Сэдэв

Ижил хүйстэндээ сэтгэл татагдах нь

Ижил хүйстний гэрлэлтийн талаарх үргэлжилсэн олон нийтийн мэтгэлцээн нь гэрлэлтийн асуудлаар түүнчлэн ерөнхийдөө ижил хүйстний бэлгийн харьцааны талаар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм ямар байр суурьтай баримталдаг тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийт болон сүмийн гишүүдийг олон асуулт тавихад хүргэсээр ирсэн.

Дараах ярилцлагад 2006 онд сүмийн Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын гишүүн, ахлагч Даллин Х. Өүкс, Далын гишүүн, ахлагч Ланс Б. Викмэн нар оролцсон юм. Сүмийн эдгээр ахмад удирдагч нь сүмийн олон нийттэй харилцах албаны хоёр гишүүний асуултуудад хариулав. Эдгээр чухал, төвөгтэй, эмзэг асуудлын талаарх сүмийн байр суурийг тодруулахад туслах зорилгоор энэхүү ярилцлагын тэмдэглэлийг дор нийтэлсэн болно.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Тэгэхээр эхлээд ижил хүйстэнтэйгээ нөхцөх болон тэдний гэрлэлтийн асуудал нь сүмийн хувьд яагаад чухал болохыг та бүхэн тайлбарлаж өгөхгүй юу?

АХЛАГЧ ӨҮКС: Нийгэм маань ижил хүйстэнтэйгээ нөхцөх амьдралын хэв маягт илүү хүлээцтэй хандаж байгаа эсэхээс үл хамааран энэ бол зүгээр л нэг асуудал төдий зүйл биш юм. Ийм амьдралын хэв маягийг дэмжигчид нь хэвийн биш зүйлийг хэвийн болгож хүлээн авахыг хүсдэг, үүнийг нь эсэргүүцсэн хүмүүсийг өчүүхэн явцуу бодолтой, муйхар, байж боломгүй хэмээн дүгнэдэг тэдний улайрсан дарамт шахалтыг бид өнгөрсөн хугацаанд харсан. Эдгээр дэмжигчид нь үг хэлэх эрх чөлөөг болон өөрсдийнх нь төлөө санаа тавихыг хүсэхдээ гавшгай хэдий ч өөр үзэл бодолтой хүмүүсийг шүүмжилж, хэрэв боломжтой бол “ижил хүйстэнтэй нөхцөхийг эсэргүүцэгч” хэмээн үзэж, амыг нь таглахдаа ч бас гавшгай байдаг. Тэр ч байтугай нэгэн улсад ижил хүйстэн идэвхтнүүд олон нийтийг буулгаж аван ялалт байгуулсан ба ижил хүйстэнтэйгээ нөхцөх явдал нь гэм нүгэл хэмээн сүмийн индэр дээрээс номлосных нь төлөө сүмийн пасторыг сүрдүүлэн, шоронд суулгаж байсныг хүртэл бид харлаа. Ийм хандлага үүссэн учраас Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм сургаал болон зарчмын тухай олон нийтэд хэлэх ёстой болоод байна. Энэ нь нийгмийн асуудал гэхээс илүү — угтаа бол бидний мэддэг, Тэнгэрлэг Эцэг маань биднийг заагаасай хэмээн хүсдэг тэр зүйлийг заах хамгийн үндсэн гол шашны эрх чөлөөний маань нэг шалгуур ч байж мэдэх юм.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Миний 17 настай хүү энэ асуудалтайгаа маш их тэмцэлдсэний эцэст надтай ярилцахаар ирээд эрэгтэй хүнд татагддагаа — мөн хэзээ ч охидыг сонирхож байгаагүй гэдгээ надад хэллээ гэж бодъё л доо. Тэр өөрийгөө ижил хүйстэн гэж итгэдэг. Энэ мэдрэмжээ дарах гэж хичээсэн гэдгээ ч тэр хэлдэг. Тэрээр бэлгийн харьцаанд ороогүй, гэхдээ түүний мэдрэмж нь гэр бүлийнх нь хувьд аймшигтай цочирдом байх болно гэдгийг ч тэр мөн ухаарсан. Яагаад гэвэл бид үргэлж түүний сүмд хийх номлол болон ариун сүмийн гэрлэлт зэрэг иймэрхүү зүйлсийн талаар ярьдаг. Худлаа гэж боддог тэр амьдралаар дахиж амьдарч чадахгүй юм шиг түүнд санагддаг, тэгээд л тэрээр ихэд сэтгэлээр унасан бас сэтгэл санааны хямралтай байдлаар над дээр ирлээ гэе. Эцгийнх нь хувьд би түүнд юу гэж хэлэх ёстой вэ?

АХЛАГЧ ӨҮКС: Чи бол миний хүү. Чи үргэлж л миний хүү хэвээр байх болно мөн би үргэлж чамд туслахаар дэргэд чинь байх болно.

Нэг талаас мэдрэмж буюу дур хүсэл мөн нөгөө талаас зан төлөв хоёрын хоорондын ялгаа нь маш тодорхой юм. Нүгэл болох зан төлөвийг бий болгох дур хүслийг мэдрэх нь нүгэл биш юм. Харин уруу таталтад бууж өгөх нь гэм нүгэл юм. Уруу таталт нь ер бусын зүйл биш. Аврагч ч гэсэн уруу татагдаж байсан.

Бурхан дагахад хэцүү тушаалуудыг бидэнд өгдөг гэдгийг Шинэ Гэрээнд батлан харуулсан байдаг. 1 Коринт 10-р бүлгийн 13-р шүлэгт “Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй. Харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм” гэсэн байдаг.

Чиний хэлээд байгаа тэр ижил хүйстэнтэйгээ нөхцөх гэдэг нь нэр үг биш харин нөхцөл байдлыг тодорхойлж байгаа гэдгийг ойлгох нь их чухал гэж би бодож байна. Харин энэ бол мэдрэмж, зан төлөвийг тодорхойлсон тэмдэг нэр юм. Эдгээр бэрхшээлтэй тэмцэлдэх үедээ чи өөрийгөө “ямар нэгэн зүйл” эсвэл “өөр нэгэн хүн” хэмээн бодохгүй байхыг би чамаас хүсье. Чи бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн бөгөөд миний хүү шүү дээ, чамд сорилт л тулгараад байна.

Хүн болгонд л сорилт тулгардаг. Чиний хэлсэн энэ сорилт бэрхшээл маш их сэтгэл түгшээж байна. Энэ нь манай нийгэмд түгээмэл бөгөөд олон нийтийн анхаарлыг татаж байна Гэвч энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст тулгардаг олон янзын сорилтуудын зөвхөн нэг нь л юм. Би зүгээр л чамайг уруу таталтыг эсэргүүцэхдээ хүслээ тэвчин, Аврагчийн тусламжийг эрэлхийлээсэй, наманчлахад хүргэх эсвэл сүмийн гишүүнчлэлээ алдаж мэдэх зан төлөвөөс сэрэмжилж яваасай хэмээн хүсэж байна.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Хэрэв хэн нэгэн нь эсрэг хүйснийхээ хүнд маш хүчтэй татагддаг бол түүнд гэрлэх боломж байгаа. Харин хэрэв залуу эрэгтэй өөрийгөө ижил хүйстэн гэж боддог бол бас тэрээр эмэгтэй хүнд огтхон ч татагддаггүй бол үлдсэн амьдралынхаа турш бэлгийн харьцаанд битгий ор гэж бид түүнд хэлж байгаа хэрэг үү?

АХЛАГЧ ӨҮКС: Энэ бол гэрлэх боломж гараагүй гишүүддээ бидний хэлдэг яг тэр үг. Бид гэрлээгүй хэнийг ч бэлгийн харьцаанд орохгүй байгаасай гэж боддог.

АХЛАГЧ ВИКМЭН: Өнөө үед үүнээс болоод бид илүү ярвигтай бэлгийн чиг хандлагад автсан нийгэмд амьдарч байна. Учир нь хүн зөвхөн хүйсийн чиг хандлагаа биш, өөрийн хэн болох тухай бусад хүчин зүйлийг л харах хэрэгтэй. Миний бодлоор би таны хүүд юм уу ийм байдлаар шаналж яваа хэн нэгэнд хүйсийн чиг хандлагын талаарх мэдлэгийн хүрээгээ тэл гэж л энгийнээр хэлэх байсан. Юунд ч үл хязгаарлагдах өөрийнхөө зан чанарын бусад онцлог шинжүүдэд сэтгэл хангалуун бай. Хүйсийн чиг хандлага гэдэг бол ямар ч хүний хувьд гол онцлог шинж мөн ч энэ нь цорын ганц шинж биш юм.

Нэмээд хэлэхэд, бидний өмнө нь ярьсанчлан зөвхөн дур хүсэлтэй байх явдал нь гэрлэлтэд хүргээгүй л бол хэн нэгнийг сүмийн ажилд оролцохоос эсвэл гишүүнчлэлээс хасахад хүргэдэггүй. Гэвч энэ нь сургаал болон сэргээгдсэн сайн мэдээгээр дамжуулан бидний ойлгодгоор амьдралын бүрэн дүүрэн байдалд эцэстээ боломжтой болж чадна.

Энэ амьдралд номлолын үйлчлэл зэрэг сүмийн үйлчлэлүүд нь гэрээ болон зарлигууддаа үнэнч байдаг хүн бүрд боломжтой байдаг.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Тэгэхээр та ижил хүйстэндээ татагдах мэдрэмжийг хянаж болно гэх гээд байна уу?

