Иосеф Смит Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг анх үүсгэн байгуулсан бөгөөд тус сүмийн анхны ерөнхийлөгч юм. Тэрбээр хамтран ажилладаг таван хүний хамт 1830 оны 4-р сарын 6-ны өдөр Нью Йоркийн Фейеттед сүмийг албан ёсоор үүсгэн байгуулжээ. Тэр 1844 оны 6-р сарын 27-нд бусдын гарт амиа алдах хүртлээ сүмийг удирдаж байсан юм. Энэ хугацаанд сүмийн нийт гишүүдийн тоо 6-аас 26000 болтлоо өссөн юм.
1 / 2 |
1800-аад оны дундуур, Бостоны амбан захирагч бөгөөд олны танил зохиолч, нийтлэлч Жозая Күинси бичихдээ “Энэ тив дээр өөр хэн нэгний хэзээ ч хийж байгаагүй бөгөөд ард түмнийхээ оюун санаа, хувъ заяаг өөрчлөх тэрхүү гайхалтай зүйлийг ямар агуу америк хүн хийсэн юм бол? гэсэн асуулт хэзээ нэгэн өдөр магадгүй тавигдах байх. Тэгвэл тэр бол мормон бошиглогч Иосеф Смит юм! гэвэл зарим хүмүүст инээдтэй санагдаж магадгүй, гэвч энэ бол үнэн зүйл юм” гэжээ.
Бага Иосеф Смит 1805 оны 12-р сарын 23-нд Вермонтын Шарон хотхонд Иосеф болон Люси Мак Смитийн гэр бүлд төржээ. Тэднийх маш ядуу тариачин айл байсан бөгөөд 11 хүүхдээс 9 нь амьд үлдсэн ба тэрбээр 5 дахь хүүхэд нь байжээ. Тэдний гэр бүл сургалтын төлбөрийг нь төлөх чадваргүй байсан учраас Иосеф зөвхөн 3 жил л ёс төдий сурчээ. Тэрбээр ах, эгч, дүү нартайгаа ихэвчлэн гэртээ гэр бүлийн Библээс суралцдаг байсан байна.
Иосефын найз Парли Пратт түүнийг 6 фийт (183 сантиметр) гаруй өндөртэй, “бие бялдар сайтай, хүчтэй, сэргэлэн цовоо, цайвар үс, цэнхэр нүдтэй, багахан сахалтай” нэгэн байсан хэмээн дүрсэлжээ. Тэрээр “угийн хөгжилтэй” зантай бөгөөд хүүхдүүдтэй тоглох, барилдах дуртай мөн хүчээ үздэг тэмцээн болох “саваа таталцах” тоглоом тоглодог байсан аж. Иосефыг Огайогийн Көртландад байх үед уулзсан нэгэн хожмын үеийн гэгээнтэн түүний талаар “Тэрбээр миний төсөөлж байсан Бурханы бошиглогч шиг харагдаагүй. Гэхдээ тэр нөхөрсөг, хөгжилтэй, нүдэнд дулаахан, сайхан хүн байсан. Тэр надад маш их таалагдсан” хэмээн бичсэн байна.
Иосеф 7 настайдаа нутагт нь тархсан гэдэсний хижиг өвчнөөр өвджээ. Хэдийгээр тэр 2 долоо хоногийн дараа эдгэрсэн ч хөлнийх нь ясанд өвчний халдвар үлдсэн байна. Халдварыг нь цэвэрлэсэн ч үлдэцтэй байсан болохоор эмч түүний хөлийг тайрах хэрэгтэй хэмээн хэлжээ. Иосефын ээж түүний хөлөнд хагалгаа хийхийг дахин нэг удаа ятгаснаар эмч түүний хөлөн дэх халдвартай ясыг ямар ч мэдээ алдуулах тариагүйгээр, эмнэлгийн бус орчинд эмчилсэн байна. Өвдөлтийг мэдрэхгүйн тулд архи уухаас болон орондоо хүлж баглуулахаас тэр татгалзаж, аавдаа тэврүүлэн, мэс ажилбарыг дуусгажээ. Хэдийгээр түүнээс хойш 3 жил тэрээр суга таяг тулж, амьдралынхаа туршид бага зэрэг доголж алхдаг байсан ч бүрэн эдгэж чадсан юм.
Иосеф Смит 1827 оны 1-р сарын 18-нд Эмма Хэйлтэй гэрлэжээ. Тэд 17 жил хамт амьдрахдаа 11 хүүхдийн эцэг эх болсон ба тэдний хоёрыг нь өргөж авчээ. Иосеф, Эмма нарын эхний гурван хүүхэд төрөөд цаг ч бололгүй нас барцгаасан байна. 1831 онд тэд ихэр хүүхдүүд өргөж авсан ба тэдний нэг нь нэг нас хүрэхээсээ өмнө нас баржээ. Дараагийн 12 жилд Эмма 6 хүү төрүүлснээс 4 нь амьд үлдэж, хамгийн бага нь Иосефыг нас барснаас хойш 5 сарын дараа төржээ.
