2023 оны 8-р сарын 1-нээс эхлэн Азийн хойд бүсийг шинэ ерөнхийлөгчийн зөвлөл удирдах болно. Ахлагч Такаши Вада Азийн хойд бүсийн ерөнхийлөгчөөр, Ахлагч Жон А.Маккюн нэгдүгээр зөвлөхөөр үргэлжлүүлэн үйлчлэх бөгөөд Ахлагч Ж.Кимо Эсплин хоёрдугаар зөвлөхөөр дуудагдаж тэдэнтэй нэгдэхээр боллоо.
Азийн хойд бүсийн ерөнхийлөгч ахлагч Такаши Вада
Ахлагч Такаши Вада нь 2018 оны 3-р сарын 31-нд 53 настайдаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын ерөнхий эрх мэдэлтнээр дэмжин батлагдсан. Тэрээр дуудагдах үедээ Азийн хойд бүсийн ажлын албаны захирал байв. Тэр Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнээр үйлчилж байсан ба одоо Азийн хойд бүсийн ерөнхийлөгчөөр үйлчилж байна.
Ахлагч Вада нь Юта мужын Солт Лэйк Сити хойд номлолд бүрэн цагийн номлогч, салбарын ерөнхийлөгч, бишоп, Японы Токио өмнөд номлолын ерөнхийлөгч, семинарын багш, тойргийн залуу насанд хүрэгчдийн зөвлөх, Сайн мэдээний сургаалын багш гэх мэт олон дуудлагад үйлчилж байсан.
Ахлагч Вада Бригам Янгийн Их Сургуулиас 1990 онд хэл шинжлэлийн бакалавр, 1996 онд бизнесийн удирдлагын магистрын зэрэг тус тус хүртсэн. Ажил мэргэжлийн замналын хувьд тэрээр АНУ болон Японы үндэстэн дамнасан корпорацуудад хэд хэдэн удаа захирлын алба хашиж байсан төдийгүй Хойд Америкийн Баруун, Баруун Хойд, Азийн Хойд бүсүүдэд ажлын албаны захирлаар ажиллаж байв.
Такаши Вада 1965 оны 2-р сарын 5-нд Японы Нагано хотод төрсөн. 1994 онд Наоми Үэнотой гэрлэсэн. Тэд хоёр хүүхэдтэй.
Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх ахлагч Жон А.Маккюн
Ахлагч Жон А.Маккюн нь 2019 оны 4-р сарын 6-нд 55 настайдаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын ерөнхий эрх мэдэлтнээр дэмжин батлагдсан. Тэрээр дуудагдах үедээ Бүсийн Дал болон Юта өмнөд бүсийн Далын 5-р чуулгын гишүүнээр үйлчилж байсан. Одоо тэр Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байна.
Ахлагч Маккюн Японы Фукүока номлолд бүрэн цагийн номлогч, тойргийн санхүү хариуцсан бичиг хэргийн ажилтан, Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, тойргийн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөх, салбарын ерөнхийлөгчийн зөвлөх, бишопын зөвлөх, бишоп, гадасны ерөнхийлөгч, Юта Прово номлолын ерөнхийлөгч гэх мэт олон дуудлагад үйлчилж байсан.
Ахлагч Маккюн Бригам Янгийн Их Сургуульд санхүүгийн бакалавр зэрэг хүртсэн. 1992 онд Калифорни Лос Анжелесийн Их Сургуульд санхүү бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хүртсэн. Тэрээр 1997-2012 онд Капитал Инвэстмэнт Эдвайсарс фирмд ахлах дэд ерөнхийлөгч болон захирлын албыг хашиж байгаад номлолын ерөнхийлөгчөөр дуудагдсан. 2016 онд тэр Сүмийн Хүмүүнлэгийн албаны томоохон хандив хариуцсан төлөөлөгч болсон.
Жон Аллэн Маккюн 1963 оны 6-р сарын 20-нд Калифорни мужын Санта Круз хотод төрсөн. 1984 онд Дэббра Эллэн Кингсбуритэй гэр бүл болсон ба тэд дөрвөн хүүхэдтэй.
Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх ахлагч Ж.Кимо Эсплин
Ахлагч Ж.Кимо Эсплин нь 2023 оны 4-р сарын Ерөнхий чуулганаар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын ерөнхий эрх мэдэлтнээр дэмжин батлагдсан.
Ахлагч Эсплин Японы Кобэ номлолд бүрэн цагийн номлогч, дээд зөвлөх, бишоп, гадасны ерөнхийлөгч, Японы Токио хойд номлолын ерөнхийлөгч, Японы Токио өмнөд номлолын ерөнхийлөгч, Бүсийн дал гэх мэт олон дуудлагад үйлчилж байсан.
Ахлагч Эсплин 1987 онд Бригам Янгийн Их Сургуульд нягтлан бодох бүртгэлээр бакалавр, 1990 онд Нортвэстэрн Их Сургуулийн Кэллогийн Менежментийн Их Сургуульд бизнесийн удирдлагаар магистрын зэрэг тус тус хүртсэн. Тэрээр Банкирс Траст Компанийн хөрөнгө оруулалтын банкны хэлтэст дэд ерөнхийлөгч, Хантсмэн Корпорацид гүйцэтгэх дэд ерөнхийлөгч болон санхүү хариуцсан захирал, Сайвиж Компанийн тэргүүлэн удирдах зөвлөлийн гишүүний албыг тус тус хашиж байсан.
Жон Росс Кимо Эсплин 1962 оны 8-р сарын 18-нд Хавай мужын Кахуку хотод төрсөн. 1985 онд Кэй Дэвистэй гэр бүл болсон ба тэд найман хүүхэдтэй.