АХЛАГЧ ӨҮКС: Тийм ээ, ижил хүйстэндээ татагдах мэдрэмжийг хянаж болно. Магадгүй энэ мэдрэмжээс гарч буй дур хүсэл, эмзэг байдал нь зарим нэгэн хүний хувьд бодитой байдаг бол өөр бусад хүмүүсийн хувьд бодит биш байдаг. Гэхдээ ийм эмзэг байдлаас мэдрэмж бий болдог ба мэдрэмжийг хянаж болно. Хэрэв бид мэдрэмжийнхээ дагуу үйлдвэл энэ нь уруу таталтын хүчийг ихэсгэдэг. Бид уруу таталтад бууж өгвөл нүгэл үйлддэг. Энэ загвар нь бусдын өмч хөрөнгөнд шунахайран, улмаар хулгай хийх хүчтэй уруу таталтыг мэдэрч байгаа хүний ​​хувьд ч адил юм. Энэ нь архинд орсон хүний ​​хувьд ч адил юм. Энэ нь бидний нэрлэдгээр түргэн ууртай буюу амархан уурладаг хүний хувьд ч адил юм. Хэрэв тэд уг эмзэг байдлаа хяналтгүй орхивол энэ нь уурлах мэдрэмж болон хувирна, тэгээд тэр уурлах мэдрэмж нь гэм нүгэлт, хууль бус зан зан төлөвт бууж өгөх болно.

Бид энд онцгой нэгэн сорилт бэрхшээлийн тухай яриагүй байна. Бид мөнх бус байдлын нийтлэг нөхцөл байдлын тухай ярьж байна. Бид “яагаад” гэдгийг эсвэл дур хүсэл, эмзэг байдал болон бусад зүйлс ямар түвшинд байгааг сайн мэдэхгүй ч гэсэн мэдрэмж болон зан төлөвийг хянаж болно гэдгийг мэднэ. Нүглийн шугам нь мэдрэмж, зан төлөв хоёрын хооронд оршдог. Харин хяналтын түвшин нь эмзэг байдал, мэдрэмж хоёрын хооронд байдаг. Нүгэлт явдал руу биднийг хөтөлж мэдэх нөхцөл байдлаас хол байхын тулд бид мэдрэмжээ барьж, хянахыг хичээх хэрэгтэй.

АХЛАГЧ ВИКМЭН: Манай цаг үе дэх нэгэн томоохон заль мэх нь хэн нэг хүнд ямар нэг зүйл хийх дур хүсэл төрснөөр тэр дур хүслийнхээ дагуу үйлдэх нь гарцаагүй хэрэг гэж үздэг явдал юм. Энэ нь Их Эзэний бидэнд илчилсэн бидний төрөлх чанартай зөрчилдөж байна. Бидэнд өөрсдийн зан байдлыг хянах хүч чадал байдаг.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Бид түргэн ууртай тэдгээр хүмүүсийг эргэж дурдах юм бол тэдний эцэг эх нь ч гэсэн түргэн ууртай байсан байж мэдэх бөгөөд зарим нь үүнийг удамшлын нөлөөтэй холбож тайлбарлаж болох юм.

АХЛАГЧ ӨҮКС: Үгүй ээ, хүмүүс төрөхдөө мөнхийн хувь тавилангаа хүртэхэд нь саад учруулах нөхцөл байдалтайгаар, ямар ч удирдан хянах чадваргүйгээр төрдөг гэдгийг бид хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь авралын төлөвлөгөөтэй, Бурханы шударга ёс болон нигүүлсэлтэй зөрчилдөж байна. Энэ нь Есүс Христийн хүч, нигүүлслээр дамжуулан бид бүх зүйлийг хийж чадна гэсэн тэрхүү үнэнийг илэрхийлдэг Есүс Христийн сайн мэдээний бүх сургаалтай зөрчилддөг. Уруу таталтыг эсэргүүцэх явдал ч бас үүнд орно. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, оюун санааны болон бие махбодын хязгаарлагдмал байдалтай төрсөн зэрэг нь ч энд багтдаг. Эдгээрийн аль нь ч биднийг мөнхийн хувь тавилангаа хүртэхэд саад учруулж чадахгүй. Ингэж үздэг хүмүүс нь хэрэв та эмзэг байдлаасаа юм уу дур хүслээсээ болж ямар нэг эсвэл өөр зан үйлд бууж өгсөн бол энэ нь мөнхийн хувь тавиландаа хүрч очихоос биднийг холдуулна гэж хэлж магадгүй юм.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Тэгэхээр энэ нь төрөлх байдал уу эсвэл олдмол байдал уу гэдэг дээр сүмд баримтлах ямар нэгэн байр суурь байхгүй гэж та хэлээд байна уу?

АХЛАГЧ ӨҮКС: Эндээс л чухамдаа манай сургаал хэрэгжиж эхэлж байгаа юм. Ижил хүйстэндээ сэтгэл татагдахтай холбоотой асуудлуудыг хамруулаад эдгээр эмзэг байдал эсвэл дур хүслээс болж үүссэн ямар ч зүйл дээр сүмд байр суурь байхгүй. Төрөлхийн эсвэл олдмол аль нь ч байлаа гэсэн — тэдгээр нь шинжлэх ухааны асуудлууд бөгөөд — эдгээр зүйл дээр сүм ямар нэгэн байр суурь илэрхийлдэггүй.

АХЛАГЧ ВИКМЭН: Энэ нь төрөлхийн эсвэл олдмол аль нь ч байлаа гэсэн чухал асуулт руу биднийг хөтөлдөг ба энэ талаарх сэтгэл зовнил нь ахлагч Өүксийн дүрсэлж хэлсэн тэр зарчмуудаас хэн нэгнийг төөрөгдүүлж болох мэт надад санагддаг. Яагаад хүн ижил хүйстэндээ сэтгэл татагддаг юм бэ… хэн хэлж чадах бол? Гэхдээ бид үүнд хэрхэн биеэ авч явахаа хянаж чадна гэдгээ мэдэх нь л үнэн байдал бөгөөд энэ бол тун чухал зан чанар юм.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Хэрвээ бид зан төлөвийг хянах тухайд ярьж байгаа бол хуулиар зөвшөөрөгдсөн ямар нэгэн төрлийн эмчилгээний арга гэж байна уу? Нэг залуу “Би үнэхээр эдгээр мэдрэмжийг үгүй болгохыг хүсч байна. … Энэ мэдрэмжийг үгүй хийхийн тулд би юу ч хийхэд бэлэн байна” гэж хэлбэл тэдгээр асуудалдаа тусламж хайж, зарим төрлийн эмчилгээ авах нь зүйтэй юу?

АХЛАГЧ ВИКМЭН: Тухайн хүний хувьд бол эмчилгээ хийлгэх нь тохиромжтой байж магадгүй. Үнэндээ энэ төрлийн эмчилгээний эсрэг ямар нэг зүйлийг сүм зөвлөдөггүй. Гэхдээ эцэг эх нь хүүхдэдээ юм уу сүмийн удирдагч нь хэн нэг хүнд зөвлөж байгаа байр сууринаас эсвэл тухайн хүн өөрөө ‘сайн мэдээний сургаалтай уялдах юуг би хийж чадах вэ?’ гэдэг байр сууринаас ижил хүйстэнд сэтгэл татагдах байдлыг авч үзэх юм бол эмнэлгийн үйлчилгээ нь тийм ч чухал биш болохыг ойлгоно. Хамгийн чухал нь ‘Надад өөрийн гэсэн хүсэл, өөрийн гэсэн сонголт бий. Надад өөрийн хийдэг зүйлийг хянах хүч чадал байгаа’ гэсэн мэдлэг л хамгийн их хамааралтай зүйл нь юм.

Иймэрхүү бэрхшээлтэй тулгарсан хүмүүс тэдэнд байгаа асуудлыг эмнэлгийн аргаар шийдвэрлэхийн тулд тохирох эмнэлгийн тусламж авах нь буруу гэж хэлж байгаа юм биш шүү. Энэ нь сэтгэцийн эмгэг судлал болон сэтгэл судлалын мэргэжилтнүүдийн маргаантай байдаг асуудал. Хандлагаа өөрчлөхөд нь хэн нэгэнд туслах үед зарим тохиолдолд ахиц дэвшил гарч, зарим тохиолдолд гардаггүйд би итгэдэг. Сүмийн байр сууринаас мөн хүмүүсийн төлөө санаа тавьдгийн үүднээс хэлэхэд энэ бол бидний гол анхаарлаа хандуулдаг зүйл биш. Бид бусад зүйлсэд анхаардаг.

АХЛАГЧ ӨҮКС: Амен. Би ганцхан санаа нэмэх гэсэн юм. Дотрын болон сэтгэцийн эмчийн эсвэл сэтгэл зүйчийн эмчилгээний арга барил мэтийн талаар сүм байр сууриа ховорхон илэрхийлдэг.

Хоёрдугаарт, зарим сэтгэцийн хандлага эсвэл мэдрэмжтэй холбоотой ашигласаар ирсэн харгис арга барилууд байдаг. Санаанд орж ирж байгаа нэг жишээ гэвэл сэтгэл гутралын эмчилгээг хэтрүүлэн хийх явдал юм. Ижил хүйстэндээ сэтгэл татагдахтай холбоотойгоор хийгддэг дур хүсэлгүй болгох эмчилгээ нь зарим нэг ноцтой харгислалыг агуулдаг болохыг цаг хугацааны явцад мэргэжлийн хүмүүс илрүүлсэн. Анагаах ухааны эмч нарын хийдэг зүйлийн тухайд бидэнд өөрсдийн гэсэн байр суурь байхгүй ч (маш, бүр маш ховор тохиолдлоос бусад үед — жишээ нь үр хөндөлт), харгислал байгаа гэдгийг бид ухамсарладаг бөгөөд бид тэдгээр харгислалын төлөө хариуцлага хүлээдэггүй. Хэдийгээр эдгээр нь бидний тусламж аваасай гэж хүссэн хүмүүст туслахын төлөө байдаг ч гэлээ бид ашиглаж байгаа ямар ч төрлийн арга барилыг сайшаан дэмждэггүй.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Ижил хүйстэндээ сэтгэл татагддаг хүмүүсийн хувьд эсрэг хүйстний гэрлэлт нь тэдний сонголт байж болох уу?

