Ерөнхийлөгч Томас С. Монсон 2008 оны 2-р сарын 3-аас эхлэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 16 дахь ерөнхийлөгчөөр үйлчилж байна. Тэрээр өмнө нь 1985 оны 11-р сарын 10-аас сүмийн Тэргүүн Зөвлөлд зөвлөхөөр үйлчилж байсан билээ. Хамгийн сүүлд 1995 оны 3-р сарын 12-нд тэрээр ерөнхийлөгч Гордон Б. Хинклийн нэгдүгээр зөвлөхөөр онцгойлон адислагдсан юм. Үүний өмнө анх тэрээр 1963 оны 10-р сарын 4-нд Арванхоёр Төлөөлөгчийн чуулгад дэмжигдэн, 1963 оны 10-р сарын 10-нд 36 насандаа төлөөлөгчөөр томилогдож байв. Дараа нь 1985 оны 11-р сарын 10-нд ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хоёрдугаар зөвлөхөөр, 1994 оны 6-р сарын 5-нд ерөнхийлөгч Ховард В. Хантэрийн хоёрдугаар зөвлөхөөр дуудагдаж байсан юм.
Ерөнхийлөгч Монсон 1959-1962 онуудад Торонто Антариод удирдлага нь байдаг, сүмийн Канад номлолд ерөнхийлөгчөөр, түүний өмнө Ютагийн Солт Лэйк хотын Ариун сүмийн Вийв гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд мөн уг гадасны 6-7-р тойрогт бишопоор үйлчилж байв.
Ерөнхийлөгч Монсон нь 1927 оны 8-р сарын 21-нд Солт Лэйк хотод Ж. Спэнсэр болон Гладис Конди Монсон нарын хүү болон төрсөн юм. Тэр Солт Лэйк хотод нийтийн сургуульд явдаг байсан бөгөөд 1948 онд Юта мужийн Их Сургуулийг бизнесийн удирдлагын зэрэгтэй, онц дүнтэй төгссөн. Тэрээр сургуулиа төгсөөд Юта мужийн Их Сургуулийн Бизнес факультетын коллежид ажиллаж, дараа нь Бригам Янгийн Их Сургуульд магистрийн зэрэг хамгаалсан ба 1981 оны 4-р сард Бригам Янгийн Их сургуулиас түүнд Онорис коса (honoris causa) хэмээх хуулийн докторын зэрэг өгчээ. Мөн түүнд 1996 оны 6-р сард Солт Лэйк Нийгэмлэгийн коллежоос хүмүүнлэгийн хүндэт цолыг, 2007 оны 5-р сард Ютагийн Их Сургуулиас бизнесийн докторын зэргийг өгсөн. 2009 оны 5-р сард Ютагийн Валли Их Сургуулиас түүнийг харилцааны хүндэт цолоор, 2010 оны 4-р сард Вэбэр Мужийн Их Сургуулиас хүмүүнлэгийн хүндэт цолоор мөн 2011 оны 5-р сард Ютагийн Диксий мужийн коллежоос хүмүүнлэгийн хүндэт цолоор тус тус шагнасан юм. Тэрээр Альфа Каппа Псигийн бизнесийн нийгэмлэгийн гишүүн.
Ерөнхийлөгч Монсон дэлхийн 2-р дайны үеэр Нэгдсэн Улсын Тэнгисийн цэрэгт алба хаасан юм. Тэрээр 1948 оны 10-р сарын 7-нд Франсис Бэвэрли Жонсонтой Солт Лэйкийн ариун сүмд гэрлэсэн. Тэд 3 хүүхдийн эцэг эх бөгөөд 8 ач, зээ болон 7 ачинцар, зээнцэрийн эмээ өвөө юм.
