлыг харуулахыг зорьсон.

DSC02824.jpgDownload Photo

Бэлтгэлийн явцад цаг хугацаа хамгийн том сорилт байлаа. Оюутнууд маань хичээл, ажил, хувийн амьдралынхаа хажуугаар бүжгийн бэлтгэлээ зохицуулах шаардлагатай байсан. Иймд хүн бүрт тохирсон уян хатан хуваарь гаргаж, илүү цаг зарцуулан хичээллэх нь надад томоохон сорилт болсон ч бид багийн хүчээр саад бэрхшээлийг даван гарч чадсан."

Монгол соёлын гайхамшгийг үзэгчдэд хүргэсэн нь

Монгол бүжгийн хөдөлгөөн, уртын дууны айзамыг уран найруулгаар хослуулсан нь үзэгчдийн сэтгэлд хүчтэй хүрсэн тухай Т.Энхжин онцлон дурдлаа:

"Манай бүжгийн хөдөлгөөн бүр утга агуулгатай байх ёстой гэж бид үзсэн. Иймээс бид эртнээс төлөвлөж, мэндлэх, хүндлэх ёс болон үйл хөдлөлдөө уриалга шингээхийг хичээсэн. Эх орноосоо 9000 гаруй километрийн алсад байгаа ч Монголын соёл, уламжлалыг түгээх нь бидний нэр төрийн хэрэг бөгөөд үүрэг хариуцлага байсан.

Тайзан дээр үзэгчдийн алга ташилт сонсох бүрд "эвтэй бол хүчтэй" гэсэн үг улам утга учиртайгаар мэдрэгдэж байлаа. Бидний ард байнга дэмжиж байсан хамт олондоо, ар гэрээсээ цаг гарган бидэнтэй хамт ажилласан хүн нэг бүрд гүн талархал илэрхийлье." 

Монгол оюутнуудын гайхалтай үзүүлбэр олон орны үзэгчдийг бишрүүлж, Монголын соёлын талаар суралцах хүсэл тэмүүллийг нь нэмэгдүүлсэн арга хэмжээ боллоо. Тэдний амжилт нь зөвхөн урлагийн тоглолт бус, багийн хүч, хөдөлмөр, зорилготой байдал ямар үнэ цэнтэйг харуулсан нэгэн тод жишээ байв.

Монгол Оюутны Холбооны удирдагчдын туршлага

Монгол Оюутны Холбооны удирдагчдын нэг Намуун арга хэмжээний зохион байгуулалтын талаар хуваалцав: "Энэ семестрт Монгол Оюутны Холбооны Ерөнхийлөгчийн зөвлөлд ажиллаж, Culture Night арга хэмжээг зохион байгуулах багт зөвлөх үүрэг хүлээсэн. Сар гаруйн хугацаанд ажил, гэр, хичээлээ зэрэгцүүлэн зохицуулах нь хүнд байсан ч хүн бүрийн хичээл зүтгэл, золиос уг үзүүлбэрийг амжилттай болгосон. Энэ жил бид үзэгчдээ нэг хором ч уйдаахгүй байлгах, урам зориг бүхий бүжгийн үзүүлбэр бэлдэхийг зорьсон. Дараагийн үеийн дүү нар маань ирээдүйн Culture Night-даа илүү амжилттай оролцох суурийг тавьж чадсан гэж бодож байна."

Ирэх жилийн Culture Night-д тэдний бэлтгэл, хичээл зүтгэл улам хүчтэй үргэлжилж, Монголын соёлыг илүү олон хүнд түгээх болно гэдэгт итгэлтэй байна. Монгол оюутнуудаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.