Сэдэв

Итгэл эвдэх аргаар залилан мэхлэх

АНУ-ын хөрөнгийн зах зээл ба хамгаалалтын комисс нь итгэл эвдэх аргаар залилан мэхлэх явдлыг дараах байдлаар тодорхойлдог.

Итгэл эвдэх аргаар залилах гэдэг нь шашны эсвэл үндэстэн ястны бүлгүүд, өндөр настан эсвэл мэргэжлийн бүлгүүд зэрэг тодорхой бүлгийн гишүүдийг онцолж чиглэдэг хөрөнгө оруулалтын залиланг хэлдэг. Итгэл эвдэх аргаар залиланг үйлдэгчид нь ихэвчлэн тухайн бүлгийн гишүүд байдаг ба аль эсвэл тэд — гишүүн мэт дүр эсгэдэг—. Тэд ихэвчлэн аливаа шашны эсвэл бүлгийн нэр хүнд бүхий удирдагчдын итгэлийг олж, залилангийн хөрөнгө оруулалтаа хууль ёсны бөгөөд үр ашигтай байх болно гэж итгүүлэхээр уг төлөвлөгөөнийхөө талаар дэл сул үг тараадаг. Олон тохиолдолд тэдгээр удирдагч нь залилан үйлдэгчийн санамсаргүй хохирогч болдог.

Эдгээр залилан нь ямар нэг ижил зүйлд нэгдсэн бүлэг хүмүүсийн итгэл, нөхөрлөлийг ашигладаг. Олон бүлгийн илүү нягт зохион байгуулалтаас болж зохицуулагчдад эсвэл хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудад итгэл эвдэх аргаар залилан явагдаж байгааг илрүүлэхэд хэцүү байж болох юм. Хохирогчид нь ихэвчлэн зохих хуулийн байгууллагад мэдэгдэж, хууль ёсны арга хэмжээ авахуулахын оронд бүлэг дотроо зохицуулах гэж оролддог. Ялангуяа залилан үйлдэгчид нэр хүндтэй олон нийтийн болон шашны удирдагчдыг бусдыгаа хөрөнгө оруулалтанд нэгдэхийг уриалахад ашигласан тохиолдолд тэд зохих хуулийн байгууллагад мэдэгддэггүй.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн зарим гишүүд бусад шашны болон уялдаа холбоо бүхий нийгэмлэгүүдийн гишүүдтэй адил энэ төрлийн залилангийн хохирогчид болсон юм. Заримдаа гэмт хэрэгтэн нь сүмийн гишүүд байдаг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд бусадтай шударга харилцахыг заалгадаг бөгөөд ийм залилан үйлдэгчдэд сүмээс оногдуулж болох хамгийн ноцтой сахилгын арга хэмжээ болох гишүүнчлэлээс хасах хүртэлх арга хэмжээг авч болно. Зарим шударга бус хүмүүс итгэл нэгт сүмийн гишүүдийн итгэлийг эвдэж, залилж байсан учраас Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагчид энэ төрлийн залилангаас болгоомжлохыг сүмийн гишүүддээ байнга анхааруулсаар байгаа билээ.

2008 оны хоёрдугаар сард Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл нь Америкийн Нэгдсэн Улс болон Канадын бүх мормон цуглаануудад уншиж танилцуулах дараах захидлыг бичсэн юм.

Залилан ба ухаалаг бус хөрөнгө оруулалтын талаарх мэдээллүүд нь биднийг гишүүддээ санхүүгийн асуудалдаа хянамгай хандахыг дахин зөвлөхөд хүргэлээ.

Сүмийн зарим гишүүд санхүүгийн тооцоотой амьдарч, өр ширнээс зайлсхийн, шаардлагатай үед хэрэглэхэд зориулсан хадгаламжтай бай хэмээх үргэлж өгдөг удирдамжийг үл ойшоож байгаад бид санаа зовж байна. Хөрөнгө оруулахдаа ухаалаг байж, хариуцлагатай бөгөөд найдвартай санхүүгийн байгууллагуудад хандах хэрэгтэй. Өөрт нь итгэсэн хүнийг ашиглан, эрсдэлтэй эсвэл бүр залилангийн хөрөнгө оруулалтад болон хуурамч бизнест татан оруулж буй хүмүүс байгаад бидний санаа мөн зовж байна.

