Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчийн хөтөлбөр нь сүмийн хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн онцлог шинжүүдийн нэг нь юм. Мормон номлогчдыг дэлхийн зуу зуун томоохон хотын болон мянга мянган жижигхэн суурингийн гудамжинд харж болно.
Номлогчдын хичээл зүтгэл нь номлогчид хоёр хоёроороо үйлчилж, сайн мэдээг заан, итгэгчдэд Есүс Христийн нэрээр баптисм хүртээх Шинэ Гэрээний номлогчдын загварт үндэслэсэн юм (жишээ нь Петр, Иохан нарын ажлыг Үйлс номоос харна уу).
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд яг нэг цаг үед 50000 гаруй номлогч үйлчилж байна. Ихэнх нь 25-аас доош насны залуу хүмүүс бөгөөд тэд дэлхий даяар байдаг 350 орчим номлолд үйлчилж байна.
1 / 2 |
19-25 насны ганц бие эрэгтэйчүүд, 21-ээс дээш насны ганц бие эмэгтэйчүүд эсвэл тэтгэвэртээ гарсан хосууд номлогч болж болно. Номлогчид нь номлолдоо ижил хүйсний хамтрагчтайгаа хамт, харин настай хосуудын хувьд эхнэр эсвэл нөхрийн хамт ажилладаг. Ганц бие эрэгтэйчүүд нь 2 жил, ганц бие эмэгтэйчүүд нь 18 сарын турш үйлчилдэг.
Номлогчид сүмийн удирдах газраас томилолтоо хүлээн авдаг бөгөөд тэднийг зөвхөн засгийн газар нь сүмийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн улс орнууд руу илгээдэг. Номлогчид өөрсдөө хаана үйлчлэх хүсэлтээ гаргадаггүй мөн шинэ хэл сурах шаардлагатай эсэхээ урьдчилан мэддэггүй.
Номлогчид томилогдсон газар руугаа явахаасаа өмнө дэлхий даяар байдаг номлогчийг бэлтгэх 17 төвийн нэгд бага зэрэг хугацаа зарцуулдаг. Тэд тэнд сайн мэдээг дэс дараалалтай, ойлгомжтой аргаар хэрхэн заахад суралцдаг ба хэрэв шаардлагатай бол заах хүмүүсийнхээ хэлийг сурч эхэлдэг. Номлогчийг бэлтгэх хамгийн том төв нь Ютагийн Провод байрладаг бөгөөд мөн Аргентин, Бразил, Чили, Колумб, Бүгд Найрамдах Доминикан Улс, Англи, Гватемал, Япон, Мексик, Шинэ Зеланд, Перу, Филиппин, Испани, Өмнөд Солонгос зэрэг орнуудад номлогчийг бэлтгэх төвүүд бий.
Эрэгтэй номлогчдыг “ахлагч”, эмэгтэй номлогчдыг “ эгч (систэр)” гэж нэрлэдэг.
Номлогчдын ердийн өдөр нь хувийн сургалтаа хийхийн тулд өглөөний 6:30-д сэрснээр эхэлдэг. Тэд өдрийг товлосон уулзалтууддаа очин, гэр бүлүүдэд айлчилж, гудамжинд болон олон нийтийн газар хүмүүстэй уулзах зэргээр хүмүүст номлож өнгөрөөдөг. Номлогчид оройны 10:30 гэхэд тухайн өдрийн ажлаа дуусгадаг.
Дэлхийн зарим хэсэгт номлогчид зөвхөн хүмүүнлэгийн болон бусад тусгай номлолд үйлчлэхээр явдаг. Тэдгээр номлогчид сургаал номлодоггүй.
Номлолын ажил сайн дурынх байдаг. Номлогчид — номлолынхоо үйлчлэх газартаа очих болон тэндээс буцах тээврийн хэрэгслийн зардлаас— бусад зардлаа өөрсдөө санхүүжүүлдэг бөгөөд үйлчлэлийнхээ төлөө цалин хөлс авдаггүй.
Энэ үйлчлэлийнхээ хугацаанд гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоо барих явдал нь захиа бичих болон онцгой тохиолдолд гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярих зэргээр хязгаарлагддаг. Номлогчид номлолд байх хугацаандаа үзвэр үйлчилгээ, үдэшлэг цэнгүүн болон энэ насны хүмүүст нийтлэг байдаг бусад үйл ажиллагаанаас зайлсхийснээр бусдад Есүс Христийн сайн мэдээг заахад болон бусдад үйлчлэхэд бүрэн төвлөрч чаддаг.