Мэргэжлийн хувьд ерөнхийлөгч Монсон хэвлэл, нийтлэлийн ажлаараа олонд танигдсан юм. Тэр 1948 оноос Дезерет Ньюс-тэй хамтран ажиллаж, энэ сонины зар сурталчилгааны хэлтэст болон Сонины холбооны корпорацид удирдах ажилтнаар ажиллаж байв. Дараа нь барууны хамгийн том арилжааны хэвлэлийн компаниудын нэг болох Дезерет Ньюс Пресст худалдааны менежерээр томилогдон, 1963 онд Арванхоёрын чуулгын төлөөлөгчөөр дуудагдах хүртлээ ажилласан юм. Тэр олон жилийн турш Дезерет Ньюс хэвлэлийн компанийн даргаар ажилласан бөгөөд Ютагийн хэвлэлийн үйлдвэрийн ерөнхийлөгч, Америкийн хэвлэлийн үйлдвэрийн захирлуудын холбооны гишүүн байв.
Ерөнхийлөгч Монсон асар их туршлагаараа олон жилийн турш томоохон бизнесийн болон аж ахуйн хэд хэдэн үйлдвэрийн тэргүүлэн удирдах зөвлөлийн гишүүн байсан юм. Тэр одоогоор ХҮГ Сүмийн боловсролын болон Трастийс холбооны тэргүүлэн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна.
Мөн түүнчлэн 1969 оноос эхлэн ерөнхийлөгч Монсон Америкийн хөвгүүдийн Скаутын үндэсний удирдах хорооны тэргүүлэн удирдах зөвлөлийн гишүүнээр үйлчилж байна.
Ерөнхийлөгч Монсон Ютагийн борлуулалтын гүйцэтгэх холбоонд мөн Солт Лэйкийн арилжаа сурталчилгааны болон солилцооны клубуудад гишүүнчлэлтэй байдаг.
Олон жилийн турш ерөнхийлөгч Монсон Юта мужид дээд боловсролыг удирддаг Юта мужийн захиргааны эрх баригчдын тэргүүлэн удирдах зөвлөлийн гишүүнээр мөн Юта мужийн Их Сургууль төгсөгчдийн холбооны ажилтнаар ажиллаж байв.
АНУ-ын ерөнхийлөгч Роналд Рэйган 1981 оны 12-р сард ерөнхийлөгч Монсоныг хувийн хэвшлийн санаачлагаар байгуулагдсан ерөнхийлөгчийн ажлын хэсэгт ажиллуулахаар томилсон юм. 1982 оны 12-р сард энэхүү ажлын хэсгийг ажиллаж дуустал тэрээр ажилласан билээ.
1966 онд ерөнхийлөгч Монсон Юта мужийн Их Сургуулийн шилдэг төгсөгч шагналаар шагнагдсан. Тэр мөн хөвгүүдийн скаутын Америкийн Мөнгөн минж (Silver Beaver Award) шагналыг 1971 онд, скаутын нэр хүндтэй шагнал болох Мөнгөн одос (Silver Buffalo Award) шагналыг 1978 онд, олон улсын скаутын хамгийн дээд шагнал болох Хүрэл чоно шагналыг 1993 онд, Канадын скаутын Мөнгөн чоно (Silver Wolf award) шагналыг 2011 онд тус тус хүртжээ. 1997 онд Юта мужийн Үндэсний харуул хамгаалалтын газраас Дайчин хүн шагналыг (Minuteman Award) мөн Бригам Янгийн Их Сургуулиас Үлгэр жишээч хүн шагналыг (Exemplary Manhood Award) тус тус хүртжээ. 1998 онд тэр эхнэрийнхээ хамт Сэйнт Жозеф Виллагийн энэрэнгүй эгч нарын Хүн төрөлхтнийг хайрлан халамжлах нь шагналаар (Continuum of Caring Humanitarian Award) шагнагджээ. 2000 онд ХҮГ олон нийттэй харилцах нийгэмлэгээс Иосеф ба Хайрум Смит шагналыг “Жилийн харилцагч” номинацаар хүлээн авсан юм. 2005 онд Дезерет сангийн Зүрх ба Уушгины судалгааны сангаас Амьдралын өв залгамжлагч шагналыг (Legacy of Life) мөн 2007 онд дэлхий дахины хүмүүнлэгийн Ротари шагналыг (Rotary’s Worldwide Humanitarian Award) хүлээн авсан юм. Тэрээр БЯИС-ийн менежментийн нийгэмлэгийн 4 бүлгээс мөн шагналууд авч байв.