АХЛАГЧ ӨҮКС: Бидний ярьж байгаа тэдгээр мэдрэмжийг засах гарц нь гэрлэлт мөн эсэх талаар биднээс олонтоо асуудаг. Зарим нь үүнийг үнэхээр засах гарц мөн хэмээн итгэдэг байсан ба сүмийн зарим удирдагчид хүртэл эдгээр мэдрэмжийг засах гарц нь гэрлэлт хэмээн зөвлөж байсан байж болох тийм нөхцөл байдалд ерөнхийлөгч Хинкли: “Гэрлэлтийг ижил хүйстэндээ татагдах гэх мэт асуудлуудыг шийдвэрлэх эмчилгээний алхам хэмээн үзэх ёсгүй” хэмээх мэдэгдлийг хийсэн юм. Үүнийг бид хуурамчаар шалтаглан эсвээс юу хийж буйгаа мэдэхгүй байгаагаар нь далимдуулан Бурханы охидыг ийм төрлийн гэрлэлт хийхэд нь дэмжих ёсгүй гэсэн утгатай гэж би боддог. Энэ төрлийн сорилт бэрхшээлээ хянаж чаддаггүй хүмүүс нь гэрлэлтийг итгэлтэй бүтээж чаддаггүй.

Нөгөө талаас аливаа зөрчлөөс өөрсдийгөө цэвэршүүлж, эдгээр бодол буюу дур хүслээ хянаж сураад энэ бүхнээ ардаа орхиж чадсан хүмүүс Бурханы охинд маш их сэтгэл татагдаж байгаагаа мэдэрч, тэгээд гэр бүл, үр хүүхэдтэй болж, үүрд мөнхийн адислалуудыг хүртэх хүсэлтэй байгаа бол — гэрлэлт нь зөв зүйтэй нөхцөл байдал юм.

Гэрлэлт бол асуудлыг шийдвэрлэх эмчилгээний алхам биш гэж ерөнхийлөгч Хинкли хэлсэн.

АХЛАГЧ ВИКМЭН: Ижил хүйстэндээ сэтгэл татагдах байдалд шаналж байгаа хэн нэгний асууж болох асуулт бол “Би энэ мэдрэмжтэйгээ үүрд мөнх байх уу? Мөнх амьдралд энэ нь ямар хамааралтай байх вэ? Хэрэв би энэ амьдралд яаж ийгээд үүнийг аргалбал, дараачийн амьдралдаа би ямархуу байх бол? гэсэн асуулт юм.

Талархалтайгаар хэлье, үүний хариулт нь гэвэл ижил хүйстэндээ сэтгэл татагдах явдал нь дэлхийн өмнөх амьдралд байгаагүй бөгөөд дараачийн амьдралд ч байхгүй. Энэ бол яг одоо, бидний мөнх оршихуйн өчүүхэн хэсэг нь болсон мөнх бус амьдралд л байдаг ямар нэг шалтгаант нөхцөл байдал юм.

Ижил хүйстэндээ татагдах мэдрэмжтэйгээ тэмцэж буй хэн нэгэнд зориулсан сайн мэдээ гэвэл: 1) “Би энэ мэдрэмжтэйгээ үүрд хамт байхгүй.” Энэ нь зөвхөн одоо л байгаа. Үнэнийг хэлэхэд бид бүгдийн хувьд ирээдүйн тухай эргэцүүлэх нь заримдаа хэцүү байдаг. Гэсэн хэдий ч хэрэв та мөнх бус амьдралыг зөвхөн одоо хэмээн харж чадвал энэ хугацаан дахь сорилт бэрхшээлүүд нь энэ нэг хэсэгхэн үед л үргэлжлээд дуусна. 2) Хэрэв би өөрийгөө энд зохистой байлгаж, сайн мэдээний зарлигуудад үнэнч байж, хийсэн гэрээнүүдээ сахиж чадах юм бол Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн хүүхдүүдэд хадгалсан өргөмжлөл болон мөнхийн амьдралын адислалууд нь надад ирэх болно. — Мөнхийн гэрлэлт зэрэг — бүх адислал цаг нь ирэхэд минийх байх болно.

АХЛАГЧ ӨҮКС: Үүн дээр би нэг санаа нэммээр байна. Дараачийн амьдралд нөхөр, эхнэр болон тэдний үр удмыг багтаасан гэр бүлийн нэгжгүйгээр ямар ч бүрэн дүүрэн баяр баясал байхгүй. Цаашилбал, тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө. Мөнхийн төлөв байдлаас авч үзвэл ижил хүйстний үйл ажиллагаа нь зөвхөн харуусал, уй гашууг авчирч, мөнхийн боломжуудаа алдахад хүргэдэг.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Ахлагч Өүкс, та сая эсрэг хүйстэн, ижил хүйстэн хоёрын ёс суртахууны ижил жишгийн талаар ярьсан. Хэн нэгэн нь танд ‘Үүнийг ижил жишиг гэдгийг нь би ойлгож байна, гэвч бид ижил хүйстэндээ татагддаг хүмүүсээс арай илүү ихийг хүсээд байгаа юм биш үү? гэж хэлбэл та юу гэж хариулах вэ? Мэдээж хэрэг, эсрэг хүйстнээ сонирхдог ч гэлээ гэрлэхгүй хүмүүс байдаг, гэхдээ тэд ядаж л ‘маргааш би мөрөөдлийнхөө хүнтэй учирч магадгүй шүү дээ’ гэсэн найдварыг тээж явдгийг та хүлээн зөвшөөрөх үү? Ийм зүйл тэдний амьдралд хэдийд ч тохиож болно гэсэн найдвар үргэлж байдаг. Харин ижил хүйстэндээ татагддаг хэн нэгний хувьд бол ийм найдвар байдаггүй шүү дээ.

АХЛАГЧ ӨҮКС: Мэдээж хэрэг ялгаа бий, гэхдээ тэр ялгаа нь ер бусын зүйл биш. —Зарим тохиолдолд жинхэнэ, өөр бусад тохиолдолд бодит — гэрлэлтийн ямар ч найдвартай байх тохиолдолд бие махбодын бэрхшээлтэй байдал нь саад болдог тийм хүмүүс байдаг. Яг одоогоор гэрлэж чадахгүй байгаа нөхцөл байдал нь эмгэнэлтэй хэдий ч ер бусын зүйл биш.

Энэ нөхцөл байдалд Бурхан хүмүүсийг ялгаварладаггүй гэж заримдаа хэлдэг. Гэтэл зарим хүмүүсийн хувьд гэрлэлттэй холбоотой ялгаварлан гадуурхалт гэж үзэж болзошгүй бие махбодын доройтол — бүрэн саажилттай эсвэл сэтгэцийн ноцтой хямралтай байх явдал амьдрал дээр зөндөө байна. Хэрэв бид Бурханд итгэдэг бол мөн Түүний нигүүлсэлд болон шударга ёсонд итгэдэг бол эдгээрийг ялгаварлан гадуурхалт гэж хэлэх учиргүй, учир нь Бурхан ялгаварлан гадуурхдаггүй. Ялгаварлан гадуурхалт гэж юу болохыг шүүх нөхцөл бидэнд алга байна. Бид Бурханд итгэх итгэлдээ болон хүүхдүүддээ зориулсан Түүний нигүүлсэл, хайрын бүрэн төгс баталгаанд л найддаг.

АХЛАГЧ ВИКМЭН: Энэ амьдралд гэрлэж чадахгүй байхтай холбоотой зовлон шаналал байх нь үнэхээр гарцаагүй. Эдгээр хүмүүсийн ийм зовлон шаналлыг бид мэдэрдэг. Хэн нэгний ийм зовлон шаналлыг би ч бас мэдэрдэг. Гэвч энэ нь ижил хүйстэндээ сэтгэл татагддаг хэн нэгнээр хязгаарлагддаг зүйл биш юм.

Бид маш их хувиа бодсон цаг үед амьдарч байна. Өөрийнхөө асуудлыг бусдынхаас илүү том гэж боддог нь хүмүүний төрөлхийн чанар болов уу гэж би боддог. Бидний хэн нэг нь энэ маягаар бодож эхлэх үед өөрсдөөсөө давж бусдыг харах нь магадгүй илүү тустай байж мэднэ. Би илүү хөгжлийн бэрхшээлтэй эсвэл би бусдаас илүү их зовж байна гэж хэлэх би хэн юм бэ?

Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй охинтой хүн. Охин маань үнэхээр үзэсгэлэнтэй. Дараачийн долоо хоногт тэр 27 нас хүрнэ. Нэрийг нь Куртни гэдэг. Куртни энэ амьдралд хэзээ ч гэрлэхгүй, гэсэн ч тэр гэрлэж буй хүмүүсийг санаашрангуй хардаг. Тэр миний албан өрөөнд орж, Солт Лэйкийн ариун сүм рүү харсан цонхон дээр зогсоод шинэ бэрүүд болон нөхрүүдийг зургаа авахуулж байхад нь хардаг. Тэгээд үүнд сэтгэл нь хөдөлж бас гунигтай болдог, яагаад гэвэл Куртни энэ амьдралд түүнд ийм зүйл тохиолдохгүй гэдгийг ойлгодог. Куртни амьдрал дахь уг нөхцөл байдлаа өөрөө хүсэж гуйгаагүй, ижил хүйстэндээ сэтгэл татагддаг хэн ч үүнийг гуйгаагүй. Тэгэхээр хүмүүст учирч болох маш олон төрлийн, тэр ч байтугай зөвхөн гэрлэлтийн асуудалтай холбоотой ч зовлон шаналал бий. Бидний хүсэн хүлээдэг сайн мэдээний агуу амлалт бол энэ амьдралд бидэнд ямар ч дур хүсэл мөн ямар ч бүтэлгүйтэл мөн баяр баяслын бүрэн дүүрэн байдлыг эдлэхэд саад болох ямар ч бэрхшээл тулгарсан бай тэдгээр нь үгүй болох болно гэсэн Их Эзэний амлалт бидэнд бий. Бид зөвхөн итгэлтэй хэвээр л үлдэх ёстой.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Ахлагч Викман, та номлогчийн үйлчлэлийн талаар өмнө нь ярихдаа ижил хүйстэндээ сэтгэл татагддаг боловч үүний дагуу үйлддэггүй хэн нэгэнд боломж байгаа тухай дурдсан. Хэрэв хүмүүс итгэлтэй л байвал тэд үндсэндээ сүм дэх бусад хүний адилаар сүмийн нэг хэсэг нь байж болно гэж ерөнхийлөгч Хинкли хэлсэн байдаг. Энэ нь яг юу гэсэн үг юм бэ? Номлогчийн үйлчлэл гэсэн үг үү? Эсвэл хэн нэгэн нь ариун сүм рүү, ядаж гэрлэлттэй хамааралгүй тэдгээр ариун ёслолд оролцож болно гэсэн үг үү? Энэ нь үнэхээр ижил хүйстэндээ татагддаг хүн итгэлтэй л байгаа бол сүмийн ажилд бусдын адил оролцох, үйлчлэхээр дуудагдах мэтийн бүх зүйлийг хийх боломжтой гэсэн үг үү?

