Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд лацдан холболт гэдэг үг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон тэдний хүүхдүүд үүрд мөнхөд хамтдаа нэгдэхийг хэлдэг. Энэ лацдан холболт нь зөвхөн ариун сүмд л санваар буюу Бурханаас өгсөн эрх мэдэл бүхий эрэгтэй хүнээр гүйцэтгэгддэг. Хожмын үеийн гэгээнтнүүдийн итгэл үнэмшлээр бол хэрвээ хувь хүмүүс Есүс Христийн сургаалын дагуу амьдарвал лацдан холболтоор энэхүү гэр бүлийн харилцаа нь үхлийн дараа ч гэсэн үргэлжлэх болно гэсэн үг юм. Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд энэ дэлхийд болон үүрд мөнхөд хоёуланд нь хамгийн чухал нэгж болох гэр бүл нь Бурханы төлөвлөгөөний хамгийн гол цөм болдог.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн мормон ариун сүмд гэрлэх ёслолыг лацдан холболт гэж нэрлэдэг. Дараа нь энэ хосоос төрсөн хүүхдүүд нь эцэг эхтэйгээ автоматаар холбогдсон гэж үздэг. Гэрлэснийхээ дараа сүмд орсон хосууд эсвэл бусад шалтгааны улмаас ариун сүмд гэрлээгүй хосууд хожим ариун сүмд хамтдаа лацдан холбогдох боломжтой билээ. Тэр үед эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ лацдан холбогдож болдог. Энэ лацдан холбох ёслолыг нас барсан хүмүүсийг төлөөлүүлэн хийлгэж болдог ба тэгснээрээ гэр бүлүүдийг удам угсаатай нь нэвт холбож өгдөг.
1 / 2 |
Есүс Христ лацдан холболтын талаар Шинэ Гэрээн дээр Өөрөө ярьсан байдаг:
“Есүс Цезарь Филипийн нутагт очих үедээ шавь нараасаа -Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна? гэж асуув …
Симон Петр: -Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв.
Есүс түүнд хариуд нь, Бариона Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин Тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм.
Би мөн чамд хэлье, Чи бол Петр. Энэ хадан дээр би Өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.
Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрүүдийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно” (Maтай 16:13, 16–19).
Хожмын үеийн гэгээнтнүүд Петрт өгсөнтэй адил эрх мэдэл нь Иосеф Смитэд 1829 онд өгөгдсөн бөгөөд одоогийн бошиглогч, ерөнхийлөгч Томас С. Монсонд хүртэл дамжуулагдсан байдаг гэж итгэдэг. Зөвхөн бошиглогч л лацдан холбох хүчийг бусад хүнд өгдөг бөгөөд ямар ч цаг үед харьцангуй цөөхөн хүн энэ эрх мэдлийг атгадаг юм.