Сэдэв

Мормончууд гэж хэн бэ?

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд (Мормончууд хэмээн нэрлэгддэг) — бизнес, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, улс төрийн бүлгэмүүд, засгийн газар, соёл урлаг болон хэвлэл мэдээллийн салбаруудын бүхий л түвшинд байдаг.

Newsweek сэтгүүл хожмын үеийн гэгээнтнүүдийн зан байдлын талаар: “Мормончууд хаана амьдардгаасаа үл шалтгаалан бие биедээ санаа тавьдаг хэсэг бүлгүүдийн гишүүн нь байдаг бөгөөд Мормон сургаалаар бол хүн бүр сайхан сэтгэлийн тохинуулагч, хүн бүр бусдын төлөө болон бусдаар ямар нэгэн аргаар сайн зүйлийг хийх мөн хийлгэхээр итгэмжлэгдсэн байдаг. Энэ нь 21-р зууны халамжлах гэрээ юм” хэмээн дүрсэлжээ.

Энэхүү халамж нь зөвхөн сүмийн гишүүдээр хязгаарлагдахгүй, цааш дэлгэрсэн байдаг. Сүмийн ерөнхийлөгч Томас С. Монсон: “Сүмийн хувьд бид зөвхөн өөрийн хүмүүст үйлчлээд зогсохгүй Их Эзэн Есүс Христээсирдэг ахан дүүсийн сүнсээр дэлхий даяарх сайн санаат хүмүүст хүрч үйлчилдэг билээ” гэж хэлсэн юм.

 

Гишүүнчлэл

Сүмийн гишүүнчлэлийг 14 сая гаруй хүн бүрдүүлдэг бөгөөд тэдний ихэнх нь Нэгдсэн Улсаас гадна амьдардаг. Түүнчлэн Нэгдсэн Улс дотроо энэ нь дөрөв дэх том сүм юм. 1830 онд ердөө зургаахан хүнтэйгээр Нью Йорк мужийн дүнзэн байшинд даруухнаар байгуулагдаж байснаас хойш гишүүнчлэлээрээ болон нөлөөгөөрөө өсөн нэмэгдсээр байгаа билээ.

Эрхэм зүйлс

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Есүс болон түүний дагалдагчдын зааж байсан Шинэ Гэрээн дэх Христийн шашны сэргээлт юм. Энэ нь протестант, евангель, католик эсвэл ортодокс сүм биш. Гэсэн хэдий ч сүмийн дэмждэг ёс суртахуун, хүндлэл болон гэр бүл зэрэг эрхэмлэдэг зүйлс нь бусад Христийн сүмийнхтэй ижил төстэй байдаг. Сүмийн гишүүд дэлхийн эргэлзээт байдлаас хоргодох газрыг найдвар болон аз жаргалын сайн мэдээний захиас дундаас олдог. Амьдралд тэнгэрлэг зорилго байдаг бөгөөд Бурхан хүн бүрд санаа тавьдаг мөн зөв сонголтоор дамжуулан сайжрах чадвар хүн болгонд байдаг хэмээх үнэн бодит байдал нь Мормон сургаалын үндсэн сэдэв юм.

Итгэл үнэмшил

Хожмын үеийн гэгээнтнүүд бидний хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг болох Бурханд итгэдэг. Тэр бидний сүнсний Эцэг болохоор бүх хүн түүний хүүхдүүд бөгөөд бүгдээрээ ахан дүүс юм. Тэрээр хүн төрөлхтнийг нүглээс гэтэлгэхийн тулд өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн. Сүмийн гишүүд Аврагчийн заасан зүйлсийн дагуу амьдрахыг хичээдэг ба бүх хүн хувийн илэрхийлэлт хүлээж авах эрхтэй. Бурхан эрт дээр үед дууддаг байсны адил өнөө үед ч шинэ дагалдагч болон бошиглогчдыг дууддаг бөгөөд тэднээр дамжуулан өөрийн үгийг илчилдэг. Тиймээс Бурхан хүн төрөлхтөнтэй харилцдаг хэвээр билээ. Мормончууд Ариун Библийн Хуучин ба Шинэ Гэрээнд хоёуланд нь итгэдэг. Түүнээс гадна өөр бусад судруудыг ч ашигладаг. Үүнд Христийн тохинууллын болон түүний бурханлаг байдлын бас нэгэн гэрч болох Мормоны Ном багтдаг. Эдгээр судруудыг хамтад нь ашигласнаар Бурханы мөн чанар, аврал хийгээд Цагаатгал зэрэг чухал асуултуудыг ойлгох боломжтой юм.