АХЛАГЧ ВИКМЭН: Миний бодлоор үүнд өгөх товчхон хариулт бол тийм! Ахлагч Өүкс энэ талаар тодорхой тайлбарлаж өгөх болов уу гэж би бодож байна.

АХЛАГЧ ӨҮКС: Ийм төрлийн бүх асуултад хариулах маш тодорхой мэдэгдлийг ерөнхийлөгч Хинкли хэлж, бидэнд тусалсан. Тэрээр “Бид тэдэнд (ижил хүйстэндээ сэтгэл татагддаг хүмүүст) Бурханы охид, хөвгүүд болохынх нь хувьд хайртай. Тэдэнд маш хүчтэй, хянахад хэцүү дур хүслийн мэдрэмж төрдөг байж болох юм. Хэрэв тэд тэдгээр зохисгүй дур хүслийнхээ дагуу үйлдэхгүй л бол тэд бүгд сүмийн бусад гишүүдийн адил урагш ахиж чадна” гэж хэлсэн юм.

Миний хувьд ийм дур хүсэлтэй хүн уг мэдрэмжээ хянасан эсвэл үүнийгээ зохих ёсоор наманчилсан үед сүм дэх ганц бие ямар ч гишүүний хийдэг юуг ч адилхан хийх эрхтэй. Хааяа бишопын алба гэх мэт тухайн хүн нь заавал гэрлэсэн байх ёстой ганц нэг алба бий. Гэхдээ энэ бол сүм дэх онцгой тохиолдол. Ганц бие хүмүүс заах болон номлогчийн хийх ажил алба бүрийг эзэмшиж болно. Аливаа төрлийн уруу таталттай тэмцэж байгаа хүмүүс нь сайн зүйлийн төлөө тэмцэж байгаа бол мөн тэд багшийн болон номлогчийн эсвэл ямар ч хамаагүй дуудлагадаа зохистой байхаар амьдарч байгаа бол бид тэднийг дуртайяа хүлээн авах болно.

АХЛАГЧ ВИКМЭН: Хэн нэгний амьдрал дахь Цагаатгалын жинхэнэ утга учир нь энэ биш гэж үү? Тухайн хүн уруу таталт ч байна уу эсвэл хязгаарлалт ч байна уу амьдралын сорилт бэрхшээлтэй тулгарах үед Цагаатгал түүний хувьд илүү утга учиртай болж эхэлдэггүй гэж үү? Аврагчид хандах хүсэлтэй байх гэдэг нь ням гарагт ариун ёслолдоо явж, жинхэнэ утгаараа Ариун ёслолд оролцож … залбирлуудыг сонсон, тэдгээр ариун бэлгэдлээс хүртэх боломжтой байхыг хэлнэ. Эдгээр боломж нь бидэнд Аврагчийн Цагаатгалын цар хүрээнд багтахад үнэхээр тус болох болно. Ингээд харахад, сүмд үйлчлэх ямар ч боломж нь адислал болдог юм. Дээр дурдсанаар гэрлэсэн байхыг шаарддаг маш цөөхөн дуудлага сүмд байдаг.

АХЛАГЧ ӨҮКС: Энд өөр нэг ойлголтыг нэмье. Тэргүүн Зөвлөлийн саяхны мэдэгдэлд энэ асуудалд хандах бидний хандлагыг: “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд бид ижил хүйстэндээ татагддаг хүмүүсийг ойлгож, хүндэтгэхийг хичээдэг. Тэдний амьдралд аймшигтай ганцаардал байж болохыг бид ойлгодог ч Их Эзэний хувьд юу нь зөв болохыг та бүхэн мэддэг байх ёстой юм”гэж маш гайхамшигтай тодорхойлж хэлсэн.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Ижил хүйстэндээ сэтгэл татагдах явдлыг хүмүүст тулгардаг бусад уруу таталтаас огт өөр гэж үздэг сүмийн гишүүн болон нийгэм дэх хүмүүст хандан та юу хэлэх вэ? Юуны өмнө зарим хүн ийм үзэлтэй байдаг нь шударга дүгнэлт гэж үү? Та тэдэнд хандан юу гэж хэлэхсэн бол?

АХЛАГЧ ӨҮКС: Зарим хүн ижил хүйстэндээ татагддаг мэдрэмжээ тэднийг тодорхойлдог өвөрмөц шинж чанар гэж үздэг хэмээн хэлэх нь үнэн зөв мэдэгдэл гэж би бодож байна. Тухайлбал, Техасаас гаралтайгаа эсвэл АНУ-ын тэнгисийн явган цэрэгт байсан гэдгээ өөрсдийнхөө оршихуйг тодорхойлох өвөрмөц шинж гэж үздэг хүмүүс ч бас байдаг. Эсвэл улаан хүрэн үстэйгээ мөн энд тэндхийн ахлах сургуульд сагсан бөмбөгийн хамгийн сайн тоглогч байсан гэдгээ мөн ингэж үздэг. Хүмүүс өөрсдийн онцлог шинжээ тэднийг тодорхойлох өвөрмөц шинж чанарын жишээ болгон хүлээн авдаг ба ихэнхдээ эдгээр шинж чанар нь бие махбодтой холбоотой байдаг.

Ямар онцлог шинж нь биднийг тодорхойлох вэ гэдгийг бид өөрсдөө сонгох эрхтэй, эдгээр сонголтуудыг хэн ч бидэнд хүчээр тулгадаггүй.

Бид бүгдийн хувьд биднийг тодорхойлох эцсийн шинж чанар нь бид энэ дэлхий дээр зорилготой, бурханлаг хувь заяатай төрсөн Тэнгэрлэг Эцэг эхийн хүүхдүүд байдагт оршино. Өөр бусад биднийг тодорхойлох шинж чанарууд нь эцсийн шинж чанарт маань саад болдог бөгөөд дараа нь хор хөнөөлтэй болж, биднийг буруу замаар доош хөтөлдөг.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Та хоёр хоёулаа энэрэнгүй байх мөн өрөвч нинжин сэтгэлтэй байх тухай дурдлаа. Өмнө нь ярьж байсан жишээ рүүгээ эргэж хараад хоёр жил өнгөрлөө гэж үзье. Миний хүүтэйгээ хийсэн ярилцлагын дүнд хүүгээ хайрлах мөн түүнийг сүмд үлдээх гэсэн бидний бүх хичээл зүтгэл талаар өнгөрч, хамгийн гол асуудал болох түүнийг өөрийн мэдрэмжийг зогсоож хянахад зүглүүлж чадсангүй. Тэр одоо гэрээсээ нүүж явах гэж байгаагаа бидэнд хэлсэн. Тэр ижил хүйстэн найзтайгаа хамт амьдрахаар төлөвлөжээ. Тэр хатуу шийдсэн байлаа. Ийм нөхцөл байдалд байгаа хожмын үеийн гэгээнтэн эцэг эхийн өгөх ёстой зөв хариулт нь юу вэ?

АХЛАГЧ ӨҮКС: Түүний хийх гэж буй үйлдэл нь нүгэлтэй зүйл гэдгийг хайраар болон сайхан сэтгэл дотор Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан өгсөн сургаалаар батлах нь хожмын үеийн гэгээнтэн эцэг эхийн үүрэг хариуцлага юм шиг надад санагдаж байна. Түүнийг үргэлжлүүлэн хайрлаж, гэр бүл нь түүнийг дотночлон авч үздэг гэдгийг батлахын хажуугаар Тэргүүн Зөвлөлийн: “Их Эзэний ёс суртахууны хууль бол хууль ёсны гэрлэлтээс гадуурх харилцааг цээрлэж, гэрлэлтдээ чин үнэнч байх явдал мөн. Бэлгийн харилцаа зөвхөн нөхөр, эхнэр хоёрын хооронд гэрлэлтийн хүрээнд жам ёсны дагуу байх ёстой. Бэлгийн харьцааны аливаа бусад хавьтал, түүний дотор завхайрал, садар самуун болон ижил хүйстэнтэй бэлгийн харилцаанд орох, тэрчлэн лесби зэрэг нь нүгэл юм. Ийм үйл ажиллагаанд оролцдог болон бусдыг тэрчлэн үйлдэхэд нь нөлөөлдөг хүмүүс сүмийн сахилга батыг зөрчиж байна” гэсэн 1991 оны мэдэгдлийн адил зүйлийг түүнтэй хуваалцвал зүгээр байх гэж би бодож байна.

Эцэг хүний ​​хувьд миний эхний үүрэг хариуцлага нь тэрээр үүнийг ойлгосон байх явдал бөгөөд дараа нь би түүнд “Хүү минь, хэрвээ чи энэ маягийн зан үйлийг мэдсээр байж үүнийг үйлдэхийг сонгосон ч гэсэн чи миний хүү хэвээрээ л байх болно”. Хэрэв чи наманчлаад нүгэлт зан үйлээ орхих юм бол Есүс Христийн Цагаатгал нь чамд хүрч, чамайг цэвэршүүлэх хүч чадалтай ч би чамайг энэ замаар битгий яваач гэж хүсмээр байна. Яагаад гэвэл наманчлал нь тийм ч амархан зүйл биш юм. Чиний наманчлах чадварыг чинь сул дорой болгож чадах тийм үйлдлийг чи эхлүүлэх гэж байна шүү дээ. Энэ нь амьдралд юу чухал болох талаарх үзэл бодлыг чинь гуйвуулж, бүрхэг болгоно. Эцэст нь хэлэхэд, энэ зүйл чамайг эргэж буцаж чадахгүй болтол чинь доош чирж мэднэ. Энэ замаар битгий яваач. Гэхдээ чи энэ замаар явахыг сонгосон байлаа ч бид үргэлж чамд тусалж, чамайг өсөлт хөгжлийн замд гарахад чинь туслахаар хичээх болно” гэж хэлнэ.

