2023 оны 10 дугаар сарын 2-ний өдрийн хагас жил тутмын Ерөнхий чуулганы Ням гарагийн үдээс хойших хуралдааны төгсгөлд Ерөнхийлөгч Рассел М.Нэлсон 20 Ариун Сүм дэлхийн өнцөг булан бүрд шинээр барихаа мэдэгдсэн билээ.
Ийнхүү Улаанбаатар хотод Ариун Сүм баригдах болсон нь Монгол дахь сүмийн гишүүдийн хувьд гайхамшигтай бөгөөд түүхэн үйл явдал болов. Сэргээгдсэн сайн мэдээний салхи анх 1993 онд Монгол улсад сэвэлзсэн бөгөөд ЕХХҮГСүм өдгөө Улаанбаатар хотын 7 дүүрэг, 5 аймагийн 22 нэгжид 12,000 гаруй гишүүд, итгэгчидтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Сайн мэдээг дэлгэрүүлэх Их Эзэний ажил Монгол оронд амжилттай урагшилсаар байна.
Ариун Сүм Улаанбаатарт баригдсанаар Монгол дахь гэгээнтнүүд Ариун Сүмийн ёслолуудад оролцохын тулд өөр улс руу явах шаардлагагүй болохоос гадна хөрш зэргэлдээ орнуудаас гэгээнтнүүд зорин ирж ёслолуудаа хүлээн авах боломжтой болох юм. Ариун Сүмийн ерөнхий зорилго нь Сүмийн гишүүд шүтэн бишрэх Их Эзэний ариун өргөөтэй болж авралын ёслолуудыг гүйцэтгэх боломжтой болох явдал бөгөөд сүмийн зохистой гишүүд онцгой ёслолуудад оролцохын тулд энэхүү өргөөнд ордог. “Монгол Улаанбаатар Ариун Сүмийн” байршил, дизайны талаарх тодорхой мэдээллийг дараа нь нийтлэх болно.