Боловсрол

Сүмийн эрхэмлэдэг чухал зүйлсийн нэг нь боловсрол юм. Энэ нь иргэний боловсролтой адил сүнслэг хэрэгцээнд тооцогддог. Тиймээс өмнөх ерөнхийлөгч Гордон Б. Хинкли “Их Эзэн энэ сүмийн хүмүүс судлахаар мөн түүнчлэн итгэлээр суралцах хэрэгтэй, зөвхөн хамгийн чухал болох сүнслэг мэдлэгийг биш түүнчлэн иргэний мэдлэгийг эрэлхийлэх хэрэгтэй хэмээн тэдэнд зарлигласан” гэжээ. Сүм өсвөр үеийнхэндээ боловсрол эзэмших өргөн бололцоог олгодог. Семинар нь ахлах сургуулийн сурагчдыг амьдралын сүнслэг сорилт бэрхшээлүүдэд бэлтгэдэг дөрвөн жилийн хөтөлбөр юм. Шашны институт нь коллежийн насны залуучуудыг шашны ерөнхий заавраар болон нийгмийн орчин ахуйгаар хангадаг. 132 орны 700000 гаруй суралцагч энэхүү хөтөлбөрт хамрагддаг.
Үүнээс гадна хөгжиж буй орнууд дахь сүмийн залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг боловсрол болон төлөвшилт эзэмших арга замаар хангахын тулд сүм Тасралтгүй Боловсролын Санг байгуулсан. Ихэнх нь сүмийн гишүүдийн хандиваас бүрддэг энэхүү сан нь эх орондоо болон улс нийгэмдээ сургуульд суралцаж, ажиллах боломжийг олоход нь туслахаар оюутнуудад зээл олгодог юм.

Шүтлэг бишрэл

Ням гараг бүр дэлхий даяар 177 улс орон, үндэстэн, бүс нутгийн 28000 гаруй цуглаанд хожмын үеийн гэгээнтнүүд шүтлэгийн ёслол хийхээр цуглардаг. Дэлхий даяарх олон цуглааны тухайн газрын хэрэгцээнд нийцүүлсэн эдгээр шүтлэгийн ёслолууд нь 180 гаруй хэл дээр явагддаг бөгөөд зочдыг найрсгаар хүлээн авдаг юм.

Номлолын ажил

Дэлхий даяарх сүмийн өсөлт нь зарим талаар, сайн мэдээг боломжтой газартаа буюу гудамжинд мөн хүмүүсийн гэрт нь заадаг 52000 гаруй бүрэн цагийн сайн дурын номлогчийн үйлчлэлийн үр дүн байдаг. Гэхдээ энэ нь өсөлт хөгжилтийн түүхийн зарим хэсгийг л өгүүлдэг. Сэргээгдсэн сайн мэдээ нь амьдралын хамгийн гүн гүнзгий асуултуудад хариулт өгдөг учраас найзууд болон танилууддаа хандуулдаг сүмийн гишүүдийн халамж хийгээд нээлттэй байдал нь өсөлтийг хурдасгадаг хүчин зүйл болдог юм.