АХЛАГЧ ВИКМЭН: Мормоны Номыг унших нэг арга зам бол эцэг, хөвгүүдийн хоорондын харилцааны ном байдлаар унших явдал юм. Эцэг болон хүүгийн хэсэг дээр тэдгээр харилцаануудын зарим нь маш эерэг бас бат бөх байдаг. Хүүгийнх нь алхаж байгаа зам Их Эзэний өмнө буруу гэдгийг эцэг нь хүүдээ хэлэх шаардлага гарч байгаа зарим тохиолдол бий. Энэ бүгдээс харахад үүнийг яг л ахлагч Өүксийн ‘Чи үргэлж миний хүү байх болно’ гэж хэлсэн шиг хайраар болон дотно сэтгэлийн хандлагаар хийх хэрэгтэй. “Хичээхээ болих хүртлээ чи ялагдал хүлээхгүй” гэдэг нэгэн эртний хэллэг нь эцэг эхчүүдийн хувьд үнэхээр үнэн байдаг юм. Энэ нь хүүхдүүдэд зөв замыг заах тохиромжтой боломжуудыг ашиглах мөн хамгийн чухал нь та тэднийг хайрласаар л байх болно гэдгийг тэдэнд мэдүүлэх гэсэн хоёр нөхцөл хоёуланд нь энэ утга харьяалагдана гэж би бодож байна.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Үзүүлж буй хайр ямар үед санамсаргүй хүлээн зөвшөөрсөн үйлдэл болдог вэ? “Та намайг хайрладаг юм бол би хамтрагчаа гэртээ авчирч болох уу? Бид хоёр баяраар хамтдаа ирж болох уу?” гэж хүү чинь асуувал жишээ нь гэртээ байгаа бусад хүүхдүүддээ бас бодолцоод та үүнийг яаж зохицуулах вэ?

АХЛАГЧ ӨҮКС: Үүрэг хариуцлага бүхий хүн нь сүнслэг удирдамж хүсэн, Их Эзэнээс асууснаар шийдвэр гаргах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд эцэг эх нь “Үүнийг битгий хийгээч. Биднийг ийм байдалд битгий оруулаач” гэж хэлэх байх гэж би төсөөлж байна. Хэрэв үнэхээр гэрт нь энэ жишээ нөлөөлж болох хүүхдүүд байдаг бол хариулт нь иймэрхүү л байх болов уу. Мөн ийм хариултад хүргэж болох бусад хүчин зүйлс ч байж болох юм.

Зарим нөхцөл байдалд “За тэг, авчирч болно оо, гэхдээ хонохоор ирж болохгүй шүү. Гэрээс салдаггүй зочин болно гэж бодож болохгүй шүү. Та нарыг дагуулаад найз нөхөддөө танилцуулах эсвэл олон нийтийн өмнө та нарыг “хамтрагч” гэдгийг хүлээн зөвшөөрсөн мэт харагдахыг хүлээн зөвшөөрөхгүй шүү” гэх зэргээр хэлж ч болох юм.

Маш олон өөр нөхцөл байдал байдаг болохоор бүгдэд нь тохирсон нэг хариулт өгөх боломжгүй юм.

АХЛАГЧ ВИКМЭН: Эцэг эх нь үүнээс хэцүү нөхцөл байдалтай тулгарч болохыг төсөөлөхөд ч бэрх юм. Нөхцөл байдал бүр өөрийн гэсэн онцлог шийдвэртэй байдаг. Ахлагч Өүксийн саяны хэлсэн дээр миний нэмэх ганцхан зүйл бол эцэг эхийн хувьд энэ нөхцөл байдлын зовлон шаналлаас үүдэн гарч ирж болзошгүй урхинаас зайлсхийх нь чухал юм шүү гэж би бодож байна.

Би түүний болон бусдын аль алиных нь тухайд Их Эзэний арга замыг хамгаалах явдлыг итгэл эвдсэн хүүхдийнхээ амьдралын хэв маягийг хамгаалах явдал болгон өөрчилж байгааг хэлээд байна. Нүглийг нь буруушаагаад харин нүгэлтнийг нь хайрлана гэсэн Их Эзэний арга зам бол туйлын үнэн. Энэ нь бид үргэлжлүүлэн үүд хаалгаа болон зүрх сэтгэлээ нээн, хүүхдүүдээ гартаа тэврэн авна гэсэн үг болохоос биш тэдний амьдралын хэв маягийг нь зөвшөөрдөг байх албагүй. Бид тэдэнд амьдралынх нь хэв маягийг зохисгүй гэдгийг цаг үргэлж хэлээд байх хэрэгтэй гэсэн ч үг биш. Хамгийн том нэг алдаа бол хүүхдийг өмөөрөх явдал, яагаад гэвэл ингэх нь хүүхдэд ч, эцэг эхэд ч тусалж чаддаггүй. Амьдрал дээр харснаар бол иймэрхүү үйлдэл нь хүүхэд болон эцэг эхийн аль алийг нь Их Эзэний замаас гарцаагүй холдуулдаг.

АХЛАГЧ ӨҮКС: Тэргүүн Зөвлөл 1991 оны захидалдаа энэ сэдвээр нэгэн гайхалтай мэдэгдэл хийсэн юм. Энэ төрлийн асуудлаар шаналж байгаа хувь хүн, гэр бүлийн тухай ярихдаа тэд “Бид сүмийн удирдагчид болон гишүүдэд эдгээр асуудлаар шаналж байгаа хүмүүсийг хайрлаж, ойлгоосой гэж уриалж байна” гэсэн байдаг. Хэрэв бидэнд сүмийн гишүүнчлэлийн нэг хэсэг гэдэг утгаар “эдгээр асуудлаар шаналж байгаа” хүмүүсийг хайрлаж, ойлгохыг зөвлөсөн бол энэ үүрэг нь эдгээр асуудалд шаналж байгаа хүүхдүүдтэй эцэг эхэд ч … тэр тусмаа үүнтэй холбоотой нүгэлт зан төлөвт холбогдсон хүүхдүүд дээр ч хүчтэй төвлөрөх нь мэдээж юм.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Хүүхдүүд нь хүсч байсан түвшинд нь хүрэхгүй байх үед зарим эцэг эхчүүд хүүхдээсээ татгалзах нь ямар нэг хэмжээгээр төрөлхийн зан авир мөн үү? Заримдаа асуудалтай тэмцэж байхаар зүгээр л хайхрахгүй орхичихвол илүү хялбар биш гэж үү?

АХЛАГЧ ӨҮКС: Бид эцэг эхчүүдийг өөрсдийгөө битгий буруутгаасай бас ийм нөхцөл байдалд байгаа эцэг эхчүүдийг сүмийн гишүүд маань битгий буруутгаасай гэж үнэхээр их хүсэж байна. Бидний хэн маань ч төгс төгөлдөр биш гэдгийг мөн хэнд маань ч бүх л нөхцөл байдалд бидний хүссэний дагуу бүгдийг хийдэг хүүхдүүд байхгүй гэдгийг санаж байх хэрэгтэй.

Зовж шаналж буй үр хүүхдүүддээ зориулах хайр болон зөн совин нь өөрсдийг нь сүмтэй зөрчилдөхөөс аргагүй байр сууринд хүргэсэн эцэг эхчүүдийг бид нэн ихээр өрөвдөн хайрлаж байна. Хүүхдүүдээ хайрлах хайр нь тэднийг ийм урхинд ороход хүргэсэн эцэг эхчүүдэд Их Эзэн нигүүлсэнгүй хандах болно гэдэгт би найдаж байна.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Түрүүчийн түүх рүүгээ эргэж оръё. Миний хүү одоо сүмд бүрмөсөн ирэхээ больсон. Түүнийг буцаад ирэх байх гэсэн найдвар ч алга болсон. Тэр ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрдөг Канад улс руу явах төлөвлөгөөтэй байгаагаа надад хэлсэн. Мөн хайранд үндэслэсэн гэрлэлтийг чухал гэж хүлээн зөвшөөрдгөө ч хэлсэн. Тэр садар самуун явдалтай биш, ердөө нэг л хүнтэй дотно харьцаатай байгаа. Тэр амьдралынхаа үлдсэн хугацааг хамтрагчтайгаа хамт өнгөрүүлэх бодолтой байна. Нийгэм ийм замаар явж байгаа үед бүх амьдралаа зориулах энэ амлалтыг сүм хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тэр ойлгож чадахгүй байна. Хэрэв би хожмын үеийн гэгээнтэн эцэг бол түүнд юу гэж хэлэх нь зүйтэй вэ?

АХЛАГЧ ВИКМЭН: Юуны өмнө гэрлэлт гэдэг нь улс төрийн ч нийгмийн бодлогын ч асуудал биш. Их Эзэн Өөрөө гэрлэлтийг тогтоосон. Энэ нь дэлхийгээс давж, санваарын эрх мэдлээр ариун сүмд ёслол төгөлдөр гүйцэтгэгддэг гэрлэлтийн тогтолцоо юм. Энэ нь Есүс Христийн сайн мэдээний үндсэн сургаал болсон гүн ач холбогдолтой зүйл бөгөөд энэ дэлхийн бүтээлтийн гол зорилго юм. Эхлэл номын эхний хуудсыг уншаад л үүнийг маш тодорхой олж хардаг. Энэ нь хүн төрөлхтөнөөр, тэр дундаа зөвхөн өөрсдийн зорилгын төлөө ажилладаг тэдгээр хүмүүсээр өөрчлөгдөж байдаг тогтолцоо огт биш. Их Эзэн ижил хүйстний гэрлэлт гэж нэрлэдэг ямар ч зүйлийг хүлээж авдаггүй. Ижил хүйстэнтэйгээ нөхцөх нь Их Эзэний өмнө жигшүүрт хэрэг бөгөөд хойшдоо ч тийм л байна. Үүнийг улс төрийн тодорхойлолтын улмаас өөр ямар нэг зүйлээр нэрлэсэн ч гэсэн энэ нь бодит байдалд ямар ч өөрчлөлт оруулахгүй.