Хэдийгээр хөрөнгө оруулалт бүр нь эрсдлийг дагуулдаг ч энэхүү эрсдлийг дараах байдал ба санхүүгийн батлагдсан зарчмуудаар хянах боломжтой байдаг. Үүнд: нэгдүгээрт, хэрэгцээгүй өрнөөс зайлсхийх, ялангуяа худалдан авалтын өр; хоёрдугаарт хөрөнгө оруулахаасаа өмнө зохих ёсны зөвшөөрөлтэй санхүүгийн зөвлөхөөс зөвлөгөө хүсэх; гуравдугаарт ухаалаг байх зэрэг багтана.

Удирдагчид эдгээр зарчмыг тогтмол зааж мөн дурдаж байхыг бид хүсч байна.

Үүнээс гадна сүмийн удирдагчид орон нутгийн цуглаан гэх мэт бусад нөхцөлд ч эрсдэлтэй хөрөнгө оруулалт ба залилангийн аюулын тухай олон жилийн турш сүмийн гишүүдэд үргэлжлүүлэн анхааруулсаар байна. Энэ сэдвийн талаар сүмийн удирдагчдын хэлсэн үгсээс цөөн хэдэн жишээг дурдъя:

Жозеф Б. Вөртлин, “Дэлхийн өр шир, Тэнгэрлэг өр шир (Earthly Debts, Heavenly Debts)”, Ensign, 2004 оны 5-р сар, 40
Биднийг асар их гунигт автуулах шунал болон амиа хичээсэн байдлын талаарх түүхийг бид цаг үргэлж сонсдог билээ. Бид залилан, авсан зээлээ төлөхгүй байх болон санхүүгийн луйвар, дампуурал … гэх мэтийн тухай сонсдог. Бид бол үнэнч шударга хүмүүс. Бид өрөө төлж, бусад хүмүүстэй үнэнч шударга харьцаатай байхад итгэдэг.

Иосеф Б. Вөртлин, “Personal Integrity”, Ensign, 1990 оны 5-р сар, 30
Сайн мууг ялган танихын тулд Христийн Сүнсийг хүлээн авсны хувьд бид үргэлж сайныг сонгох хэрэгтэй билээ. Хэдийгээр залилан, луйвар, арга заль ба хоёр нүүр гаргах явдал зэрэг нь ихэнхдээ манай дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг боловч бид төөрөлдөх шаардлагагүй юм. Худал хэлэх, хулгай хийх, хуурах явдал нь хэвийн үзэгдэл болоод байна. Шударга үнэнч байдал, ёс суртахууны болон ёс зүйн жишгүүдийн хамгийн сайн, чанд баримтлал нь жинхэнэ хожмын үеийн гэгээнтний амьдралд нэн чухал юм.

M. Рассэлл Баллард, “Амьдралын эрэлт хэрэгцээг тэнцвэртэй хадгалах нь (Keeping Life’s Demands in Balance)”, Ensign, 1987 оны 5-р сар, 13
“Санхүүгийн аюулгүй байдалд хүрэхэд хялбар арга зам гэж байхгүй. Аливаа хөрөнгө оруулалтын саналд бүрэн шинжилж судлахгүйгээр хүнд мөнгөө итгэж өгч болохгүй. Манай хүмүүс өмч хөрөнгөө бусдад итгэж өгснөөс хэт их мөнгө алдаад байна. Миний бодлоор, бидний санхүү найдвартай хяналтан дор байхаас нааш бидний амьдрал тэнцвэртэй байдалд хэзээ ч орж чадахгүй.”

Даллин Х. Өүкс, “(Brother’s Keeper),” Ensign, 1986 оны 11-р сар, 20
“Өндөр албан тушаалтан мэт дүр эсгэн хулгайлах нь залилан бөгөөд энэ нь гүйлгээ болгоны чухал баримтын талаар худлаа хэлж, ашиг авдаг хэрэг юм. Залиланг үйлдэгч нь уран цэцэн үг хэлтэй, ая тал зассан зан ааштай хүмүүс байдаг ба эрсдэл ихтэйг нь мэдсээр байж, хэлэлгүйгээр хөрөнгө оруулалт руу хөршөө татан, хуурч мэхэлдэг. Залилангийн хэргийн нотлох баримт олддоггүйн улмаас энэ нь хэн нэгнийг буруутгахад хэцүү гэмт хэрэг болдог. Гэвч хүмүүний хуулийн дутагдлууд нь Бурханы хууль тогтоомжийн дор зөрчил үйлдэх эрх чөлөөг олгодоггүй. Тэдний залилан мэхлэх арга нь энэ амьдрал дахь шийтгэлээс тэднийг чөлөөлж болох ч цагаан цамц, зангиатай боловсон залилагчид эцэстээ ил гарч, шийтгэгдэх болно.”