Гэр бүл

Ерөнхийлөгч Томас С. Монсон саяхан өв тэгш гэр оронг дүрслэхдээ: “Бидний гэр хоргодох газраас илүү дээр байх хэрэгтэй. Гэр нь Бурханы Ариун Сүнс оршиж болохуйц, хаалган дээр нь шуурга намждаг, хайр хаанчилж, амар амгалан оршдог газар байх хэрэгтэй. Дэлхий заримдаа амьдрахад аюултай газар байж болох юм. Нийгмийн ёс суртахууны материал түгшүүртэй хурднаар сиймхий болж байна” гээд цааш үргэлжлүүлэн, энэ бол гэр бүлүүд болон хувь хүмүүс ялах боломжтой, даван гарч чадах бэрхшээл юм. Тиймээс улам ихээр хагарч буй нийгэмд гэр бүлээ хүчирхэгжүүлэхийн ач холбогдол нь хамгийн чухал зүйл билээ. Аливаа соёл иргэншлийн хөгжил цэцэглэлтэнд шаардлагатай эрхэм зүйлс нь хамгийн түрүүнд бүхэл бүтэн нийгмийг сайжруулахын тулд эхнэр нөхрүүдийн хамтдаа хөдөлмөрлөдөг, нийгмийн суурь нэгж болох гэр бүлд заагддаг. Сүмийн заадаг зүйлс болон хөтөлбөрүүд нь гэр бүлийг бэхжүүлэхээр зохиогдсон байдаг. Энэрэл, золиослол, тэвчээр хийгээд уучлалтын ариун журмыг эрхэмлэсэн цаг үе нь нийгмийг өсөн дэгжих боломжтой болгодог юм. Тэдгээрийг гэртээ судлах нь хамгийн үр дүнтэй гэсэн билээ.

Зохион байгуулалт

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Шинэ Гэрээний үед Христ Өөрийн сүмийг зохион байгуулсантай ижил төстэй арга замаар зохион байгуулагдсан. Энэ нь сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилдэг бошиглогчоор удирдагддаг. Тэрээр хоёр зөвлөхтэй бөгөөд тэдгээр гурван удирдагч хамтдаа Тэргүүн Зөвлөлийг бүрдүүлдэг. Бүх дэлхийд Есүс Христийн онцгой гэрч болдог арванхоёр төлөөлөгч Тэргүүн Зөвлөлд тусалдаг. Удирдагчид Арванхоёр Төлөөлөгчийн чуулгад тусалдаг, дэлхий даяарх олон бүс нутагт үйлчилдэг Далыг дууддаг. Орон нутаг дахь цуглаанууд бишопоор удирдуулдаг. Сүм дэх эмэгтэйчүүдийн гол байгууллага бол 1842 онд байгуулагдсан Халамжийн Нийгэмлэг юм. Өнөөдөр энэ байгууллагад 170 гаруй орны 18 болон түүнээс дээш насны 5,5 сая гаруй эмэгтэй харьяалагддаг.

Сайн дурын удирдлага

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн орон нутгийн удирдлага цалинтай шашны ажитнуудаас биш, шаардлага хангасан, сайн дурын гишүүдээс бүрддэг. Залбирал болон сүнслэг өдөөлтөөр сонгогдсон эдгээр удирдагчид сүм дэх байр суурийн төлөө хөөцөлддөггүй харин үйлчлэлийн сүнсээр “дуудлагууддаа” хариу өгдөг. Гишүүд цуглааныхаа олон дуудлагад үйлчлэхээр удирдагчдаараа дуудагддаг. Энэ хамтын үйлс нь сайн дурын гишүүд ээлжлэн ёслол дээр номлож, сонсож, дуу удирдаж, дуулж, зөвлөгөө өгч мөн авдаг гэсэн утгатай. Тэдний үйлчлэл бусдыг адисалж, хувийн өсөлт хөгжил рүү удирддаг. Энэхүү зохион байгуулалтын бүтэц нь гэр бүлийг хүчирхэгжүүлэхээс гадна цуглааны бүрэн утга учрыг дэмжиж, бие биенийхээ төлөө хүлээн авдаг ижил төстэй үүрэг хариуцлагаар дамжуулан харилцах хүмүүний хүслийг хангадаг.