АХЛАГЧ ӨҮКС:Үүнийг өөрөөр хэлбэл, Канадын парламентад болон Вашингтон дахь Конгресст ямар нэгэн арга замаар Бурханы тушаалуудыг цуцлах, өөрчлөх, засварлах эрх мэдэл байхгүй билээ.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Ижил хүйстний зарим вэбсайт дээр ижил хүйстний зан үйлийг Ариун Библи дээр, ялангуяа Шинэ Гэрээн дээр онцгойлон хориглоогүй байдаг гэж маргалддаг. Зарим нь хүн төрөлхтөний төлөөх Есүс Христийн хайр, нигүүлсэл нь ийм хэлбэрийн харилцааг хүлээж авна гэж маргалддаг. Сүмийн сургаал энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

АХЛАГЧ ВИКМЭН: Юуны өмнө, тийм мэдэгдэл хийж байгаа хүмүүс өөрсдийн Ариун Библийг дахин анхааралтай унших хэрэгтэй. Гэвч түүнээс гадна энэ нь бүх хүн төрөлхтөнд болон эрэгтэй, эмэгтэй хүмүүст мөн хүүхдүүдэд зориулсан Аврагчийн хайрыг гэрлэлттэй холбоотой сургаалтай харьцуулж байгаа нь алимыг амтат жүржтэй харьцуулж байгаатай адил юм.

Үнэн хэрэгтээ Аврагч гэрлэлтийн тухай тодорхойлолтыг гаргасан бөгөөд энэ нь өөр нөхцөл байдлыг харуулж байсан. Есүс хэлэхдээ “Тийм учраас эр хүн эцэг эхээ орхиод эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу. Тиймээс Их Эзэний нийлүүлсэн зүйлийг ямар ч хүн бүү салгаг” гэжээ.

Энд бичигдсэн уг хэллэгийг бид ихэвчлэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гэрлэхэд тэднийг салгахаар хичээж байгаа хэн нэгэн бол зохисгүй байж таарах нь гэж ойлгодог. Сургаалын ухаанд энэ нь илүү өргөн утгатай болов уу гэж би боддог. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлт нь Хуучин Гэрээ болон Шинэ [Гэрээн] дэх Библийн сургаалд маш тодорхой байдаг. Үүнийг үгүйсгэхийг хичээдэг ямар ч хүн Есүсийн өөрийнх нь хэлсэн зүйлтэй зөрчилдөж байна. Есүсийн хайр болон Түүний сургаалын тодорхойлолт хоёрын хоорондын ялгааг санаж байх нь чухал, сургаалын тодорхойлолт бол Их Эзэн Есүс Христийн эртний болон орчин үеийн бошиглогч, төлөөлөгчдөөс ирдэг.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Тэгвэл жишээ нь, “За, за. Хожмын үеийн гэгээнтнүүд хүссэн зүйлдээ итгэх эрхтэй. Хэрэв та ижил хүйстний гэрлэлтэд итгэдэггүй бол тэр сайн хэрэг. Гэвч яагаад танай шашин ямар ч хамааралгүй хүмүүсийн зан төлөвийг зохицуулах гээд зүтгээд байгаа юм бэ, ялангуяа Европын зарим оронд ийм төрлийн гэрлэлтийг хуулиараа зөвшөөрчихөөд байхад шүү. Яагаад зүгээр л ‘Бид сүмийнхээ гишүүдийн төлөө үүнтэй сургаалын хувьд санал нэгдэхгүй байна’ гэж хэлээд орхичихож болохгүй байгаа юм бэ? Яагаад [Нэгдсэн Улсын] Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд тэмцээд байгаа юм бэ? гэж хэлж магадгүй хүмүүсийн тухайд юу хэлэх вэ?

АХЛАГЧ ВИКМЭН: Бид хүмүүсийг зохицуулахаар оролдож байгаа юм биш ээ, гэхдээ гэрлэлтийн тогтолцооны тухай сэдэв дээр ‘танай гэрт болж байгаа юм манайд нөлөөлөхгүй’ гэж хэлэх нь ижил хүйстний гэрлэлтийг дэмжиж байгаа тэдгээр хүмүүсийн л хэрэглэдэг үндсэн арга байх.

Зарим хүмүүс хоёр янзын гэрлэлт зэрэгцэн оршиж болно гэдэг санааг дэвшүүлдэг ба энэ нь эсрэг хүйстний болон ижил хүйстний гэрлэлт ямар ч сөрөг үр дагаваргүйгээр зэрэгцэн оршино гэсэн санаа. Гэтэл үнэн бодит байдал дээрээ бусад бүх тогтолцооны адил гэрлэлт бол тогтолцоо гэдэг үүднээс мөн чанараа өөрчлөлгүйгээр нэг л тодорхойлолттой байдаг. Ийм учраас хоёр янзын гэрлэлт зэрэгцээд орших боломжгүй. Нэг бол одоо байгаа, Их Эзэний тогтоосон тэр гэрлэлт байна эсвэл тэр хүйсийн ялгаагүй гэрлэлт гэж хэлээд байгаа тэр зүйл байна. Хоёр дахь хувилбар нь бидний ярьж байснаар Бурханы хувьд жигшүүртэй. Гэрлэлт нь — эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой гэдгийг Тэрээр Өөрөө тодорхой өгүүлсэн.

Тиймээс энэ тогтолцооны тодорхойлолтыг зөвхөн ижил хүйстний гэрлэлт хэмээх зүйлийг зөвшөөрүүлэхийг хичээж буй тэдгээр хүмүүсийн төлөө биш — харин хүн бүрийн төлөө дахин тодорхойлж байна. Энэ нь Их Эзэний Өөрийнх нь өгсөн тодорхойлолтыг ч мөн үл ойшоож байгаа юм.

АХЛАГЧ ӨҮКС: Энд өөр нэг зүйлийг цохон тэмдэглэж болно. Мянга мянган жилийн турш гэрлэлтийн байгууллага нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байсан гэдгийг битгий мартаарай. Саяхныг хүртэл зарим тодорхой улс оронд ижил хүйстэй хүмүүсийн гэрлэлт гэх зүйл байдаггүй байсан. Гэнэтхэн л бид хэдэн мянган жилийн түүхтэй хүн төрөлхтний уламжлалыг хүчингүй болгох тийм шаардлагатай нүүр тулсан, яагаад гэвэл бид гэрлэлтийн тогтолцооны харилцаанд ялгавартай хандах ёсгүй. Энэхүү шаардлага гарч ирэхэд энэ алхам нь мянга мянган жилийн мэргэн ухаан, тогтвортой байдлыг үгүй хийж чадахгүй гэдгийг нотлохтой холбоотой үүрэг хариуцлага уг өөрчлөлтийг хийхийг хүссэн хүмүүсийн дээр гарч ирсэн. Гэсэн хэдий ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтэд итгэдэг хүмүүс нь гэрлэлтийг өөр бусад нөхцөл байдал дахь бүлэг хүмүүст зориулан өргөжүүлэхгүй байх ёстой гэдгийг нотлох ачааг үүрч байгаа мэтээр асуулт асууж, санал дэвшүүлээд байна.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Ахлагч Өүксийн хэлсэн зүйлс 1950-иад онд буюу 21-р зуунаас өмнөх үед хамаатай байсан гэх хүмүүс байдаг. Хэрэв та Европын хэд хэдэн улс орныг авч үзвэл, жишээ нь уламжлалт гэрлэлт нь өмнөх түвшингээ хадгалж чадахгүйгээр маш хурдацтай буурч байна. Гэрлэлт хувьсан өөрчлөгдөж байгаа бол бид нийгмийн өөрчлөлтийн тэдгээр төрлийг эсэргүүцэх ёстой биш гэж үү?

АХЛАГЧ ӨҮКС: Уг маргаан нь хэрэв нэг хүн өвчтэй байж байгаад бие нь улам муудвал бид тэр даруйд амь насыг нь үгүй хийх ёстой хэмээн баталж байгаатай адилаар намайг гайхшируулдаг. Ижил хүйстний гэрлэлтэд өртсөн гэрлэлтийн тогтолцооны эрс хатуу өөрчлөлт нь өвчтөний амьдралыг тэр чигт нь дуусгаж, амь насыг нь үгүй хийх явдалтай нэлээн дүйж очно.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Та гэрлэлтийг шинэчлэн тодорхойлох замаар нийгэмд ирж болох хор хөнөөлийн талаар ярьсан. “Би урт хугацааны турш хамтран амьдарч байгаа ижил хүйстэн хүмүүсийг мэднэ. Тэд гайхалтай хүмүүс. Тэд нэг нэгэндээ хайртай. Эсрэг хүйстэнтэйгээ гэрлэсэн миний хувьд ижил хүйстэй хүмүүсийг адилхан зан үйлд авчрах нь миний гэрлэлтэд ямар хор уршиг авчрах вэ?” гэж хэлэх хүмүүст хандаж та юу хэлэх вэ?

АХЛАГЧ ВИКМЭН: Би нэг хормын өмнө хэлсэн зүйлээ дахин давтаж хэлье. Гэрлэлт нь нэгдмэл байгууллага учраас энэ дүгнэлт нь үнэнтэй нийцэхгүй гэж би үзэж байна. Гэрлэлт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын хариуцлага хүлээж, хуулийн дагуу баталгаажуулсан харилцааг хэлнэ. Энэ нь тийм утгатай юм. Энэ нь илчлэлтүүдэд ч тийм утгатай байдаг. Энэ нь иргэний хуульд ч тийм утгатай. Та гэрлэлтийг ижил хүйстний гэрлэлт гэж нэрлэгддэг өөр нэг зүйлтэй хамт зэрэгцүүлж үзэж болохгүй. Энэ нь зүгээр л тодорхойлолтын хувьд боломжгүй юм. Гэрлэлтийн байгууллага нь ижил хүйстний хоёр хүний дундах хариуцлага бүхий харилцааг хуулийн дагуу зөвшөөрч, хүлээн авч эхлэнгүүт гэрлэлтийн тогтолцоо нь хүйсийн хамааралгүй гэрлэлтийн нэг болж дахин тодорхойлогдоно.