Марвин Ж. Аштон, “Зоригтой бай ( Be of Good Cheer ),” Ensign, 1986 оны 5-р сар, 66
“Хурдан баяжих” төлөвлөгөөнөөс зайлсхийж, санхүүгийн эрхшээлд орох гай зовлонгоос ангижрахыг орчин үеийн бошиглогчид биднээс хүсдэг. Бидний олонх нь агуу зүйлсийн талаар мөрөөдөн, эдийн засгийн сүйрэлд оруулж мэдэх зүйлсийг хийж эхэлдэг талаар бид хангалттай хэлж яриагүй байж магадгүй. Эцэст нь хамаг юмаа алдсан хойноо бид хамт оролцсон хүмүүс рүүгээ буруугаа чихдэг. Бид өөрсдийгөө хуурч мэхэлчихээд баяртай байх нь хэцүү. Бид сайн дураараа залилан, луйврын золиос болчихоод сүүлд нь өр ширэнд орох үедээ гайхаад байх шаардлагагүй юм. Их мөнгөний алдагдал амссан хүмүүсийн хэлсэн үгсийг олон жилийн турш сонсоход тэдний ихэнх нь цөхрөнгөө баран, “Намайг хуурчихлаа” гэж хэлдэг. Ихэнхдээ миний зүрх сэтгэл, оюун ухаан мөн Сүнс минь “Тийм ээ, та өөрөө өөрийгөө хуурчихлаа” гэж хуваалцахад намайг өдөөдөг байв. Бид бүгд тэргүүнээ өргөж, бидний бодол санаа болон мэдэгдээгүй байгаа нэн чухал зүйлс маань биднийг хааш нь аваачиж байгааг харах хэрэгтэй болдог. Өөрийгөө хуурч мэхлэх нь өөрийнхөө алдаанд бусдыг буруутгах боломжийг бидэнд олгодог.

Жэймс И. Фауст, “Шударга зан, олон ариун журмын эх (Integrity, the Mother of Many Virtues ),” Ensign, 1982 оны 5-р сар, 47
Шаргуу ажил хөдөлмөр болон арвич хямгач байдлын үр дүн нь зохих найдвартай хөрөнгө оруулалт хийхэд хөтөлдөг. Баталгаатай сайн хөрөнгө оруулалт нь олон жилийн шаргуу ажилтай тэнцдэг бөгөөд бидний хийж буй бүх зүйлд тодорхой эрсдэл бий. Гэвч өндөр эрсдэлтэй, үндэслэлгүй, итгэхэд хэцүү, ердийнхөөс хэт өндөр ашиг өгөх тодорхой бус амлалттай хөрөнгө оруулалтуудыг маш болгоомжтойгоор судалж үзэх хэрэгтэй. Сүмийн удирдагчид эрсдэлтэй санхүүгийн бирж дээр тоглохын эсрэг байхыг эртнээс анхааруулсан байдаг. Бригам Янгийн “Их Эзэн надад ямар нэгэн зүйлийг илчилсэн бол тэр нь Израилийн ахлагчид эрсдэлтэй санхүүд аз туршихаа болиод дуудлагат ажил үүргүүдээ гүйцэтгэх хэрэгтэй гэдгийг надад харуулсан хэрэг юм” гэж хэлжээ.

Ерөнхийлөгч Натан Элдон Таннэр манай үеийнхэнд “Хөрөнгө оруулалтын зээл нь гэр бүлийн аюулгүй байдлыг эрсдэлд хүргэхгүйгээр найдвартай баталгаатай байх ёстой. Зөвхөн таамаг дэвшүүлж, аз туршсан хөрөнгө оруулалт хийж болохгүй. Таамаглалын сүнс нь биднийг хэт их хөөрөгдөж, өөрийгөө хянах чадваргүй болгож чадна. Илүү ихийг олж авах гэсэн, хяналтаа алдсан шунаг хүслээс болж, олон хүний амьдрал сүйрсэн байдаг. Бид өнгөрснөөсөө суралцаж, материаллаг зүйлсээ нэмэгдүүлэх гэсэн шунаг хүсэлдээ цаг хугацаа, эрч хүч, эрүүл мэндээ боолчлуулахаас зайлсхийхэд суралцах болтугай” хэмээн хэлсэн байдаг.