Нийгмийн бүлэг

Сүм гишүүдийнхээ амьдардаг газрын нийгмийн бүлгүүдийн үйл ажиллагаануудад идэвхтэй оролцдог. Нийгэмд тулгарч буй ёс суртахууны асуудлууд дээр байр сууриа олох үүрэг хариуцлагатай ч улс төрийн тавцанд сүм төвийг сахисан байр суурийг чанд баримталдаг. Сүмийн үүрэг бол улс төрчдийг дэмжих биш, Есүс Христийн сайн мэдээг номлох юм. Улс төрийн намууд ба нэр дэвшигчдийг эсвэл улс төрийн байр суурийг баталж, сурталчилж эсвэл эсэргүүцдэггүй бөгөөд харин сүмийн эрхэмлэдэг зүйлс эдгээрийн нэг бүрд оршиж болно гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч гишүүдээ асуудлуудтай танилцаж, сонгуульд саналаа өгч, нийгэмдээ хариуцлагатай иргэд байхад нь урамшуулдаг билээ. Цаашлаад сүм улс төрийн үйл явцад аливаа мэдээллийг хүлээн авч, соёлтой байдлаар оролцохыг гишүүдээсээ хүсдэг ба сүмийн гишүүд өөр өөр туршлага, нөхцөл байдалтай байдаг гэдгийг ч мөн хүндэтгэн үздэг.

Хүндэтгэл ба хүлээцтэй байдал

Ерөнхийлөгч Монсон саяхан соёлтой байдлын болон хүндэтгэлийн сүнсээр сүмийн гишүүдэд хандан илүү их шашны ойлголттой мөн хүлээцтэй байхыг хүсэж, “Би сүмийн гишүүдийг хаа газрын бүхий л хүмүүст сайхан сэтгэл, хүндлэлийг үзүүлээсэй хэмээн урамшуулж байна. Бидний амьдардаг дэлхий олон талтай. Бидний итгэлээс өөр итгэлтэй хүмүүст бид хүндлэлийг үзүүлж болох бөгөөд үзүүлэх хэрэгтэй” гэжээ.

Хүмүүнлэгийн үйлчлэл

Ерөнхийлөгч Монсон 2008 оны 2-р сарын 4-нд сүмийн ерөнхийлөгч болсныхоо дараах анхны хэвлэлийн бага хурал дээр улс төрийн асуудлаарх хамтын ажиллагааны ач холбогдлыг: “Хожмын үеийн гэгээнтнүүд бид бүгд амьдарч буй газрынхаа нийгэмд идэвхтэй байж, бусад сүмүүдтэй болон байгууллагуудтай хамтран ажиллах үүрэгтэй. Миний гол санаа бол ганцаар буй хэн нэгний сул талыг үгүй болгож, хамтран ажиллаж буй хүмүүсийн хүчирхэг байдлаар орлуулах нь чухал гэж би боддог” гэж онцлон тэмдэглэсэн билээ. Дэлхий дахинаа үзүүлдэг сүмийн энэрлийн үйл ажиллагаанууд нь бусад сайн санаат байгууллагуудын болон сүмүүдийн хамтын ажиллагаагаар гүйцэлддэг юм.

Зөвхөн 2007 онд гэхэд л сүм 5 улсад болсон газар хөдлөлт, 6 улсад болсон гал түймэр, 18 улс дахь өлсгөлөн, 34 оронд болсон үер болон гэнэтийн шуурганд тусламж үзүүлсэн билээ. Сүм болон сүмийн гишүүд тухайн оны — бараг хоёр өдөр тутамд болсон 170 гаруй гамшигт туслалцаа үзүүлсэн байна. Энэхүү дэлхий нийтийг хамарсан агуу их ажлыг хийх гол өдөөлт нь олон жилийн өмнө Есүсийн өгсөн “хөршөө өөрийн адил хайрла” гэсэн энгийн нэг удирдамж билээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.