Бид бусад асуултын хариултуудад дурдсанчлан [хүйсийн хамааралгүй гэрлэлт] нь Бурханы хуулийн болоод илчлэгдсэн үгийн эсрэг явдал юм. Гэрлэлтэд өгсөн эртний болон орчин үеийн судар хийгээд Их Эзэн, Түүний төлөөлөгчдийн тодорхойлолт нь эрин үеүдийн турш үүнээс илүү тодорхой байж чадаагүй.

Гэвч энэ нь хүн бүрийн хувьд шашнаас ангид арга замаар хүчтэй нөлөө үзүүлсэн. Гудамжны доод талд байдаг гэрт юу болох нь манай гэрт юу болох болон гэр маань ямар байхтай шууд хамааралтай. Бурханы илчлэлтүүд хийгээд түүхэн цаг хугацаатай мөн бүхэл хүн төрөлхтөний загвартай сөргөлдөн, тэд хүн бүрд зориулж бүхэл бүтэн тогтолцоог тэр чигт нь дахин тодорхойлох эрхтэй гэвэл энэ нь туйлширсан бөгөөд маш солиотой, хэрээс хэтэрсэн явдал болно гэж хэлмээр байна.

АХЛАГЧ ӨҮКС: Энэ тал дээр өөр нэг дүгнэлт гаргавал бас нэг асуулт гарч ирж байна. Хэрэв хосууд нэг гэрт орж, гэрлэлт гэж нэрлээд байгаа тэр харилцаандаа үнэнч байхаар нэг нэгэндээ амлалт өгөн, аз жаргалтай амьдарч байгаа л юм бол тэд яагаад үүнийг хүсээд байгаа юм бэ? Тэдэнд байгаа гэсэн бүхнийг нь бодолцоод үзэх юм бол тэд яагаад хэдэн мянган жил дамнан хүндэтгэлтэйгээр замнаж ирсэн хууль ёсны гэрлэлтийг үүн дээрээ нэмэхийг хүсээд байгаа юм бэ? Ижил хүйстний гэрлэлтийг дэмждэг тэдгээр хүмүүсийн хүсээд байгаа зүйл нь юу юм бэ? Хэрэв тэр нь ялгаварлан гадуурхалтаас өөр үндэслэл дээр тодоор илэрсэн бол энэ нь нэг их сайн маргаан биш хэдий ч таны асуусан асуултад хариулахад илүү хялбар байх байсан байх. Бас энэ нь бидний аль хэдийн сонссон зүйлийн бодит үнэнийг илэрхийлнэ гэж би бодож байна.

Хэрвээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтээс бусад зарим харилцаанд олгох юм бол олон мянган жилийн турш хүндэтгэлтэйгээр замнаж ирсэн тогтолцоог доройтуулж мэдэх, үгүй бол бүр сүйтгэж ч мэдэх — гэрлэлтийн тодорхой шинж тэмдгүүд — тодорхой хууль зүйн болон нийгмийн үр дагаврууд бас тодорхой хууль ёсны байдал гэж бий.

Үүнээс гадна хэрэв хүмүүс ямар нэгэн харилцаагаа хуулиар баталгаажуулахыг хүссэн ч бид уг харилцаа нь мянга мянган жилийн турш зөвшөөрөгддөггүй байсан бол үүнд анхааралтай хандах хэрэгтэй. Гэв гэнэт л тэд өөрсдийнхөө тухай илүү сайхан мэдрэмж авахын тулд үүнийг хуулиар баталгаажуулахыг шаардсан. Энэ баталгаа нь их зүйлийг нотолж байна. Хүн зарим нэг хууль бус зүйлээр амьдралаа залгуулж байгаа ч энэ нь тийм ч таатай санагддаггүй гэж бодъё (тэр мэргэжлийн хулгайч эсвэл хууль бус үйлчилгээ хийдэг ч юм уу, ер нь юу ч байж болно.) Тэгвэл бид түүнийг сонголтоосоо болж гадуурхагддаг хэмээн түүний үйлдлийг хуульчлах уу эсвэл тэр хийдэг зүйлээсээ сэтгэл ханамж мэдэрдэггүй болоод сэтгэл ханамжийг мэдрэхийг хүссэндээ эсвэл тэрээр өөрийн зан байдлыг нийгмийн болон гэр бүлийнхнийхээ нүдэнд хууль ёсны болгож харагдуулахыг хүсч байгаа болохоор хуульчлах уу? Үүний хариулт нь гагцхүү одоогийн нөхцөл байдалд өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн маш үнэмшилтэй шалтгаанууд байхаас бусдаар бол бид зан үйлийг ийм шалтгаанууд дээр үндэслэж хуульчилдаггүй билээ.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Та энэхүү баталгаагаа ижил хүйстний гэрлэлтийн эсрэг иргэний холбоонд эсвэл энэ гэрлэлтийн хоригоос ашиг хонжоо олж болох өөр бусад зүйлд ашиглах уу?

АХЛАГЧ ВИКМЭН: Гэрлэлтийг авч үзэх өөр нэг арга зам бол хоёр хүн гэрлэсэн гэдэгтэй холбоотой ирэх багц эрхийн тухай юм. Тэргүүн Зөвлөл нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлт болон тэдэнд харъяалагдах багц эрхийг дэмждэгээ илэрхийлсэн. Тэргүүн Зөвлөл нь ямар нэгэн тодорхой эрхийн талаар санаа зовж байгаагаа илэрхийлээгүй билээ. Та нар үүнийг юу гэж нэрлэх нь хамаагүй юм. Хэрэв таны хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн харилцаа нь уламжлалт гэрлэлтэд хамаарах хууль ёсны багц эрхтэй бөгөөд эрх мэдэлтнүүд үүнийг тань иргэдийн нэгдэл, гэр бүлийн хамтрал эсвэл өөрөөр юу ч гэж нэрлэлээ гэсэн, энэ нь гэрлэлттэй ижил тэнцүү эрхтэй байдаг. Энэ бол манай сургаал биднээс “Энэ бол зөв биш. Энэ бол тохиромжгүй зүйл” гэж хэлж, дуу хоолойгоо өргөхийг шаарддаг зүйл юм.

Үүнээс бага зүйлийн талаар, манай нийгэм дэх — зарим хосын харилцаанд гэрлэлттэй хамаарах бүх эрх биш юмаа гэхэд — ядаж зарим эрхийг өгөх талаар Тэргүүн Зөвлөл ямар нэгэн зүйл илэрхийлээгүй. Энэ нийгэмд ижил хүйстний харилцаанаас гадна өөр олон төрлийн хамтрал, хослол байдаг бөгөөд тэдэнд зарим эрх олгогддогийг бид эсэргүүцдэггүй. Энэ бүгдээс үзвэл ижил хүйстний харилцаатай хүмүүст өгөгдөж болох зарим тодорхой эрхийн талаар бид санаа зовж байдаг. Яг одоо миний санаанд орж ирж байгаа нь хүүхэд үрчилж авах эрх юм. Учир нь энэ эрх нь зүгээр л түүх, сургаалын хувьд үргэлж гэр бүл, гэрлэлттэй ойр холбогдож явдаг. Би хүүхэд үрчлэлтийг жишээ болгосон явдал нь хүүхэд тээж төрүүлэх болон өсгөн өндийлгөхтэй хамааралтай билээ. Манай сургаалд, тэр ч байтугай саяхан бошиглогч, төлөөлөгчдөөс гаргасан Гэр бүлийн тунхагт сургаалын бүрэн утга санааг агуулан илэрхийлснээр хүүхдүүд нь гэртээ эцэг эхээрээ өсгүүлэх эрхтэй гэсэн байдаг.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Ижил хүйстний гэрлэлтийг хориглосон заалтыг Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт болгон оруулах асуудлын тухайд ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцэж байгаа ч гэсэн энэ асуудлыг Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэхэд дургүйцдэг хожмын үеийн гэгээнтнүүд байдаг. Сүм яагаад тэр чиглэл рүү алхам хийх хэрэгтэй гэж бодсон бэ?

АХЛАГЧ ӨҮКС: Хууль дод тал нь хоёр үүрэгтэй: нэг нь хүлээн зөвшөөрч болох зан үйлийн хязгаарыг тодорхойлж тогтоох, нөгөө нь хүмүүст хувь хүний сонголтоо хийх зарчмуудыг заах. Хууль нь хүлээн авах боломжгүй зарим нэг зүйлийг ердөө л хэрэгжүүлж болохгүй гэдгийг тунхагладаг ба түүнийг хэрэгжүүлэх гэж оролдсон зарга мэдүүлэгч байхгүй. Бид үүнийг хуулийн заах үйл ажиллагаа гэж хардаг. Гэрлэлт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой гэж тунхаглаж байгаа АНУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд маш их мэргэн ухаан, зорилго байгааг харах цаг манай нийгэмд иржээ. Тэрхүү санал болгож буй нэмэлт өөрчлөлтөнд гэмт хэргийн яллах ажиллагааг явуулах эсвэл өмгөөлөгчдөөс хууль зөрчсөн хүмүүсийг цуглуулахыг шаарддаг ямар ч юм байхгүй. Харин энэ нь зарчмыг танилцуулж мөн гэрлэлтийн уламжлалт тогтсон байдлыг өөрчилдөг тэдгээр хүмүүсийн эсрэг хамгаалалт л үүсгэж байгаа юм.

Холбооны Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа хүмүүс бий, яагаад гэвэл гэр бүлийн хуулийг муж нь гаргах ёстой гэж тэд үзэж байна. Би тэдний хууль ёсны нотолгоог нь харж байна. Гэсэн хэдий ч миний бодлоор энд эндүүрэл гарсан. Яагаад гэвэл холбооны засгийн газар нь холбооны шүүгчдийн шийдвэрээр дамжуулаад тэр хэсэгт аль хэдийн хяналтаа тогтоочихсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь зохих ёсоор илэрхийлж шаардлага тавьсан мужуудын саналыг үл харгалзаж, ижил хүйстний гэрлэлтийг засгийн газрын асуудал болгон авч үзэн, хүлээн зөвшөөрөхийг — эсвэл гэрлэлт нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой гэсэн мужийн хуулийг хүчингүй болгохыг хүсдэг хүмүүсийн эсрэг авах хамгаалалтын арга хэмжээ юм. Товчхондоо бол Тэргүүн Зөвлөл нь хуулийн заах үүргийг дэмжиж, (батлагдаж ч магадгүй, батлагдахгүй ч байж магадгүй) нэмэлт өөрчлөлт хийхийн төлөө зорьсон. Ийм нэмэлт өөрчлөлт оруулах нь олон нийтийн бодлогын маш чухал илэрхийлэл болж, газар нутаг даяарх шүүгчдийн шийдвэрүүдэд нөлөөлөх ёстой.