Марвин Ж. Аштон, “Энэ нь хор хөнөөлгүй (This Is No Harm ),” Ensign, 1982 оны 5-р сар, 9
Ямар ч үг хэлэхгүйгээр үр дүнтэй худлаа ярьж болно. Заримдаа толгой дохисноор эсвэл чимээгүй байснаар ч мэхэлж болно. Эргэлзээтэй бизнест хөрөнгө оруулалтыг санал болгох, санхүүгийн бүртгэлийн дэвтэрт хуурамч данс бүртгэл оруулах, зусардалтыг тойруу замаар ашиглах эсвэл бүх холбогдох мэдээ баримтуудыг ил гаргахгүй байх зэрэг нь худлаа ярихын хэд хэдэн төрөл юм.

Нэн даруй шийдвэр гаргахыг эсвэл тэр даруй бэлэн мөнгө өгөхийг хүссэн хүмүүсээс зайлсхий. Бүх үр ашигтай хөрөнгө оруулалтын боломжууд нь сайтар судалж, бодож зөвлөлдөх боломжийг олгодог. Бид боломжтой бүх баримт бичгийг судалж, сайтар бодож үзээд дараа нь хамгийн оновчтой гэсэн шийдвэрээ гаргах ёстой. Зайлшгүй тохиолдол, нөхцөл байдал гарах үед хувь хүний шударга үнэнч зан нь ямар ч шийдвэр гаргахад чухал үндэс суурь байх ёстой. Аль нь зөв үйлдэл болох нь тодорхой биш байвал хувь хүний шударга байдал нь бусдын мэдэж чадаагүй холбогдох асуудал эсвэл баримтыг мэдэж, танихад биднийг хөтлөх болно. Шударга үнэнч хүн бусдыг шударга байхад нь туслах болно. Үнэнч шударга хүн асуулт асууж, үнэн зөв хариултуудыг өгөх болно. Үнэнч шударга байдал нь үйлдэл хийхээс өмнө зөв шударга хувийн харилцааг өөртэйгөө байгуулахад биднийг бэлдэх боломжтой байдаг.

Ухаалаг хүн хуурамч бардамналаасаа болж өөрийгөө ёс суртахуунгүй хүмүүсийн хохирогч болгодоггүй. Асуулт асууж, нэмэлт мэдээлэл хайхад хуурамч бардамнал нь саад болсноос болж хүмүүс ихэвчлэн залилуулдаг. Хөрөнгө оруулагч нь үнэндээ хөрөнгө оруулахыг санал болгож буй хүний амнаас гарч байгаа хуурамч үгсийг ойлгохгүй байсан ч санаа зовсондоо эсвэл боловсролгүй мэт харагдахаас ичсэндээ ойлгож буй мэт толгойгоо дохидог. “Тэр нь юу гэсэн утгатай вэ?” “Ямар ямар эрсдэлүүд байна вэ?” “Ямар бэрхшээлүүд байгаа вэ?” “Компани ямар түүхтэй вэ?” “Сайн үйл ажиллагааг нь батлах гэрчүүд байна уу?” зэрэг нь асуувал зохих асуултууд юм. Хөрөнгө оруулалт хийхэд урьж буй хүмүүс нь энгийн мэт санагдах боловч цаанаа ойлгоход хэцүү нарийн утга учиртай “нөхөн төлөөс”, “хамгаалалт”, “чөлөөлөгдсөн”, “түрээс”, “халхавч”, “татваргүй”, “тусгаарласан”, “хойшлуулж болох” зэрэг үгсийг хэрэглэж байвал хөрөнгө оруулагч маш болгоомжтой байх хэрэгтэй.

Хэрэв өөрийн туршлага дээр үндэслэн ухаалаг шийдвэрт хүрч чадахгүй бол мэргэжлийн, итгэлтэй зөвлөхүүдээс зөвлөгөө авсан байх ёстой. Хүлээж чадахгүй эсвэл судалж хянах хугацаа байхгүй гэсэн санал дэвшүүлэх нь үнэ цэнэгүй юм.

“Хууран мэхлэлтээс зайлсхийх замаар гэр бүлийн санхүүг хамгаалах (Protecting Family Finances by Avoiding Fraud),” Ensign, 2008 оны 6-р сар
(Дээрх холбоосоос нийтлэлийг бүрэн эхээр нь үзнэ үү.)
 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагчдын өгсөн анхааруулгууд нь залилангийн аюулын талаар гишүүдэд тодорхой захиас өгсөн байгаа. Дэлхий даяарх сүмийн удирдагчдын өгсөн уг зөвлөгөөг сайн дурын орон нутгийн удирдагчид нийт цугларагсад, хувь хүмүүс, гэр бүлүүдэд орон нутгийн хэмжээнд ойр ойрхон сануулдаг билээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.