ballard-bio-image.JPG
Мэдээ мэдээлэл

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард 95 насандаа таалал төгслөө

Бошиглогч түүнийг хөрвөгдсөн, шийдэмгий, бүхнээ зориулдаг хүн хэмээн магтав

Бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард таалал төгссөнийг гунигтайгаар зарлаж байна. Тэрээр саяхан эмнэлэгт хэсэгхэн хугацаанд хэвтэж гараад, гэртээ үүрэг хариуцлагаа биелүүлж байсан ба 2023 оны 11-р сарын 12-ны ням гаргийн шөнийн 11:15 цагийн үед хайртай хүмүүсээрээ хүрээлүүлэн 95 насандаа таалал төгслөө.

Ерөнхийлөгч Баллард 1985 оны 10-р сарын 6-нд Арван хоёр төлөөлөгчийн нэг болсон ба уг чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр 2018 оны 1-р сарын 16-нд сонгогджээ. Шинэ гэрээний үеийн төлөөлөгчдийн адил өнөөгийн төлөөлөгчид ч мөн адил Есүс Христийн онцгой гэрчээр дуудагддаг. Ерөнхийлөгч Баллард өдгөө 17 сая гаруй гишүүнтэй глобал Сүмийн өсөлт хөгжлийг хариуцсан 15 хүний нэг нь байсан юм. Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Ерөнхийлөгч Баллард хэзээ ч тээнэгэлздэггүй байсан. Тэрээр Их Эзэний юу заасныг болон энэ нь хувь хүний амьдралд хэрхэн хэрэгжиж, баяр баясал, аз жаргал авчирч болохыг яг таг мэддэг байсан” гэж хэлжээ.

Ерөнхийлөгч Баллардтай Арван хоёр төлөөлөгчийн чуулгад 30 гаруй жил мөр зэрэгцэн алхсан Тэргүүн зөвлөлийн гишүүн, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Бид хоёр их ойр хамтарч ажилладаг байлаа. Надад түүний биеэ авч яваа байдал үргэлж таалагддаг байсан. Тэр бол итгэл даасан хүн байснаас гадна бас бидэнд итгэлээ даалгадаг хүн байсан” гэжээ. Ерөнхийлөгч Баллард таалал төгсөхдөө 7 хүүхэд, 43 ач зээ, 105 ачинцар гучинцар, 1 жич хүүхэдтэй байжээ. 

Оршуулгын ёслол Ариун сүмийн талбайн Табэрнэклд 2023 оны 11-р сарын 17-нд 11:00-12:00 (АНУ-ын УСЦ) цагт болно. Ёслолыг Сүмийн шууд дамжуулалтын хуудас, Inspiration and Events YouTube суваг (кантон, англи, франц, герман, итали, япон, солонгос, хятад, португал, орос, испани хэлээр үзэх боломжтой), BYUtv телевизийн сувгаар шууд дамжуулна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.