Сэргэн мандалтын үеийн олон шашны номлол дунд будилсан 14 настай Иосеф 1820 оны үед Нью-Йорк муж улсад амьдарч байхдаа Шинэ Гэрээнээс нэгэн эшлэл олж уншаад ойд очиж, залбирчээ. Бурхан, Есүс Христ хоёр өөрт нь хэрхэн үзэгдсэнийг Иосеф дүрслэхдээ “Өөрийнхөө чанх орой дээр нарнаас илүү хурц гэрэлтэй гэрлэн багана над руу алгуурхан доош бууж ирэхийг би харлаа” гэсэн байдаг. Мөн тэрбээр тэрхүү гэрлэн дунд буй хоёр хүнийг харсан ба тэдний нэг нь Иосефыг нэрээр нь дуудан, нөгөө рүүгээ зааж, “Энэ бол миний Хайртай Хүү. Түүнийг сонс!” хэмээсэн гэж бичжээ. Сүмийн гишүүд энэхүү үйл явдлыг “Анхны Үзэгдэл” хэмээн нэрлэдэг. Энэхүү үзэгдэл Иосефыг үүрд өөрчилсөн бөгөөд Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн үзэл баримтлал болсон байна. Үүнээс хойш Есүс Христийн Сүмийг дахин сэргээх ажил эхэлсэн билээ.
Иосеф Смит нь Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээг хөрвүүлэгч гэдгээрээ алдартай билээ. Иосеф тэнгэр элч Моронайн заавраар Нью-Йоркийн Палмирагийн ойролцоо байдаг жижигхэн толгод руу очин, эртний бичмэлийг олж авсан хэмээн сүмийн гишүүд итгэдэг. Энэхүү бичмэл нь алтан ялтсууд дээр сийлэгдсэн байсан ба Христийн амьдарч байх үеийн Америк тив дээрх хүмүүсийн түүхийг агуулсан байна. Иосеф энэхүү бичмэлийг гурван сарын дотор орчуулсан ба 1830 онд Нью-Йоркт И. В. Грандин хэвлэлийн газарт Мормоны Номыг анх хэвлүүлжээ.
Хэдийгээр Иосеф фермер байсан ч гэсэн редактор, хувиараа бизнес эрхлэгч хүн байсан юм. Өсч хөгжиж буй сүмийг удирдаж байхдаа Иосеф олон улсад номлолын ажлын хөтөлбөрийг зохион байгуулж, одоо дэлхий дээрх хамгийн том эмэгтэйчүүдийн байгууллагуудын нэг болсон Халамжийн Нийгэмлэгийг үүсгэн байгуулжээ. Тэрээр гурван хот барьж босгох бүтээн байгуулалтыг хянаж, хоёр ариун сүмийн барилгын ажлыг удирдсан ба энэ үедээ өөрийнх нь байгуулсан гурван хотоос сүмийн гишүүдийг хөөж гаргасан нутгийн дээрэмчдийн асар их хавчлагатай нүүр тулж байсан юм.
Хэдийгээр засгийн газарт удаа дараа, бүр олон удаа хандаж байсан ч гэгээнтнүүдийн шашны болон Америк улсын иргэний хувиар эдлэх иргэний эрх зөрчигдсөөр байсан тул сүмийн удирдагчид Иосеф Смитийг Нэгдсэн Улсын ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр 1844 оны 1-р сард зарлажээ. 5-р сар гэхэд Иосеф Иллиной мужийн Науву хотын хурлаар албан ёсоор нэр дэвшсэн байна. Түүний мөрийн хөтөлбөр нь шашны болон иргэний эрхийн төлөө хавчлагатай нүүр тулахын тулд засгийн газрын оролцоог эрэлхийлсэн байсан. Иосеф болон түүний ах тэр жилийнхээ 6-р сард дээрэмчдийн гарт амь үрэгдсэнээр Иосефыг төрийн албан тушаалд өрсөлдөхийг нь таслан зогсоосон юм.
Иосеф болон түүний ах Хайрум нарыг 1844 оны 6-р сарын 27-нд 150-200 орчим дээрэмчин буудан алсан юм. Тэд хуулинд захирагдан, өөрсдийгөө хүлээлгэн өгсний дараа эх орноосоо урван тэрсэлсэн, бослого гаргасан хэмээх гүтгэлгийн улмаас Иллиной мужийн шоронд хоригдсон билээ. Иосеф 38 настай, Хайрум 44 настай байсан юм. 6-р сарын 28-нд Иосеф, Хайрум нарын цогцсыг 10000 орчим гашуудсан хүнд харуулсан бөгөөд маргааш нь дээрэмчдийн доромжлол, халдлагаас зайлсхийн нууцаар оршуулжээ.
Өнөөдөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн тоо 14 саяыг давжээ. Хожмын үеийн гэгээнтнүүд Мосе, Исаиа зэрэг Библийн үеийн бошиглогчдыг хүндэлдэг шигээ Иосеф Смитийг бошиглогч хэмээн хүндэлдэг.