АХЛАГЧ ВИКМЭН: Хэрэв зөвшөөрвөл би үүн дээр нэмж хэлэх гэсэн юм. Гэрлэлтийн энэ асуудлыг холбооны хуулийн асуудал болгосон газар нь сүм биш юм. Ижил хүйстний гэрлэлт гэгчийг идэвхтэй дэмжигчид л энэ асуудал дээр маргаан үүсгэж эхэлсэн. Нөгөө талаар улс орны хуулийг гэрлэлтийн асуудал руу чиглүүлэх нөхцөл байдлыг үүсгэсэн хүмүүс бол тэд. Энэ нь сүм асуудлыг гартаа авч, хуулийн эсвэл улс төрийн асуудал болгосон тийм нөхцөл байдал биш юм. Уг асуудал угаасаа л тэнд байсан.

Бодит байдал дээр гэрлэлтийн одоо байгаа тодорхойлолтыг хэвээр үргэлжлүүлэн, баталгаажуулах хамгийн сайн арга бол үүнийг АНУ-ын хууль зүйн үндсэн баримт бичигт оруулах явдал юм. Үүнийг Үндсэн хуульд заасан байдаг. Энэ зөрчилдөөн биднийг ийм байдалд хүргэж байна. Эцсийн эцэст энэ зөрчилдөөнийг шийдвэрлэх газар нь энэ юм. Энэ нь холбооны хуулийн асуудал болж шийдвэрлэгдэнэ. Иймээс энэ нь уг асуудлын талаар хожмын үеийн гэгээнтнүүд бидний сонгосон зөрчилдөөн биш юм. Гэхдээ л ийм зөрчилдөөн үүсэж, бидэнд үзэл бодлоо илэрхийлэхээс өөр сонголт байгаагүй бөгөөд сүм үүнийг л хийсэн юм.

Энэ асуудалд тэд хэрхэн хүндэтгэлтэй ханддагийн тухайд гэвэл, сүмийн гишүүдийн төлөөх шийдвэрүүд нь мэдээж хэрэг иргэн хүнийх нь хувиар хүн нэг бүрийн эрх зүйн чадамжинд нь харьяалагдах ёстой.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Бүх цаг үеийн туршид тогтвортой байсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын уламжлалт гэрлэлтийн талаарх ярианд тодотгох зүйл байна. Дэлхий даяар болон Нэгдсэн Улсын маш олон хүний бодол санаанд уламжлалт бус гэрлэлт болох — олон эхнэртэй байхыг дэмждэг байснаараа хоногшсон тэр сүм одоо ижил хүйстний гэрлэлтийн талаар олон нийтэд нээлттэйгээр ярьж байгаа нь хуурмаг харагдахгүй байна уу?

АХЛАГЧ ӨҮКС: Хэрвээ хэн нэгэн нь биднийг бурханлаг илчлэлтэд итгэдэг гэдгийг мэдэхгүйгээр дүгнэвэл энэ нь хуурмаг харагдаж магадгүй. 19-р зууны мормончууд мөн миний өвөг дээдсийн зарим нэг нь олон эхнэртэй байх зан үйлийг хийх сонирхолгүй байсан юм. Анх удаа энэ зарчмыг хүлээн авахдаа мэдэрсэн гүн гүнзгий сөрөг мэдрэмжээ тэдэнтэй хуваалцсан Бригам Янгийн үлгэр жишээг тэд дагасан. 19-р зууны эрэгтэй, эмэгтэй мормончууд олон эхнэртэй байх явдлыг Бурханаас өгсөн үүрэг хэмээн гүйцэтгэдэг байсан юм.

Уг үүрэг нь тэднээс авагдахад Үндсэн хуулиараа олон эхнэртэй байх ёсыг хориглодог улсын хуулинд захирагдахыг тэдэнд зааварласан. Тэдний олон эхнэртэй байх ёсыг болиулах үед үүнд нь дургүйцэж байсан хүмүүс ч байсан байх. Гэхдээ миний бодлоор барууны иргэншлийн гол загвар болох нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүний хоорондын гэрлэлтийг эргүүлэн сэргээх болсондоо дийлэнх хэсэг нь сэтгэл амарч, баяртай байсан болов уу. Товчоор хэлэхэд хэрэв энэ сүмийн үндэс суурь нь болсон мөн үргэлжлэн ирсээр буй илчлэлтүүдийн талаар анхаарч үзвэл үүнд ямар ч хуурмаг зүйл үгүй гэдгийг тэр үед та ойлгох болно. Харин түүнийг анхаарч үзээгүй цагт та маш хүчтэй егөөдлийг олж харна.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Ижил хүйстэндээ татагддаг хүмүүст зориулан дэмжлэг үзүүлэх янз бүрийн бүлгүүдийг яах вэ?

АХЛАГЧ ВИКМЭН: Миний бодлоор бид тэднийг дэмждэг ч үгүй, буруушаадаг ч үгүй. Гэхдээ тэдгээр бүлгийн мөн чанараас ихээхэн зүйл хамаарна. Ижил хүйстний амьдралын хэв маягийг хөхиүлэн дэмждэг ямар ч бүлэг юм уу байгууллагын үйл ажиллагаанд оролцож буй хүмүүсийг бид буруушаах нь гарцаагүй.

Хамгийн гол нь ижил хүйстэндээ татагдан шаналж байгаа хэний ч хувьд хамгийн ухаалаг зам бол өөрийнхөө бэлгийн болон хүйсийн чиг хандлагын тухай мэдлэгийн хүрээгээ тэлэхээр чармайж, өөрийгөө бие хүн гэдэг утгаар нь харахыг хичээх явдал юм. Хэрэв би ижил хүйстэндээ татагдан шаналж байгаа хүн юм бол өөрийгөө хамаагүй өргөн утгаар … сод ухаантай, хөгжмийн эсвэл спортын ч юмуу ямар нэгэн авьяастай эсвэл бусдад туслах чин хүсэлтэй Бурханы хүүхэд юм гэж арай илүү алсын хараатайгаар харах, ингэснээр амьдралаа тэр түвшинд тавьж харах ёстой болж байгаа юм.

Илүү олон хүн хүйсийн чиг хандлагаас илүү өргөн цар хүрээнд өөрийгөө харж чадвал илүү аз жаргалтай, сэтгэл ханамжтай амьдралтай байх магадлалтай юм. Бид ямар уруу таталттайгаас үл хамаараад бас бидний энэ амьдрал дээрх дур хүсэл ямар гэдгээс үл хамаараад — хэнд маань ч тохиолдож болох хамгийн муу зүйл гэвэл хүйсийн энэ чиг хандлагадаа сэтгэл хоргодож, тэр чигээрээ үлдэх явдал юм. Бид ингэх үедээ зөвхөн бидний амьдралын нэг хэсэг болсон бусад зүйлсийг үгүйсгээд зогсохгүй, эцэст нь бид уг дур хүслээ өөрийн эрхгүй дагах хандлагатай болдгийг амьдралын туршлага харуулж байна.

АХЛАГЧ ӨҮКС: Ахлагч Викманы ярьсан зарчмыг товчхон дүгнэхэд, хэрэв хэн нэгэн ижил хүйстэндээ татагдах байдлаа хянаж амьдрахаар хичээж байгаа бол үүнийг хийх хамгийн зөв арга зам бол гишүүдээ ижил хүйстэндээ татагддаг гэдгээс өөрөөр тодорхойлж авч үздэг бүлгүүдэд нэгдэх явдал юм.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Хэрэв таныг энэхүү маш ээдрээтэй асуудлыг хэдхэн үндсэн зарчим болгоод хэлээч гэвэл юу гэж хэлэх вэ?

АХЛАГЧ ӨҮКС: Бурхан Өөрийнхөө бүх хүүхдэд хайртай. Тэрээр хүүхдүүддээ зориулан мөнх оршихуйд тэдэнд өгөгдөх хамгийн сонгомол адислалуудыг эдлэхэд нь туслах төлөвлөгөөг зохиосон. Тэдгээр сонгомол адислалууд нь бүтээлтийг мөн энэ амьдралд бас ирэх амьдралд аз жаргалыг авчрахын тулд санваарын зохих эрх мэдлээр батлагдсан гэр бүлийн нэгж болох эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлттэй холбоотой байдаг.

Бид эсрэг хүйстэндээ татагддаг хүмүүсийг Их Эзэний болоод улс орны хуулийн дагуу гэрлэх боломжтой болох хүртлээ дур хүслийнхээ дагуу үйлдэхгүй байхад ятгадаг шиг ижил хүйстэндээ татагддаг хүмүүсийг мөн адил уг хүслээ хянаж, уг нүглийг үйлдэхгүй байхад зоригжуулж байна. Энэ бол аз жаргал, мөнхийн амьдралд хүрэх зам юм. Бурхан бидэнд дуулгавартай дагах хүч чадлыг өгч чадахгүй гэсэн ямар ч зарлигийг өгөөгүй юм. Түүний хүүхдүүддээ зориулсан Авралын төлөвлөгөө нь энэ бөгөөд уг төлөвлөгөөг тунхаглах, үнэнийг заах, Түүний Хүү Есүс Христийн эрхэм зорилгын төлөө Бурханыг магтах нь бидний үүрэг юм. Христийн Цагаатгал нь биднийг гэм нүглээсээ уучлагдах боломжтой болгосон ба Түүний амилалт нь бидэнд үхэшгүй байдал болон ирэх амьдралын баталгааг өгдөг юм. Ирэх амьдрал нь мөнх бус амьдрал дахь бидний үзэл бодлыг чиглүүлж, үхэшгүй байдалд бид Түүний адислалуудыг хүлээн авахад зохистой байж болохын тулд Бурханы хуулиудыг сахиж амьдрах бидний төгс шийдвэрийг бататгаж өгдөг юм.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Баярлалаа.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.