Удирдагчийн намтар

Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 2018 оны 1-р сарын 14-нд Солт Лэйк ариун сүмийн дээд давхрын өрөөнд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 17 дахь ерөнхийлөгчөөр дэмжин батлагдаж, онцгойлон адислагджээ.

Хувийн амьдрал

Ерөнхийлөгч Нэлсон 1924 оны 9-р сарын 9-нд Марион С., Эдна Андэрсон Нэлсон хоёрын хүү болж мэндэлсэн. Тэрбээр Данцэл Вайттай гэрлэж, тэд 10 хүүхдийн эцэг эх болсон юм. Нэлсон эгч 2005 оны 2-р сард насан өөд болсон. 2006 оны 4-р сард тэрээр Вэнди Л.Ватсонтой гэрлэсэн.

Ажил мэргэжил

Ерөнхийлөгч Нэлсон 2015 оны 7-р сарын 15-ны өдрөөс эхлэн Сүмийн тэргүүнээр буюу Сүмийн удирдагчаар дуудагдах хүртлээ Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчөөр үйлчилж байв. Тэрээр тухайн чуулгын гишүүнээр 1984 оны 4-р сарын 7-оос хойш үйлчилсэн юм.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэс засалч, анагаах ухааны судлаач Нэлсон эмч бакалавр болон магистрын зэргээ Ютагийн Их Сургуульд (1945, 1947 онд) хамгаалжээ. Тэрээр Фи Бэта Каппа, Альфа Омега Альфа зэрэг эрдэм шинжилгээний байгууллагуудын хүндэт гишүүн юм. Тэр Бостоны Массачусеттсын нэгдсэн эмнэлэгт мэс заслын резидент эмчээр ажиллаж байсан ба 1954 онд Меннесотагийн Их Сургуулиас мэс заслын чиглэлээр доктор профессор цолыг авсан. Мөн тэрээр 1970 онд Бригам Янгийн Их Сургуулиас шинжлэх ухааны хүндэт доктор цол, 1984 онд Юта Мужийн Их Сургуулиас анагаах ухааны хүндэт доктор цол, 1994 онд Снөү Коллежоос Хүмүүнлэгийн ухааны хүндэт доктор цол тус тус авчээ.

Тэр Ютагийн Их Сургуулийн мэс заслын судлаач профессор, цээжний мэс заслын тэнхмийн захирал, Солт Лэйк хотын ХҮГ эмнэлэгт цээжний мэс заслын тасгийн дарга зэрэг ажлуудыг хийж байв.

Ерөнхийлөгч Нэлсон нь олон хэвлэлд нийтлэл, анагаах ухааны сурах бичгүүдэд хэсэг, бүлгүүдийг бичсэн бөгөөд ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдахаасаа өмнө мэргэжлийнхээ дагуу Нэгдсэн Улс даяар болон бусад олон оронд айлчилж, лекц уншсан байна. Тэрээр Ютагийн Их Сургуулийн шилдэг төгсөгчийн шагнал, Америкийн Зүрхний Холбооноос Алтан зүрх шагнал болон Олон улсын үйлчлэлийн гэрчилгээ, Америкийн амжилт академиас олгодог Алтан цом зэрэг олон шагналаар шагнагджээ. Тэрээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын гурван их, дээд сургуулийн хүндэт эрдэмтэн багшаар өргөмжлөгдсөн юм.

Нэлсон эмч Судасны мэс заслын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Цээжний мэс заслын Америк дахь салбарын захирал, Америкийн Зүрхний Холбооны зүрх судасны мэс заслын зөвлөлийн дарга, Юта мужийн Анагаах Ухааны Холбооны ерөнхийлөгч зэрэгт тус тус үйлчилж байв.

Түүний нэр “Дэлхийд хэн нь хэн бэ,” “Америкад хэн нь хэн бэ,” “Шашинд хэн нь хэн бэ” зэрэг номуудад бичигджээ.

Үүнээс гадна ерөнхийлөгч Нэлсон Сүмийн олон албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Тэрээр Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчөөр дуудагдах үедээ 1964-өөс 1971 оны 6 сар хүртэл Боннэвилл гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байсан юм. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад дуудагдахынхаа өмнө тэр Көрнс Юта Бүсийн харъяа бүсийн төлөөлөгчөөр үйлчилж байв. Өмнө нь тэрээр Бригам Янгийн Их Сургуулийн бүсийн төлөөлөгчөөр үйлчилж байсан.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.